БНХАУ-ын Ухань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр дэгдсэн  титэмт вирусыг  2003 онд гарсан амьсгалын замын халдварт өвчин сарстай төстэй болохыг харуулсан хоёр шинэ шинжилгээг хийсэн байна.

Халдварт энэ өвчнийг нарийвчлан судалсан шинжилгээний ажлыг “Nature” сэтгүүлд нийтэлсэн аж.  Шинжилгээг хийсэн эрдэмтэд  титэмт вирусын  эсийн 80 хувь нь сарсынхтай төстэй байгааг илрүүлжээ. Энэ хоёр өвчин нь хоёулаа сарьсан багваахайнаас гаралтай юм байна. Харин шинэ халдварт өвчний үүслийг тодорхойлохын тулд БНХАУ-ын эрдэмтэд титэм вирусын халдварыг эхний шатанд туссан өвчтөнүүдээс эсийн дээж авч шинжилжээ. Ухань хотын Вирологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд хөнгөн хатгаа туссан долоон хүнээс авсан вирусын дээжийг шинжилсэн байна.

Тэдний зургаа нь  өнгөрсөн арванхоёрдугаар сард халдварт өвчин эхэлсэн гэж үзэж байгаа  Ухань хотын Хунань захад ажилладаг аж.  “Business Insider” цахим хуудаст “Авсан дээжний 70 хувь нь хоорондоо бараг ижилхэн байсан. Шинжилгээгээр 2019-n COV нь хятад сарьсан багваахайнаас гаралтай бусад титэмт вирустай төстэй болохыг илрүүлсэн аж. Тодруулбал, генетикийн кодын 96 хувь нь тохирч байжээ.

Харин Фуданий их сургууль,  БНХАУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналтын төвөөс Уханийн захад ажилладаг амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч, халуурсан 41 настай өвчтөнөөс авсан вирустай дээжийг шинжилжээ. Үүний үр дүнд түүнд халдварласан вирусын 89 хувь нь  өмнө нь  хятад сарьсан багваахайнаас олдсон бета титэмт вирус гэж нэрлэсэн бүлэг титэмт вирусын бүлэгтэй төстэй болохыг тогтоосон байна. 

Эрдэмтэд Сарс болон Уханийн титэмт вирус хоорондоо төстэй байгаа нь эхний  халдварт өвчнийг эмчлэх боломжтой эмчилгээний арга нь хоёр дахь халдварт өвчнийг эмчлэхэд үр дүнтэй байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ онолоор үүнийг батлах ёстой бөгөөд одоогоор зөвхөн таамаглаж байгаа аж. Энэ вирусаар БНХАУ-д нас барсан хүний тоо  425-д хүрч, 20348 хүн халдвар аваад байна. БНХАУ-ын Үндэсний эрүүл ахуйн комиссоос Ухань хотод энэ шинэ төрлийн вирусын халдвар авсан хүмүүсийн тоо буурч байна гэж мэдээлжээ.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин