Монгол Улсын начин А.Даваанямтай ярилцлаа.


-Таныг хаваржилт хүндэрсэн Хөвсгөл аймгийн онцгой комисст 4.5 сая төгрөгийн хандив өгсөн гэж сонссон. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Хөвсгөл аймгийн урд сумдуудаар өвөл цас их орсноос шалтгаалж хаваржилт хүндэрсэн. Тиймээс тухайн бүс нутгийн малчдад өвс хүргэх, тэдгээрийг тээвэрлэх машины бензин тос байхгүй зэрэг хүндрэлтэй асуудлууд их байсан. Тэр тусмаа Галт суманд манай ах дүүс олон байдаг. Тэгээд жаахан ч атугай тус дэм болъё гэх үүднээс хувиасаа хандив өгсөн юм.

-Бөхчүүд жудаг гэх ойлголтын талаар нэлээд ярьдаг. Таныхаар жудаг гэж юу вэ?

-Бөх гэхээр л хүн биш юм шиг, эсвэл тусгай хүн мэтээр харьцдаг хандлагад би дургүй. Тэр хүн барилддаг л юм байгаа биз. Гэхдээ нийгэмд ажлаа хийгээд л явж байгаа бусадтайгаа адилхан л хүн байхгүй юу. Тэгэхээр хүнд тустай, хүн чанартай, дүрэм журмыг сайтар баримталдаг, соёлтой боловсон байх нь л жудаг юм болов уу гэж боддог. Худлаа хэлэхгүй, муу үйл хийхгүй байх гэх мэт асуудлууд ч мөн жудаг хэмээх ойлголтод багтдаг.

-Япончуудыг дэлхий даяар зөв хандлага түгээдэг ард түмэн хэмээн хүндэлдэг. Та Япон улсад 10 жил амьдарсны хувьд япончуудын “брэнд” болгоод буй зөв хандлагыг монголчууд хэрхэн төлөвшүүлэх ёстой хэмээн үзэж байна вэ?

-Япон улс хүнийг хүн болгодог.Наад захын жишээ нь, хулгай хийхгүй, худлаа хэлэхгүй, цэвэрч боловсон байх, цаг баримтлах, гудамж талбайд нус цэрээ хаяхгүй байх зэрэг хувийн соёлуудыг Японд амьдарч байгаа бүх хүний тархинд нь суулгаад өгчихдөг. Монголчууд АТМ дээр оочерлохдоо дундын данстай юм шиг бүгдээрээ шавчихдаг шүү дээ. Эндээсээ эхлээд л өөрчлөгдөх хэрэгтэй. Хогоо хогийн саванд хийж, тамхи татаад ишийг нь хаа сайгүй шидэхгүй байхаас л зөв хандлага эхэлнэ.

-Та Японы үндэсний спорт болох “жүдо” бөхөөр хичээллэж байсан. Ер нь жүдо бөхөөр хичээллэх нь тамирчныг хүмүүжүүлдэг гэдэг шүү дээ. Энэ талаар яриач?

-Жүдо бөхдөө ч байгаа юм биш л дээ. Ер нь япон хүний хүмүүжил агуу. Цэцэрлэгээс нь эхлээд л япон хүн ийм байх ёстой гэдэг зарчмыг тархинд нь суулгаад өгчихдөг. Спорт нь Японы өв соёл.Барилдахдаа ёсолгоогоор эхэлж ёсолгоогоор дуусаад, барилдаж дуусангуутаа өрсөлдөгчөө болон багшийг нь хүндэлж байгаа энэ бүх ёсыг япон “брэнд” болгож чадаж байгаа. Жүдо бөхөөр дамжуулан, дэлхий даяар жүдогоор хичээллэж буй хүмүүсийг хүмүүжүүлж чадаж байгаа байхгүй юу. Бүх л жүдочид хаана ч тааралдсан хоорондоо бөхийж ёсолдог. Япон бол Үндэсний өв соёлоо дэлхийд түгээж чадаж байгаа улс.

-Тамирчид ялагдах үедээ тухайн агшны сэтгэлийн хөдлөлөө хянаж чадахгүй янз бүрийн таагүй эмоци гаргах тохиолдол нэлээд байдаг. Танд ялагдахаараа өөрийн сэтгэл хөдлөлөө хянах гэж хийдэг тодорхой дадал байдаг уу?

-Ямар ч үед сэтгэл хөдлөлөө хянахыг аль болох л хичээдэг. Багаас маань суусан суурь хүмүүжил надад нөлөөлдөг байх. Манай аав лам хүн учраас “хорхой ч битгий алаарай” хэмээн сургаж өсгөсөн.

 

Нутгийн бөх Улсын арслан Х.Мөнхбаатарын хамт бэлтгэл хийж буй нь.

-Спорт бол хүндлэл. Тэгэхээр өрсөлдөгчөө хүндлэх нь ч бас жудаг байлгүй?

-Бөх гэдэг өрсөлдөөний талбар. Зэрвэс харахад хувь хүн амжилт гаргаад байгаа мэт боловч, бөх бол хувь хүний спорт биш. Бөх хүний амжилтын ард багш нь, ивээн тэтгэгч, аав ээжээс нь эхлээд тэр бөхийг дэмждэг маш олон хүн байдаг. Энэ бүх хүмүүсийн ач тусыг бодож, тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаж явах ёстой. Хамгийн гол нь өрсөлдөгчөө хүндлэх хэрэгтэй. Өрсөлдөх хүн байгаа учраас л тэр бөх барилдаж байгаа шүү дээ.

-Та Японы Дайто Бунка их сургуульд бизнесийн менежмэнтийн чиглэлээр сурч төгссөн байх аа. Монголд ирээд энэ мэргэжлээрээ ер нь ажилласан уу?

