“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР-2014” АМЬДРАЛАА ТАНИУЛАХ АРДЫН ЦУГЛААН-д Монголын иргэн бүхнийг урьж байна
2014/04/08
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний бие чуулганы завсарлагаар Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн 19 хороонд “Нэг хороо-нэг өдөр” хөтөлбөрөөр сар гаруй хугацаанд ажиллалаа.
Энэ хугацаанд мянга гаруй иргэнтэй нэгбүрчлэн нүүр тулан уулзаж, 2000 гаруй өргөдөл гомдол хүлээн авлаа. Энэ нь төр засгийн бодлого шийдвэрийн амьдралд нийцэж байгаа эс эх, алдаа мадгийг олж харах маш том бололцоо байдаг. Иргэдийнхээ тулгамдсан асуудал бүрийг нэгбүрчлэн нааштайгаар шийдвэрлэх бололцоо УИХ-ын нэг гишүүний хувьд хязгаарлагдмал. ЗГ-ын түвшинд шийдвэрлэх, хөрөнгө мөнгөтэй холбоотой, бодлогоор хууль гаргаж шийдвэрлэх олон асуудал, өргөдөл ширээн дээр өрөөтэй байна. Энэ олон өргөдөл гомдлууд зүгээр нэг хувь хүмүүсийн асуудал биш, ерөөс Монголын нийгмийн хаа ч байгаа нийтлэг асуудал, нийтлэг зовлон билээ. Харин үүнийг өдөр тутам хурлаас хурлын хооронд амьдардаг, Төрийн ордноос Зайсангийн ам хүртэл богинохон маршруттай хүмүүст танилцуулах нь маш чухал байна. Чингэлтэйн Зүрх уул, Салхит, Далан давхар, Хайлааст, Долоон буудал, Зурагт, цаашлаад Баянхошуу, Сонгинохайрхан, ер гэрийн хорооллоор явж байшингийн орцон дахь амьдралтай танилцаж амждаггүй хүмүүст амьдралаа авчирч танилцуулъя.
2014 оны 4 дүгээр сар 14, 15-нд Чингисийн талбайд болох “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР-2014” амьдрал таниулах ардын цуглаанд амьдралд нь асуудал байгаа, түүнийгээ олон нийт, эрх баригчдад хүргэж мэдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа иргэн бүхэн оролцож болно. Цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгаа, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай боловч түүнээс хүртэж чадахгүй байгаа иргэд, шударга бус шүүхийн шийдвэрээс хохирсон иргэд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа иргэд, эрх баригчдад амлалтыг нь сануулахыг хүсэгчид, зээлд хамрагдаж чадахгүй байгаа жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, түрээслэгчид, эрх баригчдад амлалт сануулахыг хүсэгчид, Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид, Оюутолгойн гэрээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэгчид, Ураны эсрэг тэмцэгчид, байгаль орчны хөдөлгөөнийхөн, ногоон уутыг хүүхдийн цэцэрлэг болгохыг хүсч байгаа иргэд, амьдралд нь орлого нь хүрэлцэхгүй байгаа иргэд, гэр оронгүй хүмүүс, өвчин зовлонтой боловч нийгмийн халамж хүртэж чадахгүй байгаа хүмүүс гээд амьдралд тань ямар л асуудал байна, түүнийгээ авчирч хоёр өдрийн турш төв талбайд танилцуулъя.
Монголын бүх томоохон компанийн эзэд, эсвэл тэдний төлөөний хүмүүс, банкны эздээс бүрдсэн УИХ, ЗГ-т амьдралаа авчирч танилцуулъя. Монголд зовж байгаа иргэн бүр амьдралынхаа асуудал болгоныг чирээд Чингисийнхээ талбайд ирцгээе.
Жирийн иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг илэрхийлэх үүрэгтэй, төр иргэний хамгийн сайн гүүр байх үүргээ хэрэгжүүлж “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР-2014” АМЬДРАЛАА ТАНИУЛАХ АРДЫН ЦУГЛААН-д Монголын иргэн бүхнийг урьж байна.
УИХ-ын гишүүн Гантөмөрийн УЯНГА