УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорч дууслаа. 2016-2020 оны парламентад сонгогдож, ажилласан гишүүдээс 52 нь энэ удаагийн сонгуульд нэр дэвшихээр болж байна. Нэр дэвшигчид зургадугаар сарын 2-ноос албан ёсны сурталчилгаагаа эхлүүлнэ.

 Сурталчилгаа хийх боломжит хугацаа 22 хоног. Өмнөх сонгуульд 17 байсныг таваар нэмсэн ч тойрог нь хэд дахин томорсон гэдгийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хуулийн дагуу томсгосон мажоритар тогтолцоотой болсон тул өмнө нь Сэлэнгийн есөн сумаас нэр дэвшин сонгогдож байсан бол өдгөө 16 сум, суурингаар явж сонгогчдын саналыг татах их аянд мордоцгооно. Өрсөлдөгчөөсөө давж, өөрийгөө таниулна гэдэг амар зүйл биш. Тэр тусмаа тойрог томорсон энэ үед 22 хоног гэдэг шинэ, залуу нэр дэвшигчдийн хувьд муушигт “харанхуй орсон”-той л адил. Эрх баригчид өөрсдөдөө зориулан хууль баталдаг гэсэн шүүмжлэл нийгэмд бий. Тэр тусмаа Сонгуулийн тухай хууль ээлжит цикл нь ирэх бүрт улс төрийн гол хүчнүүдийн эрх ашигт нийцсээр ирсэн нь оргүй зүйл биш. Монгол Улс олон намын тогтолцоонд шилжиж, ардчилсан чөлөөт сонгууль хийдэг болох үед нэр дэвшигчийн сурталчилгааны хугацаа анх 45 хоног байв. Энэ хугацаа ээлжит сонгууль бүрээр хумигдсаар өнөөдөр 22 хоног дээр тогтоод байна.

Сонгуулийн тухай хуулийн 39.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” хэмээн заажээ. Тодруулбал, энэ нь зургадугаар сарын 2-ноос эхлэн 23-ны 00:00 цагаас өмнө сурталчилгааг дуусгана гэсэн үг. Уг нь сурталчилгааны хугацаа богино байх нь эдийн засагт хэмнэлттэйгээс гадна, улс орон даяараа улс төржих хугацааг хумьсан сайн талтай. Гэвч нөгөө талдаа шинэ, залуу нэр дэвшигчдийг сонгогчдод таниулах боломжийг хааж байгаа нь үнэн юм. Монголчууд “таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр” хэмээн ярьдаг. Энэ философиороо сонголт хийдэг тал ч бий. Гэхдээ нэгэнт баталсан хуулийн хуудууг энд дэнслээд нэмэргүй тул ингээд орхие. Харин 22 өдрийн өмнө өрнөдөг шууд бус сурталчилгааны талаар өгүүлье. Хуанлийн хоногоор тоолоод үзвэл энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 2-нд албан ёсоор эхлэнэ. 

Харин энэ хугацаа дээр шинэ, залуу нэр дэвшигчдийн хувьд эхлэл бол, УИХ-ын гишүүд, сайд нарын хувьд төгсгөлийн цэгээ хатгах өдрүүд юм. Тэр тусмаа дахин нэр дэвшиж буй гишүүдэд ээлжит сонгууль ирэх хүртэлх дөрвөн жил дотор багтах “22 хоног” бүр сурталчилгааны өдрүүд байдаг гэвэл хилсдэхгүй. Дөрвөн жилийн турш зурагтаар гарч, хэвлэлийн хуудаснаа заларсан тэднийг Монголд хүн байтугай нохой ч андахгүй болсон. УИХ-ын гишүүн атлаа Засгийн газрын сайд бол бүр давуу эрхтэй. Төрийн нэрийн өмнөөс түмэнд танигдах боломж тэдэнд сонгуулиас үл хамаарч олдоно. Үүнийг нотлох саяхны жишээ гэвэл, дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхэн хүртэл УИХ-ын гишүүд дөрвөн жилийн тайлан нэртэй цэвэр сурталчилгааны сэтгүүл, зарим нь бүр ном тараалаа. Хуулиар тэдэнд тайлан тавихыг зөвшөөрсөн юм хойно, одоо яая гэхэв. Тайлан нэртэй тараах материалыг  гишүүд, сайд нар гаргаж болно, харин бусад нь сонгуулийн жил эхэлсэн тул ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Мөн энэ жил хорио цээрийн дэглэмтэй байгаа тул нийтийг хамарсан хурал цуглаан, уулзалтууд хийх боломжгүй болсон.

Өөрөөр хэлбэл шинэ хүмүүст бусдад танигдах орон зай, бололцоо нь хязгаарлагдмал. Тиймээс өөрийнхөө талаар хангалттай чихсэн тараах материалыг тойргийнхоо айл бүрийн хаалгаар оруулж чадсан хууччуудад хуулиар давуу тал өгч байна. Мөн коронавирусийн цар тахлаас үүдэн өнөө жил алгассан болохоос өмнөх гурван жилд улсын сайн малчин, тариаланч, фермерүүдийг шалгаруулах, бас шагнах процессыг энд дурдах хэрэгтэй. Үеийн үед тухайн тойргоос сонгогдсон төрийн түшээд аймаг, орон нутгийнхнаа сайчуудын шагналыг хувааж аваад, гардуулж өгөхөөр гараад шидчихдэг байсан. Шатахуун, унааны зардлаас эхлээд, шагнал авчирч яваа түшээгээ тосч авах гээд сайн малчин байтугай сум, орон нутаг даяар хөдөлгөөнд орно. Хачирхалтай нь сайд, гишүүдийн очсон сайчуудтай аймаг нь өөрсдийнх нь нэр дэвшихээр онилсон сонгуулийн тойрог байдаг нь бас үнэн. Ийнхүү эрх мэдлийнхээ эрэмбээр өөрийгөө сурталчлах хуулиар олгосон тэгш бус байдлын талаар энэ хүргээд дуусгая. Харин шинэ горилогчдын хувьд 22 өдөр нь эхлэхэд хоёр долоо хоног дутуу байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН