Нэгэн үе бид цахим спортыг компьютер тоглоомын газраар л төсөөлдөг байв. Гэвч өдгөө энэ спорт дэлхий дахинд хүчээ авч, Азийн наадамд бүртгэгдээд зогсохгүй олимпын төрөлд багтах нь цаг хугацааны асуудал болжээ.

Саяхан манай улсын Tiger баг Азийн аварга шалгаруулах "ESL One: Road to Rio" тэмцээний аваргаар шалгарч, Weibo Cup Asian Championship-2020 тэмцээнд түрүүлж амжилтаа бататгаад буй. Ингээд энэ удаагийн залуус буландаа тус багийн тоглогч Kabal буюу Б.Бат-Энхийг урьж, ярилцлаа.

-Энэ спортыг сонирхож, хичээллэх болсон үеэс ярилцлагаа эхэлье. Эцэг эхчүүд хүүхдээ компьютероос аль болох хол байлгахыг хичээдэг. Энэ спортоор хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байв? 

-Би цахим спортоор хичээллээд найман жил болж байна. Намайг энэ спортыг сонирхож эхлэх үед Монголд хөгжих гарц нь хаагдмал, хүмүүсийн ойлголт хязгаарлагдмал байсан. БНХАУ болон БНСУ руу суралцахаар явсан учраас цаашид мэргэжлээрээ ажиллана гэж төлөвлөөд спортоосоо хэсэг завсарлага авсан байлаа. Ингээд 2017 онд дахин хичээллэхээр болж, БНХАУ руу явж, өөр багт цалинтай тоглох болсноо хэлэхэд гэрийнхэн маань эергээр хүлээж авсан. Одоо бол бүгд маш сайн ойлгож, дэмждэг. 

-Саяхан болсон дэлхийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд түрүүлж, аваргын тоглолтод Хятадын Invictus Gaming багтай таарсан. Тоглолтын уур амьсгал ямар байсан бэ?

-Invictus Gaming бол өндөр чансаатай, нэлээн хүчтэй өрсөлдөгч байсан. Тоглолтод орохын өмнө бид эсрэг багаа маш сайн судалдаг. Энэ тэмцээнд ч бас бэлтгэлээ яг тийм байдлаар хангасан. Аваргын тоглолтын үеэр гал гарсан өрсөлдөөн өрнөсөн гэж хэлж болно. Гурван үе тоглосны дараа хоёр баг тэнцэж, цаг сунгасан. Эхний нэмэлт цаг дээр дахин тэнцсэн учир, хоёр дахь удаагаа цаг сунгаж тэр тоглолтод ялалт байгуулсан.

-Та өмнө нь 2016 оны Азийн аварга Mongolz багт тоглодог байсан. Яагаад Mongolz багаас гарсан юм бэ? 

-Би Mongolz багт жил гаруй тоглосон. Тухайн үед ивээн тэтгэгч байхгүй, дэмжлэг муу байсан учраас Монголынхоо өөр нэг тоглогчтой хамт Хятадыг зорьсон. Хятадад цахим спорт хурдацтай хөгжиж байгаагаас гадна тамирчдыг маш өндрөөр үнэлдэг. Манай баг гурван хятад, хоёр монгол тамирчны бүрэлдэхүүнтэй байсан. Багаар тоглодог учраас хоорондоо маш сайн ярилцаж, хурдан хугацаанд мэдээлэл солилцох шаардлагатай. Гэтэл хэлний бэрхшээлээс шалтгаалаад бүрэн ойлголцож чадахгүй байсан. Эхний жил дохио зангаагаар ойлголцож, хоёр дахь жилээсээ амжилт үзүүлж эхэлсэн ч нэг хэлээр ярьдаггүй, нэг үндэстнүүд биш учраас энэ нь сул тал болж, том тэмцээнүүдэд ялагдал хүлээх болсон. Ингээд Хятад дахь багаасаа гарч Монголдоо ирээд шинэ баг бүрдүүлсэн.

-Азийн аваргад бэлтгэж байгаа гэсэн. Цахим спортын тамирчид бэлтгэлээ хэрхэн хийдэг нь сонирхолтой байна?

-Манай багийн тоглодог төрөл биднээс сэтгэхүйн болон харааны хурд, анхаарал төвлөрөх чадвар, богино хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулахыг шаарддаг. Тиймээс төвлөрөх чадвараа сайжруулах үүднээс өдөр бүр таван км алхдаг. Мөн эрүүл хооллож, түргэн хоол, газтай ундаа зэрэг чихэрлэг хүнс хэрэглэхээс татгалзаж хоолны дэглэм баримталдаг /инээв/. Яагаад гэвэл тэмцээний үед олон цагаар сууж, тоглоод ирэхээр энергиэ алдаж, “унтарч”, эхэлдэг. Харин сэтгэл санаагаа тогтвортой байлгах үүднээс бясалгал хийж, сэтгэл зүйгээ бэлддэг. 

-Ихэнх хүмүүс цахим спортыг PC тоглоомын газруудаар хязгаарлаж ойлгодог. Манай улсад цахим спортын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Сүүлийн хэдэн жил маш эрчтэй хөгжиж байна. Өмнө нь цөөхөн хэдхэн тэмцээн болдог байсан бол одоо лигийн аварга, халз тоглолтууд гэх мэтээр олон төрлийн тэмцээн тогтмол зохиож байна. Тоглогчид байнгын бэлтгэлтэй байгаа учраас ур чадвар нь ч эрс сайжирч байна. Сая болсон Азийн аваргад гурван монгол баг оролцох жишээний. Мөн маш олон монгол тамирчид дэлхийн хэмжээний томоохон багуудтай гэрээ байгуулж байна.

