Ц.Шинэбаяр:С.Дэмбэрэл, С.Оюун нар 350 сая төгрөгөөр УИХ-д суусан
2014/03/29
УИХ-ын гишүүн асан, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр телевизээр ярилцлага өгсөн нь олны анхаарлыг татав.
Нэгдүгээрт, тэрээр ойрд хэвлэл мэдээллээр ярилцлага өгөөгүй. Тодотговол, хүчний байгууллагынхны өөдөөс салаавч өгөн, түүнээс болж, тэнсэн харгалзах ял авч шуугиан дэгдээснээс хойш ийнхүү олны өмнө гараагүй учраас сонин байсан болов уу. Хоёрдугаарт, Ц.Шинэбаяр нэлээд олон сэдвийн хүрээнд задгайдуу ярьсан нь олны анхааралд оруулсан байх. Гуравдугаарт буюу хамгийн ноцтой нь улстөрийн намуудын тухай хуулиар дэлгэрэнгүй ярьж, тэр тусмаа улстөрийн намын санхүүжилтын тухайд нэлээд ноцтой гэмээр зүйлсийг дурдсан.
Чингэхдээ тэрээр “төрийн эрх барьж байгаа АН болон сөрөг хүчин МАН-ынхнаас өнгөрөгч сонгуулиар нэр бүхий арав арван хүн тус бүртээ нэг тэрбум төгрөг өгч, нэр дэвших эрх буюу намын жагсаалтад багтсан. Мөн нэр бүхий арав гаруй хүн тус бүртээ 500 сая төгрөг өгсөн. АН-ынхан бүр нэр дэвшиж буй 200 гаруй хүнээ жагсааж байгаад 50 сая төгрөг тус бүрээс нь авсан. МАХН-ынхан ч адилхан. Нэр бүхий хүмүүс жагсаалтад дээгүүр эрэмблэгдэхийн тулд их хэмжээний мөнгө өгсөн” гэх зэргээр нэр усгүй, ямар нэгэн баримтгүй зүйл ярьсан. Харин нэр дурдаж, тодорхой мөнгөн дүн хэлсэн нь УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарыг тэрээр нэрлэв. Тэгэхдээ тэрээр “ИЗН ч адилхан сонгууль болж, жагсаалтад дээгүүр эрэмблэгдэх хүн байна уу гэхэд С.Оюун, С.Дэмбэрэл нар тус бүртээ 350 сая төгрөг өгч жагсаалтын нэг хоёрт бичигдсэнээр УИХ-ын гишүүн болсон” хэмээн шуудхан л ямар ч эргэлзээгүй хариулсан. Мөн тэрээр “Манай УИХ гадна дотны хүмүүсийн захиалгаар хууль баталдаг болсон” хэмээсэн. Магадгүй, өөрөө УИХ-ын гишүүн байсан бөгөөд өдгөө улстөрийн хүчнийг толгойлж байгаагийн хувьд элдэв баримт сэлт цуглуулдаг байх. Тодотговол баримт олсон байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш өнөөх салаавчныхаа хэргийн араас хүн гүтгэсэн хэрэгт ч татагдаж болохоор зүйл ярив. Эрх баригчдын дургүйг хүргэвэл түүнийг зүгээр орхихгүй л болов уу. Түүний өөрийнх нь хэлснээр 350 сая төгрөг өгч УИХ-ын гишүүн болсон С.Дэмбэрэл, С.Оюун нарын хувьд ч зарга үүсгэхэд болохгүй зүйл алга.
zochin · 2014/03/30
Ene unen bhaa odoo ugsun munguu oloh geed zavgui bga yum bndaa