МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарт хүндэтгэл үзүүлж дурсамжыг нь мөнхөллөө
2014/03/31
Монголын ард түмний хайр хүндлэлийн эзэд МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нарын гэр бүлийнхэн болоод найз нөхөд нь өнөөдөр тохиож буй Инээдмийн баярын өдрөөр эрхэм уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн дурсгалыг мөнхөлж амьдарч байсан байранд нь дурсгалын самбарыг байршууллаа. Эрхэм уран бүтээлчид маань 1989 оноос эхлэн тус байранд амьдарч эхэлсэн бөгөөд амьдран буй хугацаандаа монголын ард түмний сэтгэлд хоногшсон тайз дэлгэцийн олон арван гайхалтай уран бүтээлүүдийг туурвисан ажээ.
МУГЖ Л.Жанчивдорж, МУСТА Г.Дашхүү нар нь тэртээх 1981 оноос эхлэн инээдмийн төрөл жанрыг тоглож эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд “Элдэв зураг” хэмээх хошин урлагийнхны нэгдсэн шоу тоглолтыг зохион байгуулж ирсэн түүхтэй ажээ. Ийнхүү эрхэм уран бүтээлчдийн амьдрал, уран бүтээлийн гэгээн түүх дундрашгүй, дуусашгүй үргэлжилсээр байх болтугай.