-Хүүхдүүд угаартаж амиа алдсаар байна-

Шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш угаартаж амиа алдах тохиолдол буурахгүй байна. Энэхүү түлшийг хэрэглээд угаартаж амиа алдсан анхны тохиолдлоор хоёр хүүхэд, хоёр том хүн 2019 оны аравдугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байдаг.  Тухайн үед Хордлогын яаралтай тусламжийн төвд тухайн үед 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр иргэдээс гурван гэр бүл харамсалтайн хагацал үзэв. Эл хэрэг гарсны хоёр хоногийн дараа 28 настай эмэгтэй мөн л дээрх шалтгаанаар амиа алдав. Анх хүмүүс угаартлаа, нас барлаа хэмээн мэдээлэхэд цочирдож хүлээж авдаг байсан бол өдгөө дөжирчээ.

Өдгөө зөвхөн угаартсан хүмүүсийн тоо тоймгүй болсон. Зарим нэг нь өөрийгөө угаартсаныг ч мэдэхгүй явсан тухай иргэд ярьж байна. Толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг гэр хороололд амьдарч байгаа иргэнд илрээгүй нь тун ховор гэнэ. Эхүүн сонин үнэр ханхийдэг аж. Гэтэл иргэдийн буруу болоод арчаагүй галаа зөв түлж чадахгүй байна хэмээсээр буй. Гэвч бодит амьдрал дээр утаагүй Улаанбаатар болохын тулд хүүхдүүддээ хамгийн ихээр алдсаар байна. Хамгийн сүүлд гэхэд сар шинийн өмнө гэр бүлээрээ угаартаж, бага насны хүүхэд амиа алджээ. Тухайн айл энгийн үеүдэд галаа түлдэг байснаараа л түлжээ. Ингээд орой унтахаар хэвтэж нэг л мэдэхэд ээж нь хөл гараа дийлэхгүй босох ямар ч тэнхэлгүй сэрсэн гэнэ. Утсаа арайхийж авч түргэн тусламж дуудахад гэртээ гурвуулаа угаартсан байж. Бага хүүхэд нь түргэн тусламж ирэхэд хэдийнээ хамаг бие нь хөрчихсөн, хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ээж нь ухаантай мөртлөө алхаж чадахгүй байсан ч хүүхэдтэйгээ салах ёстой гүйцэтгэхийг хүссэн байна. Энэ бүгдээ дахин ухаан алдахдаа санахгүй сэрсэн гэх.

Үрээ алдсан эхийн сэтгэлийг төр засгийнхан ойшоох нь бүү хэл, уучлалт ч хүсэхгүй сэтгэлд нь алга. Олон айл шахмал түлшнээс үүдэж хагацал үзэж байгаа нь тэдний буруу гэж үү. Талийгаач угаарын хордлоготой байжээ гэдгийг эмч нар ар гэрийнхэнд дуулгасан байдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг үү угаартаж явсаар амиа алдсан болж таарлаа. Том хүн угаартсанаас мэдэхгүй яваад байхад бага насны хүүхэд бүүр ч мэдэхгүй ш дээ. Ар гэрийнхэн нь бие, ухаан санаа нь эрүүл байгаа хүүхдээ угаартсан гэж яаж мэдэх билээ. Угаартаж ухаан алдаад амьд үлдсэн хүн дахиж угаартах нь бүү хэл эвгүй үнэрт манарах төдийд амиа алдах өндөр эрсдэлтэй гэдгийг эмч нар хэлжээ. Тиймээс угаартсан гэртээ байж болохгүй, эд хувцас хэрэглэлээ маш сайн угааж өмсөхийг зөвлөсөн байна. Ингэхээр угаартсан хүн болгон өндөр эрсдэлд орж амиа хайрлах хэрэгтэй болж таарлаа.

Гэр бүлийн хосууд хамтдаа угаартаж амиа алдахад хэргийн газар ажилласан мэргэжлийн багийнхан тухайн айлыг яндангаа аваад, өрхөө бүтээсэн байна. Учир битүүлэг хэрэгт гадны нөлөө ч байх магадлалтай хэмээн хардаж буйгаа хэвлэлийнхэнд хээв нэг яриад суудаг. 

