МУГЖ С.Жавхлан төрсөн нутагтаа "Мянган ээжийн сүүн цацал" өргөх ёслолыг үйлджээ
2014/04/09
МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр толилуулсан. Тэрбээр “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хөдөө орон нутгийн фэнүүддээ хүргэхээр болсоноо дуулгаж монгол түмнээ баярлуулсан билээ.
Ард түмний хайртай хүү хэмээн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат дуучин маань 21 аймгийн аялан тоглолтоо ханш нээх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрөлх нутаг Увс аймгаасаа эхлэн тоглосон юм. Энэхүү тоглолтын үеэр "Мянган ээжийн сүүн цацал" өргөх ёслолыг зохион байгуулжээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом хотын төв талбай болох Монгол улсын баатар Бэгзийн Гивааны талбайд мянган ээж цуглан сүү өргөх ёслол хийсэн байна. Тус ёслолыг Апу компаны "САЙН" бренд ажилласан бөгөөд ээжүүд маш их идэвхитэй оролцож мянган ээж оролцох байсан уг ёслолд 3 мянган ээж хүрэлцэн иржээ.
Дашрамд дуулгахад, МУГЖ дуучин С.Жавхлан сүүн цацал өргөх ёслолоо тоглолт хийсэн аймаг болгондоо хийх бөгөөд монголын сайн цагийн төлөө ээжүүд сүүгээ өргөж буй нь энэ юм. Мөн Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг зэрэг дэлхий даяар тархасан бүх монголчууддаа сайхан бүхнийг бэлэгдэж ийнхүү ёслол үйлдэж байгаа аж.