ЦЕГ-ын хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

-  Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж байгаа аяны талаар ярилцлагаа эхлүүлье?

-  Цагдаагийн  байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил арга хэмжээг, төр болон төрийн  бус байгууллагатай  хамтран хэрэгжүүлж  байна. Үүний үр дүнд 2019 онд  Монгол улсын хэмжээнд нийт гэмт хэрэг 12 хувиар,  хүүхэд хохирсон гэмт хэрэг  5,3  хувиар  буурсан. 

Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн хүчирхийлэгч үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хайр өвтгөдөггүй” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион явууллаа.

Дээрх арга хэмжээг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан

Арга хэмжээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр тавигдсан мэдээ, мэдээлэл, контент иргэд, олон нийтийн талархлыг хүлээж, эерэг сэтгэгдэл илэрхийлж байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн эерэг харилцаа, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал ач холбогдолтой талаар иргэдийн ойлголт, мэдлэг нэмэгдсэн.

Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар буурсан бол зөрчил 68.1, баривчлагдсан хүн 50.3 хувиар тус тус өссөн нь нуугдмал байсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил илэрч, иргэд, хохирогчдын цагдаагийн байгууллагад хандах итгэл, хандлага нэмэгдэж, хүчирхийллийг анхан шатанд нь илрүүлж, шийдвэрлэсэн үр дүн харагдаж байна.

-  Аяныг эхлүүлэхэд мэдээж хэрэг тоон судалгаа байсан болоод л эхлүүлсэн байх?

Арга хэмжээний хугацаанд буюу энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар буурсан бол зөрчил 68.1, баривчлагдсан хүн 50.3 хувиар тус тус өссөн нь нуугдмал байсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил илэрч, иргэд, хохирогчдын цагдаагийн байгууллагад хандах итгэл, хандлага нэмэгдэж, хүчирхийллийг анхан шатанд нь илрүүлж, шийдвэрлэсэн үр дүн харагдаж байна.

-  Хүүхэд гэмт хэргийн золиос болох тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 10 жилд Монгол улсад бүртгэгдсэн хүүхдийн амь насанд хүрсэн тоо, үүний шалтгаан нөхцөлийн талаар?

- Монгол улсын  Эрүүгийн хуулинд заасанд нэлээд олон төрлийн гэмт хэргийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ  хохирч байна. Сүүлийн 3 жилийн байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг 2-5 орчим хувиар буурч байгаа хэдий ч бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, зодож тарчлаах, хүүхдийн амь насыг хохироох, асран хамгаалах үүргээ үл биелүүлэх, зам тээврийн осол зэрэг байдлаас шалтгаалан хүүхэд хохирсон гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тухайлбал:

  • Баян-Өлгий аймагт 2019 оны 06 дугаар сард 5 настай хүүхдийг ээж нь гэртээ түгжиж явснаас өндрөөс унаж нас барсан.
  • Дархан уул аймагт 2018 оны 9 дүгээр сард эгч нь 3 настай дүүгээ зодож амь насыг нь хохироосон.
  • Хэнтий аймагт 2019 оны 11 сард 3 настай дагавар хүүхдээ зодож амь насыг нь хохироосон.
  • Сонгино хайрхан дүүрэгт 2020 оны 2 дугаар сард төрсөн эцэг нь өөрийн 11 настай охиноо удаа дараа хүчиндсэн.

Дээрх гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд  78.0 хувь нь гэр орон сууцанд, хамаарал бүхий, хүүхдийг асран хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. 

Хүүхэд хохирсон гэмт хэрэг нь эцэг, эх, асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага, хараа хяналт сул, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, гэр бүл салалт зэрэг шалтгаан нөлөөлж байна.  

- Хүүхдийг хүчиндэх тохиолдол сүүлийн  10 жилийн байдлаар ямар байна вэ?

- Энэ гэмт хэргийн 80 хувийг хохирогчийн хамаарал бүхий хүмүүс үйлдэж байна. Энэ хэрэг сүүлийн жилд тогтмол өсч бага болон өсвөр насны хүүхэд хохирч байна.

-  Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд цагдаагийн байгууллагаас ямар үйлчилгээ үзүүлж байна вэ?  

- Түр хамгаалах, бусад хуулиар чиг үүрэг  хүлээсэн  байгууллагад  холбон зуучлах, мөн үйлдэгдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулна.