-2016 оноос эхлэн “Сүлд” спорт хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн наадмаас өмнө Н.Батсуурь аваргад ажлаа хүлээлгэж өгсөн. Одоогоор хувийн ажлаа хийгээд явж байна. Би Японд сураад ирсэн учраас Японы соёлыг Монголд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа. Монголын соёлыг үгүйсгэж байгаа юм биш, гол нь Японоос суралцах зүйлс их байдаг. Монгол залуусыг Японд суралцаасай, тэнд сурч ирээд бусдадаа үлгэр жишээ хандлагатай байгаасай гэх үүднээс Япон руу хүүхдүүд зуучилж сургуульд сургах, мөн дадлагажуулах ажилтны чиглэлээр тийш нь зуучилж байгаа.

-Та тэдгээр хүүхдүүдээ ямар чиглэлийн сургуульд зуучилдаг вэ?

-Ахлах болон дунд сургуульд сурч болно. Мөн Японы их дээд сургуулиудад өөрөө мэргэжлээ сонгон суралцах боломж бий. Одоогоор 20 гаруй хүүхдийг Япон руу сургахаар явуулаад байна. Би Хөвсгөл аймгийн “Далай ван” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд япон хэлний анги нээсэн. Тиймээс Хөвсгөл аймгаасаа шууд Япон руу явж суралцах боломжийг бий болгоод байгаа. Мөн Эрдэнэтийн “Эрдмийн далай” сургуультай хамтарч ажиллаж байна. Түүнчлэн эдгээр хоёр сургууль дээр Японоос багш нар ирж хичээл заадаг.

-Та ямар зүйлийг боловсрол хэмээн тодорхойлох вэ?

-Олон сургууль төгсөх нь боловсролын үнэн хэмжүүр биш. Харин амьдралын ухаантай байх нь л боловсрол юм.

-Таныг юу аз жаргалтай болгодог юм бол?

-Би дөрвөн хүүхэдтэй. Бэлтгэлээ хийнэ, хажуугаар бас ажил хийнэ, мөн жижиг сажиг хувийн ажлаа амжуулах гээд завгүй байдаг учраас хүүхдүүдтэйгээ ноцолдох нь л намайг аз жаргалтай болгодог. Мөн сэтгэлээсээ хүмүүст тус хүргэсний дараа маш их аз жаргалтай болдог доо.

-Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Тамирчин хүн олон жил бэлтгэл хийчихээр байнга л хөлсөө гаргахгүй бол нэг л болж өгдөггүй.Тиймээс тогтмол хөлсөө гаргахыг хичээдэг. Миний тогтмол хийдэг бэлтгэл өглөө найман цагт гүйх л юм даа.

-Та бөхөөс зодог тайлсныхаа дараа юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Спортоор хичээллэдэг ирээдүйтэй хүүхдүүд юмуу эсвэл сургуульд сурах хүсэлтэй хэдий ч боломж муутай хүүхдүүдэд тусалж дэмжээд, тэдний гадаадад сурах гүүр нь болох төлөвлөгөөтэй байгаа. Би Хятад, Япон, Солонгос, АНУ зэрэг улсуудын их дээд сургуулиудтай нь холбоотой ажилладаг. Тиймээс суръя гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдэд туслах бодол байгаа.Хөвсгөл аймагт хүүхэд асрах төв байдаггүй юм билээ. Тиймээс хамтарч ажилладаг Япончууддаа тийм төв байгууллахаар санал тавьсан. Уг яриагаа удахгүй ажил хэрэг болгох төлөвлөгөөтэй байна.

-Та тамирчин хүний амжилтыг ямар өнцгөөс нь харж үнэлдэг байгаасай гэж боддог вэ?

-Тамирчид хүүхэд байхаасаа эхлээд л бэлтгэл сургуулилт хийж амжилтын төлөө зүтгэдэг. Өндөр цолтой бөхчүүдийг муулах хандлага сүүлийн үед бий болсон. Үнэндээ тэр бөх өндөр цолонд хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөж, юуг золиослов гэдэг өнцгөөс нь харах ёстой байхгүй юу. Тэр хүн гэнэт нэг өдөр барилдаад л том цолонд хүрчихээгүй шүү дээ. Үндэсний бөх Монгол өв соёлын дархлаа болох ёстой. Монгол Улсыг хаана байдаг ямар орон болохыг нь ч мэдэхгүй олон хүмүүс бий. Тэдгээр хүмүүст спортоор дамжуулан, улс орноо таниулах боломжтой.

-Тамирчин хүний урсгасан хөлс хэр үнэ цэнэтэй зүйл вэ?

-Миний хувьд 20 жил хөлсөө урсгасан байна. Яг үнэндээ би тийм том амжилтад хүрсэн хүн биш. Гэхдээ би спортод сэтгэл зүрхээ зориулж ирсэн. Одоо миний спортоос авсан зүйл гэвэл хэдэн сайхан туузтай одон медаль, эрүүл эрхтэн байхгүй тахир дутуу бие л байна даа. Өнгөрсөн 20 жилд биеэ ч үл хайрлан бүх зүйлээ спортод золиосолж дээ.

-Та өнгөрсөн хугацаанд бөхийн спортоор хичээллэсэндээ харамсаж байсан уу?

-Хэзээ ч харамсаж байгаагүй. Цаашид ч харамсахгүй. Хамгийн гол нь залуу насаа дуртай зүйлдээ зориулсан. Үүнээс цаашид бөхийн спортоо улам хөгжүүлэхэд дэмжих, залуу тамирчдад туслах, нийгэмд эерэг хандлагыг түгээж явах л бодол бий.

У.ЧИНЗОРИГ