Битүүмжилсэн зууханд шахмал түлшээ туршиж үзчихээд бүх зууханд түлж болно гээд хэрэглээнд нэвтрүүлсэн нөхдүүд одоо хаана явна, хариуцлага тооцох систем байна уу?

-Барьцалдуулагч бодис стандартын шаардлага хангасан уу-

Coal Mongolia олон улсын хурлын үеэр ХБНГУ-ын Германы Фрайбургийн Техникийн их сургуулийн менежер, судлаач Андре Шмит “Монголд үйлдвэрлэж байгаа шахмал түлшний үйлдвэртэй танилцсан. Чанарын хувьд “тиймэрхүү” санагдсан. Барьцалдуулагч нь их цагаан юм билээ. Хятадаас оруулж ирдэг гэсэн. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэж байгаа шахмал түлшинд баталгаагүй химийн хольцыг өнгө хувиргах хэмжээгээр оруулах нь аюултай. Хүсвэл илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахад тусалж болно” гэж сэтгэл түгшин өгүүлж байсныг энд эргэн сануулья. 

Харин Нийслэлийн мэргэж­лийн хяналтынхан “Сайжруулсан шахмал түлшний 95 хувь нь угаагдсан нүүрс, 2.5 хувь нь барьцалдуулагч бодис, үлдсэн хувь нь шохой, бэхжүүлэгч бай­даг. Түлшний 2.5 хувийг эзэлж буй барьцалдуулагч бодис нь импортоор орж ирдэг. Орж ирсэн цагаас эхлэн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудад удаа дараа шин­жилгээнд хамрагдсан” гэх тайлбарыг хийж байна. Барьцалдуулагч бодисын найрлагыг бор шаргал өнгийн нунтаг хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн угаартсан иргэдийн шалтгааныг тогтоохоор хэд хэдэн шинжилгээг хийсэн ч хэвийн асуудалгүй гэх хариуг хэлсэн юм.

-Шахмал түлш шатсаны дараа ямар урвалд ордог вэ-

Манай гэр бүлээс угаартаж амиа алдаагүй юм чинь хэмээн хээв нэг өнгөрөөж болохгүй цаг хэдийнээ иржээ. Угаартаж, нас барж байгаа талаар мэдээлэхээр улс төржиж байна гэсээр хэдэн сэтгүүлчдийг амыг барих болсон. 

Шахмал түлшний гол түүхий эд нь угаасан нүүрс. Гэвч түүхий нүүрсийг хэрэглэж байх үеийнхээс илүү их үнс гарч байгааг иргэд онцлох болсон юм. Агаарыг бохирдуулагч нүдэнд үл үзэгдэгч хамгийн аюултай зүйл болох тоосонцор нь үнсний хаягдал. Салхинд хийсч агаар орчинд тархах үед хүний биед нэвтрэх эрсдэлтэйг эрдэмтэд сануулж байна.

Түүнчлэн сайжруулсан түлшийг түлэхэд хамгийн хортой хэсэг нь буюу хүхэрт нэгдэл нь үнсэнд нь шингэж үлддэг гэсэн баримтыг зарим судлаачид хүртэл дэлгэсэн. Энэ талаар эргэн сануулахад  “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан “Ердийн температурт үйлдвэрлэсэн шахмал болон дулааны боловсруулалт хийгдээгүй нүүрсээр хийсэн шахмал нь хүхэрт нэгдэл харьцангуй ихээр агуулдаг. Ийм учраас түлэх үед утаагаараа дамжуулан агаар орчныг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Үүнийг багасгах нэг арга бол шахмал түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эдэд тодорхой хэмжээгээр шохой хольж шатаалтаар үүсэх SO2-ыг гипс буюу CaSO4-т хувирган шахмалын үнсэнд нь барьж үлдээх явдал болно” гэж хэлж байсан удаатай.

Тэгэхээр манай улсын хэрэглээнд нэвтрүүлсэн шахмал түлш шатаж урвалд орсны дараа юу болдог вэ? гэдгийг судлах нэн шаардлагатай байгааг дээрхээс тод харагдаж байна. Гэтэл манайд үүнийг судлах багаж төхөөрөмж байхгүй бололтой.