Шулах арга нь нарийссан “Шулагч”барилгынхан
2014/03/27
Иргэдийн орон сууцанд амьдрах эрэлт хэрэгцээтэй болон орон сууцны зээл гарсантай холбоотойгоор сүүлийн үед орон сууцны барилга барих ажил хүчээ авч, энд тэндгүй барилгуудыг барих болсон.
Өндөр өндөр барилга, орон сууц ар араасаа сүндэрлэх болсон нь сайшаалтай бөгөөд гэр хорооллын айл өрхийн тоо багасах хандлага бий болж буй юм. Мөн зарим иргэдийн хувьд байранд орж л байвал том жижиг өрөөтэй юу гэдгийг нь хамааралгүйгээр орон сууц худалдан авдаг болсон. Гэвч энэ байдлыг далимдуулан орон сууцны барилгын үйл ажиллагаа явуулдаг компаниуд орон сууцны барилгын доторх талбайг илүү хэмжээгээр тооцох тохиолдол нилээдгүй гардаг. Орон сууцны метр квадратыг хэрхэн тооцох аргачлал тодорхой бус байгаагаас иргэд хохирох явдал цөөнгүй байна. Угтаа бол орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлал гэсэн стандартыг стандарт хэмжилзүйн үндэсний газраас гаргасан. Тиймээс барилгын доторх сууцны талбайг энэ стандартын дагуу хэмжих ёстой юм. Сууцны талбайн нэг өрөөг хэмжихдээ дотор ханаас дотор хананд хэмждэг бөгөөд өрөөний уртын хэмжээг өргөний хэмжээнд үржүүлснээр нийт талбай гардаг Хуучны орон сууцны барилгын талбайг хэмжихэд такт болон харанхуй өрөө, хонгил ордоггүй байсан бол 2009 оны стандартын дагуу ариун цэврийн өрөө, такт болон зэргийг сууцны талбайд оруулахаар заасан байдаг байна. Энэ стандартад сууцны нийт талбайг, тактыг хэрхэн тооцож хэмжих вэ гэдэг талаар тодорхой зааж өгсөн байдаг байна.
Түүнчлэн барилга, нийтийг хамарсан орон сууцны норм, стандартын тухай журам 2010 оноос шинэчилсэн хэлбэрээр хэрэгжиж эхэлсэн байдаг байна. Энэ журамд ашиглалтын талбай буюу том өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө зэргийг хананаас хананы хоорондох хэмжээгээр тооцож нэг метр квадратыг нь үнэлдэг байхаар тусгасан. Харин худалдаж авсан үнийн дүнгийн хэмжээндээ хүрэхгүй, метр квадрат нь дутуу байгаа тохиолдолд илүү төлсөн мөнгөө буцаан гаргуулах боломжтой аж. Өөрөөр хэлбэл анх гэрээ хийхдээ тохирсон хэмжээ ашиглалтад орох үедээ багассан тохиолдолд төлсөн мөнгөнийхөө зөрүүг буцаан авах боломжтой гэсэн үг юм. Тэгвэл өнөөдөр ийн хэмжээ багассан асуудал гарсаар байгаа хэдий ч мөнгөнийхөө зөрүүг авч чадахгүй байгаа иргэд ч олон бий. Тухайлбал: Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 айлын орон сууцны метр квадрат нь дутуу гэсэн гомдлын мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тусгай хэмжилт хийсэн байна. Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ц. Сүрэнцэцэгийн таван давхар орон сууцны метр квадрат дутуу гэсэн гомдол ирсний дагуу ШӨХТГ-аас хэмжилт хийх гэсэн боловч тухайн компани өөрсдөө хийе гэсэн санал ирүүлсэн бөгөөд ШӨХТГ-аас тусгай зөвшөөрөлтэй хэмжилтийн компаниар хэмжилт хийлгэ гэсэн зөвлөгөө өгсөн байна.
Үүний дагуу иргэн Ц.Сүрэнцэцэг өчигдөр тусгай зөвшөөрөлтэй компаниар хэмжилт хийлгэсэн бөгөөд хэмжилтийн дүнд айл бүрээс 5-9 метр квадрат дутсан байна. Оршин суугчдын хувьд хохиролоо 100 хувь барагдуулна хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд иргэн Ц.Сүрэнцэцэгийн хувьд иргэдийн хохиролыг барагдуулж ажиллахаа илэрхийлсэн байна. ШӨХТГ-т одоогийн байдлаар орон сууцны метр квадратын асуудлаар 500 орчим иргэдээс гомдол ирсэн байна. Эдгээр хохирлын хэмжээ 2,1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 500 сая төгрөгийн хохиролын хэмжээг барагдуулаад байгаа юм байна. Энэ мэтчилэн барилгын квадрат хэмжээ дутах асуудал энгийн нэгэн үзэгдэл мэт болсон ба чанарын хувьд ч муу байгааг иргэд хэлж байна. Учир нь шинэхэн баригдсан орон сууц худалдан авч ороход төд удалгүй нурж эхэлдэг байна. Үүнийг барилгын компанид нь хэлэхэд өөрсдөө анхааралтай байхад яадаг юм хэмээн загинах хандлагатай хариу өгдөг байна. Ингээд барилгыг барисан компани нь тус гэмтлийг засварлаж өгөх бус өөрийгөө өмөөрч байгаа тул иргэд тэрхүү байрандаа өөрсдийн хөрөнгөөр дахин засвар шинэчлэл хийдэг байна.
Энэ нь эдийн засгийн хувьд гарлагатай бөгөөд орон сууц худалдан авч буй иргэдийг луйвардсан хэрэг болоод буй юм. Түүнчлэн барилгынхан эрэлт ихэсч буй энэ үед ямар ч шалтгаангүйгээр орон сууцны үнийг нэмэгдүүлж байна. Энэ нь ипотекийн зээлтэй холбоотой буюу зээл журмаар орон сууцтай болох иргэдийн тоо нэмэгдэж орон сууцны эрэлт мөн өсч байгаа энэ үед тэд шуналаа дарж дийлэлгүй үнийг нэмсээр буй юм.
Гэвч тэрхүү өндөр үнэтэй орон сууц нь худалдан авсаны дараа чанараа таниулж байна. Чанаргүй муу орон сууцыг маш өндөр үнэтэй авсан иргэд буцаах ч хэцүү, засварлуулах ч хэцүү болж өөрсдийн хөрөнгө мөнгөө дахин түүнд зарцуулж байгаа юм. Тиймээс дээрх асуудлуудад анхаарал хандуулж нэг бүрчлэн шалгах шаардлага зайлшгүй бий болоод байна.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/03/28
Ter oron suuts huleen avch baigaa ulsiin komiss mergejiliin hyanalt yugaa hiideg ym be? gerchilgee olgoj baigaa bol terendee hyanalt ***lgaltaa hiih yostoi bizdee? zugeer hunii ugeer bichsen toogoor ni gerchilgee gedeg zuil uguh yosgui met!!!