УИХ-ын гишүүн Д.Ганбат Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавиад байсан. Гишүүний тус асуулгын хариуг УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өгсөн юм. Тэрээр мэдээлэлдээ “Оюутолгойн хөрөнгө оруулалтын асуудал дээр Монголын талын хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, холбогдох үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна. Монголын талаас тавьж ирсэн зардлын хэтрэлт, гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэсэнтэй холбогдуулан УИХ-ын даргын даалгавар болон УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны тогтоолын дагуу Өсөн нэмэгдэх роялти зэрэг болно. Одоогоор энэ асуудлаар яриа хэлэлцээ үргэлжилж байна. Харин хөрөнгө оруулагч талын зүгээс төслийн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гэх нэмэлт санхүүжилтын асуудлыг сөргүүлэн тавьж ирлээ. Энэ чиглэлээр техникийн түвшинд уулзалт хэлэлцээ үргэлжилж байна гэдгийг сайд хэллээ.
Асуулга тавьсан Д.Ганбат гишүүн хэлэхдээ “Оюутолгой төсөл нь манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын түүчээ байх учиртай. Энэ төсөл амжилттай болсноор хөрөнгө оруулалтыг татах чухал нөхцөл, хөшүүрэг бүрдэх юм. Гэтэл төслийн эхний шат ашиглалтад ороод нэлээд хугацаа өнгөрч байгаа ч үр өгөөж нь ард түмэнд мэдрэгдэхгүй байна. Улс орны хөгжилд чухал ач холбогдолтой энэ төсөл хэдийд үр ашигтай ажиллах, өгөөж шим нь хэр байхыг ард түмэн мэдэх эрхтэй. Иймээс төслийн талаарх асуудлыг байнга анхааралдаа байлгаж, асууж лавлаж байх болно” гэв. Түүнчлэн тэрээр Оюутолгойн асуудалд ихээхэн анхаарал хандуулж, санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.
Tumuruuu · 2014/04/11
Tiim shuu. Oyutolgoigoos ih ym ***ltg****. Oyutolgoi tusul zuv yvj chadval Mongoliin busad tom tusluuded ulger duurailal boloh ystoi.