Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон  улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн 5-н жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.  2009 оны 3 сарын 1-нд анхлан үүсгэн байгуулагдаж байсан тус хамтлагийнхан ойн хүрээнд олон гайхалтай ажил, уран бүтээлүүдийг туурвихаар бэлтгэж байгаа бөгөөд тус ажлуудын нээлт болгож энэ сарын 18-нд 17:00 цагаас СУИС-ийн “Оюутан” театрд лекц, концертийг урлагийн сургуулийн оюутан залуучуудад зориулан үнэ төлбөргүйгээр зохион байгуулахаар болжээ.

Уг лекц концертонд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам урилгаар оролцож “Өөрийгөө танихуй” лекцийг толилуулах юм. “Хөсөгтөн” хамтлагийнхан “Хөсөгтөн” хэмээх тоглолтоо хийнэ. Энэ дашрамд дуулгахад “Хөсөгтөн” хамтлагийн хөгжимчид болох МУСТА Ч.Амарбаясгалан, Г.Адъяадорж нар ирэх сарын 13-нд ДБЭТ-ын тайзнаа 19:00 цагаас “Ирмүүн хэмнэл” хэмээх тоглолтоо толилуулахаар болжээ. Мөн ирэх намар тус хамтлагийнхан ойн нэгдсэн тоглолтоо хийх юм.