"Цагаан лавай" энтертайнмент төвийн захирал, “Миний цэцэн хурга”  хүүхдийн жүжгийн ерөнхий продюссер  Ц.Цагаанхүүтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Цагаан лавай чуулга шинэ уран бүтээлийн нээлтээ хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээр хийх гэж байгаа юм байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Манай чуулга хүүхдэд зориулсан шинэ уран бүтээл “Миний цэцэн хурга”  гээд  дуулалт бүжгэн жүжиг тайзнаа  амилуулан  энэ оны гуравдугаар сард нээлтээ хийх гэж байна. Үнэхээр ажлын ачаалал өндөр  байна. Шинэ уран бүтээл туурвина гэдэг асар их оюуны  болон биет үйлдвэрлэл явагддаг.

Бүх уран бүтээлчид, найруулагч, удирдлагын баг хоорондоо нягт холбоотой байж,  уран бүтээлээрээ хөглөгдөж, санаа оноогоо ярилцаж, инээд хөөр, жаргал баясал,  бухимдал, бүтээл хийхийн  шаналал гээд  бүх л зүйл ид өрнөж байна. Уран бүтээл гэдэг бол уран бүтээлч  хүмүүсийн сэтгэл, оюун санаа, онгодоос гардаг их гайхалтай зүйл л дээ. Сэтгэл, зүтгэл тэвчээрийнхээ цаана гарч гэмээн хүнд хүрсэн сайхан бүтээл төрдөг. Манай уран бүтээлчид хүүхэд бүхний сэтгэл зүрхэнд хүргэх хүүхэд насных нь гэгээн  дурсамжыг бүтээх тайзны бүтээл туурвина гээд  энэ хүүхдийн  жүжгээр амьсгалж байна. Тун удахгүй үзэгчдээ хүргэхээр хүүхдүүд багачууд минь үзээд бидний ажилд үнэлгээ өгнө дөө.

-Энэ уран бүтээлийн онцлог, ямар утга агуулгыг өгүүлэх вэ?

-Энэхүү уран бүтээл бол монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн өхөөрдөм хурганы адал явдлын тухай өгүүлэх бүтээл. Монгол ардын үлгэрийг судлаад байхад үнэхээр хүүхдэд сургамж, ухаарал, хүмүүжлийг  олгох  цаанаа гүн утга философитой  байдаг.  

Хэдийгээр хүүхдэд сонирхолтой  ан амьтан, хурга чоно,  олон дүрүүдийг гаргаж сонирхол анхаарлыг нь  татаж, тоглолт үзүүлэх гэхээсээ илүүтэйгээр уран бүтээл гэдэг цаана ямар нэгэн санааг өгөх нь их чухал лдаа.  Энэ жүжгийг хүүхэд багачууд үзсэнээр  нүүдлийн соёлтойгоо танилцах,  аливаа зүйлийн буруу зөвийн ялгаа, байгаль эх эх дэлхийгээ хайрлах, адал явдал дунд ямар ухаан  залиар эрсдэлээс өөрийгөө хамгаалах, энэрэнгүй сэтгэл,  тус ч байхын ач тус, сайхан сэтгэлийн тухай гээд олон зүйлийг дамжуулж ойлгуулах утга агуулга, зорилготой хүүхдийн тайзны бүтээл юм.

Хүүхэд гэдэг хамгийн гэгээлэг  ертөнц. Яг л хүүхэд насандаа үзсэн зүйл, дурсамжыг том болсон ч хадгалж байдаг. Монголчууд маань хүн болох багаасаа хүүхэд болох унаганаасаа гэж ярьдаг.    Бага насандаа ойлгосон ойлголт ухаарал,  насан хүрсэн ч дагаж, үзэл бодол, амьдралын зарчим нь нөлөөлж  байдаг юм уу гэж  бас хувь хүнийхээ хувьд  боддог.  Би багадаа суманд өссөн болохоор хөдөөний амьдралтай их ойр л доо.  Ер нь монгол хүүхэд монгол ахуй соёлтойгоо ойр байх,  нүүдэлчдийн уламжлал түүхээ мэддэг байх, үндэсний үзэл,  урлаг соёлын хүмүүжил гэдэг хүүхдэд их чухал.

Эртний монголчууд үр хүүхдээ үлгэрээр дамжуулж, хүмүүжүүлж ухааруулж байсан гэдэг шүү дээ. Одоо бол үлгэр уншиж өгдөг аав ээжүүд цөөрсөн байх, ядаж ийм төрлийн тайзны бүтээлийг хүүүхдүүдээ хөтлөж очоод театрт  үзүүлдэг байх хэрэгтэй.  Магадгүй таны хүүхэдтэй хэлж ойлгуулаагүй, мэдрүүлээгүй зүйлийг энэ жүжиг ойлгуулж ч  болох юм.