-  Үүний шалтгаан нөхцөл, эцэг эх асран хамгаалагчид  юуг анхаарах ёстой вэ?

-  Жишээ нь, хулгайд гар утсаа алдчихвал насан туршдаа харамсахгүй. Нэг сар, нэг өдөр бодоод мартчихна. Сэтгэл санааны хохирол арилчихдаг. Бэлгийн хүчирхийлэл насан туршид нь хохирогч болгож үлдээдгээрээ эрсдэлтэй. Тэр хүний эрүүл мэнд, ирээдүйн амьдралд хохирол учруулдаг. 

Хүүхэд хамгааллын хуулиар хүүхэд таван төрөлд хамгаалагдана гэж заасан байдаг. Үүнд: 

  • Гэр бүлийн орчин
  • Боловсролын орчин
  • Эрүүл мэндийн орчин
  • Олон нийтийн арга хэмжээнд 
  • Цахим орчинд

Олон нийтийн арга хэмжээнд тухайн арга хэмжээг зохион байгуулж байгаа хүн, боловсролын орчинд боловсролын байгууллага, эрүүл мэндийн орчинд эрүүл мэндийн байгууллага хариуцлага хүлээнэ.

Харин гэр бүлийн болон цахим орчинд ээж аав, асран хамгаалагч нар хүүхдээ хамгаалах үүрэгтэй. 

Гэр бүлийн орчинд хүүхэд зоддог, хүчирхийлдэг гэмт хэрэг буурахгүй байна. Энэ гэмт хэргийг бууруулж чадвал хүүхэд хохирсон гэмт хэргийг бууруулах боломжтой.

Өнөөдөр тэгээрэй ингээрэй гэхээс илүү гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд дүн шинжилгээ хийхэд сэтгэл санааны хувьд маш их хүнд хор хохирол учирсан байдаг. Хүнд тогтсон хандлага амжилт болон сөрөг зүйлүүдийг авчирдаг юм байна. Хандлага бол хүмүүжил гэсэн үг.  

- Хүүхдийн эсрэг дээрх гэмт хэргүүдийн хуулийн хариуцлага ямар байдаг юм бол? 

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг бол эрүүгийн хуулинд заасан хамгийн хүнд яг  шийтгэдэг гэмт хэрэгт тооцогддог. Жишээ нь хүүхдийн эсрэг  хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн бол 12-20 жил бүх  насаар нь хорих ял оногдуулахаар заасан байдаг.  

-   Шинэ эрүүгийн хуулийн санкц өмнөх хуулийн хариуцлагаас чангарсан уу?

2017 онд  батлагдсан эрүүгийн  хуулиас өмнө 2002  онд  батлагдсан  эрүүгийн хууль  хэрэгжиж байсан. Энэ хуулиар бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан. Харин одоо  хэрэгжиж байгаа хуулинд энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ  гээсэн заасан хорих ялын дууд хэмжээг 3 жилээр бууруулж, дээд хэмжээг бүх насаар нь хорих  ял болгож өөрчилсөн. Мөн энэ гэмт хэрэгт Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно гэж заасан.

-  Цаашид хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулахын тулд  иргэн бүр үүргээ хэрхэн ухамсарлаж, ямар арга хэмжээ авах ёстой байдаг вэ?

Бид хүүхдүүддээ гэр бүлийн боловсрол олгох, ирээдүйн Монгол бие хүнийг багаас нь  бэлдэх хэрэгтэй байна.  Өнөөдөр монгол хүүхдийн хүмүүжлийн  байдал усанд урсаж байгаа навч шиг хэврэг байна. Бусдад уруу татагдах, гэмт хэрэг үйлдэх, ирээдүйдээ итгэл үнэмшил сул, гэр бүлээсээ авсан соёл хүмүүжил дутмаг өсч байна. 

Ер нь  энэ  хүмүүжлийг  хаанаас  авах  вэ  гэдэг  асуулт  одоо гарч ирнэ нэгт  гэр  бүлээсээ, хоёрт боловсролын  салбараас авах  ёстой  байна. Ээж аавууд хүүхдээ хайрладаг харин хайрлахад  учир  их бий.

Мөн  боловсролын тогтолцоогоор  дамжуулан  нийгмийн соёлыг  хүүхдэд  суулгаж өгөх  чухал ач холбогдолтой  байна. 

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. 

А.Баярмаа