-Өсвөр үеийн хүүхдүүд донтох, олон цагаар тоглох хандлагатай байдаг. Компьютер тоглоом сонирхогч, мэргэжлийн тамирчин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

-Тоглоомд хэт их донтож байгаа нь цагаа буруу хуваарилж, сөрөг сэтгэл зүйгээр тоглож байгаатай холбоотой болов уу. Бид өдөрт хамгийн ихдээ 6-7 цагийг бэлтгэлдээ зарцуулдаг. Энэ хугацаанд зөвхөн тоглохоос гадна өрсөлдөгч багаа судална, стратеги боловсруулна, хувийн бэлтгэлээ хийнэ гэх мэт олон зүйлийг амжуулдаг. Утга учиргүй тоглох бус үр дүнтэй тоглох хэрэгтэй. Донтох эсэх нь хувь хүний ухамсраас шалтгаалах байх.

-Энэ спортын ач холбогдлын талаар хуваалцахгүй юу? 

-Хамгийн түрүүнд багаар ажиллах чадвар сайжирдаг. Би анх тоглож эхлэхдээ маш дуугүй, бүрэг хүүхэд байсан. Өөр өөр хүмүүстэй баг болж тоглоод ирэхээр нээлттэй болж, харилцааны чадвар маань сайжирсан. Мөн хурдан хугацаанд шийдвэр гаргаж, стратеги боловсруулж сурдаг. Ер нь асуудлаас амархан гарч чаддаг гэж хэлж болно. 

-Танай багийг Хятадын Weibo группийн охин компани ивээн тэтгэдэг юм билээ. Ивээн тэтгэгчээ хэрхэн олж байв. Монголоос ивээн тэтгэгч олоход хүндрэлтэй юу?

-Манай багийн гишүүн Dobu бид хоёр Хятадад хоёр жил гаруй тоглосон. Энэ хугацаанд цахим спортын салбарын маш олон хүмүүстэй танилцаж, холбоо тогтоосон учраас ивээн тэтгэгчтэй болох боломж олдсон. Мөн Хятадад цахим спортыг маш сайн дэмждэг бөгөөд тамирчид нь Азидаа хамгийн өндөр цалин авдаг. Хятадад хамгийн багадаа хоёр сая төгрөгийн цалин олгодог. Намайг анх очиж байх үед Эстонийн тамирчин 25 мянган юанийн цалинтай тоглодог байсан. 

-Цахим спортын тамирчдыг ивээн тэтгэх нь ямар давуу талтай вэ. Харилцан ашигтай байх зарчим нь юун дээр суурилдаг юм бол?

-Цахим спортын том хэмжээний тэмцээнүүдийг хэдэн зуун мянгаас тэрбум хүн үздэг. Саяхан болсон дэлхийн аваргын тоглолтыг зөвхөн онлайнаар 600 гаруй мянган хүн үзсэн. Шилдэг багуудын хэрэглэж байгаа keyboard, mouse ямар брэндийнх байх вэ, өмсгөл дээр нь ямар компанийн лого байгаа вэ гэдгээс эхлээд ивээн тэтгэгчдэд олон талын үр ашигтай. Зөвхөн Youtube хуудсанд байршсан бичлэг, үзэгчийн тоо хүртэл орлогын эх үүсвэр болдог.

-Цахим спорт 2022 оны Азийн наадамд багтсан. Танай баг энэ уралдаанд оролцох уу? 

-Хоёр жилийн хугацаа байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед яаж шалгаруулахаас хамаарна. Хэрвээ CSgo төрөл багтсан бол манай баг уригдах болов уу гэж бодож байна.

-Багийн тоглолт ганцаарчилсан тоглолтоос эрс өөр. Гишүүн бүрд тоглолтын үед гүйцэтгэх үүрэг гэж байдаг байх? 

-Тийм ээ, гишүүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Жишээ нь нэг нь багаа удирдана, нөгөө нь дэмжиж тоглоно, нэг нь снаппер буюу холоос дурандаж буудна, хоёр нь шууд буудалцах үүрэг гүйцэтгэнэ гэх мэт. CSgo төрөл олимпод бүртгүүлэхэд ойрхон байсан ч террорист гэсэн үг орсон, мөн буудалцааны үед цус гардаг учраас хасагдсан байгаа. Гэхдээ энэ алдаануудаа засчихвал боломж бий. Бусад төрлүүдийн хувьд олимп од бүртгүүлэх нь цаг хугацааны асуудал болсон. 

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл тань юу вэ? 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд, амжилттай оролцож, ДАШТ-д хүч сорихыг хүсэж байна. Мөн дэлхийн аваргад оролцсон тоглогчдод стикер гэж өгдөг. Энэ наалтан дээр тухайн тоглогч өөрийн гарын үсгээ үлдээж, тоглоомд нэрээ мөнхөлдөг. Тиймээс гарын үсэгтэй болж, дуртай спортдоо нэрээ мөнхлөхийг хүсэж байна.

zmg.mn