-"Миний цэцэн хурга" дуулалт бүжгэн жүжигт ажиллаж байгаа уран бүтээлчдийн талаар ярьвал?

-Манай зохиогчдын баг бол маш туршлагатай өмнө нь олон хүүхдийн тайзны бүтээл дээр ажиллаж   байсан баг хамт олон. Ялангуяа манай чуулгын захирал,  найруулагч, Д.Ганболд таван хошуу төл малаар хүүхдэд зориулсан "Эрх цагаан унага", "Ишиг хөөрхөн нэр", "Ижил хоёр ботго" гээд  гурван жүжгийн их театрын тайзнаа амилуулж байсан чадварлаг найруулагч ажилласан. 

Энэ жүжгийн хөгжмийн зохиолчоор  О.Чинбат, CТА бүжиг дэглээч О.Ууганбаяр,  CТА, ЦДБЭЧ-ын бүжиг дэглээч, ,гүйцэтгэх зураач Ч.Батболд бүжгийн багш Б.Ариунтулга, СТА, хөгжмийн багш П.Цогтбаяр гээд чадварлаг уран бүтээлийн баг ажиллаж байгаа учраас миний хувьд энэ бүтээлийг сонирхолтой, өвөрмөц, орчин үе, цаг үеээ мэдэрсэн, хүүхэд багачууддаа өгөөж, үр дүнгээ өгөх, чанар чансаатай бүтээл болно гэдэгт итгэл дүүрэн хүлээж сууна.

Тиймээс  энэхүү бүтээлийг  нийгэмд хүргэх, хүүхэд багачууддаа үзүүлэх гээд менежмент, маркетингийнхаа багтай  сайн ажиллах, олон газартай хамтын ажиллагаа хийж өргөн хүрээнд хүүхдүүддээ хүрч ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Хүүхэд багачууддаа зориулсан бүтээл туурвиж байгаад талархаж байна. Ер нь төрөөс хүүхдэд зориулсан уран бүтээлийн дэмжлэг хэр байна вэ. Зардал санхүүжилт босгож ажиллана гэдэг уран бүтээлчдэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал?

-Манай чуулга хэдийгээр хувийн хэвшлийн чуулга ч  соёл урлагийн үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд оюун санааны том хөтөч болж,  нийгэмдээ хүрч ажиллах нь чухал гэж боддог.

Бидний хувьд уран бүтээлийн энэ том зардлыг босгож ажиллана гэдэг амаргүй л дээ. Бид ямарваа нэг газраас уран бүтээлийн  санжүүлжилт, дэмжлэг  бол одоогоор аваагүй л  байна. Мэдээж дэмжлэг хүсэж, энэхүү бүтээл дээр хамтран ажилллах төр,  хувийн хэвшлийн олон газар руу  санал өгсөн байгаа. Янз бүрийн хэлбэрээр дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллагууд ч бий. 

-Шинэ уран бүтээлийн хөшиг хэзээ нээгдэх вэ?

-2020 оны ирэх гуравдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ. Өдөр тайзнаа тоглогдож бүтэн сарын хугацаанд үзэгчдийн хүртээл болно.  Эхний ээлжинд Улаанбаатар хотын хүүхэд бүрт хүрч ажиллах бөгөөд  Хүүхдийн урлан бүтээх төв, Төмөр замын соёлын ордон, Хан Уул дүүргийн соёлын ордон, Жанжин клубын тайз, РНЦК тайз гээд олон газрын тайзнаа тавигдах  төлөвлөгөөтэй.

-Цагаан лавай чуулга өвлийн жуулчдад тогтмол уран бүтээлээ хүргээд удаж байна. Та бүхний дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу  байна вэ?

-Манай чуулга  өвөл тогтмол тоглолттой байгаа ганц  мэргэжлийн чуулга. Өвөл ирдэг жуулчин мэдээж бага. Заримдаа зааланд сууж байгаа үзэгч нэг, хоёр хүн үзэж байгаа харагддаг.  Гэсэн ч бид тэднийгээ үзэхээр ирсэн байгааг нь хүндэтгэж тоглодог.

Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө  уран бүтээлийн багынхантай сайн ярилцаж,  зах зээлийнхээ судалгаагаа хийж байж төлөвлөнө л дөө. Ер нь Цагаан лавай чуулга залууст зориулсан хайр сэтгэлийн тухай мюзкил бүтээл туурвил хийх, туйлийн их хүсэл бий. Цаг нь ирэхээр хэлье.

Энэ жилийн хувьд бид жуулчдын хөтөлбөр дээрээ шинэчлэл хийх, баяжуулах, шинэлэг хөтөлбөрүүд гаргаж ажиллах, гадаад зах зээлээ тэлэх өргөжүүлэх гээд олон ажлуудыг санаачилсан.

-Удахгүй багачуудын хүртээл болох "Миний цэцэн хурга" дуулалт бүжгэн жүжигт нь амжилт хүсье.

-Баярлалаа.