Нийслэлийн Улаанбаатар чуулга нь ард олондоо ардын урлагийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд олон арван ажлуудыг хийсээр ирсэн бөгөөд эдгээр ажлуудын нэг болгож хүүхэд залуучуудад уртын дуу зааж сургах "Монгол уртын дуу" хэмээх сургалт хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.

   "Монгол уртын дуу" сургалтын багшаар НУБЧ-ын гоцлол дуучин, СУИС-ын уртын дууны тэнхимийн багш, МУСТА Б.Батболд ажиллаж байгаа бөгөөд монголын дууны урлагийн түүчээ болсон авъяаслаг уран бүтээлч юм.

   Монгол ардын уртын дуу нь дэлхий дахины ардын дууны шинж төлөвтэй харьцуулан үзэхэд нэн өвөрмөц, гайхам сонин урлаг юм.  Уртын дуу гэгч уудам тэнэгэр нугалаатай, олон янзын уянга төгөлдөр чимэгтэй, хүний сэтгэлийг догдлуулан хөгжөөгч аялгуу билээ. Уртын дуу нь дотроо айзам, урт, бэсрэг гэсэн олон төрлүүдтэй. Бидний өвөг дээдэс уртын дууг “Айзангийн гучин хоёр, хангайн найм” гэж ялган хувааж байжээ. 2002 онд болсон дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд МУГЖ Г.Хонгорзул уртын сайхан дуугаа эгшиглүүлсэн нь дэлхий даяар манай язгуур урлаг, тэр дундаа уртын дууг сонирхож эхэлсэний нэг жишээ юм. Ийнхүү Нийслэлийн Улаанбаатар чуулгаас хэрэгжүүлж буй "Монгол уртын дуу" хэмээх сургалт хөтөлбөрийн бүртгэл тус чуулгын байранд энэ сарын 20-н хүртэл хүртэл үргэлжлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99996615, 88097034, 86694433 дугаарын утсаар лавлах боломжтой аж.