Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тойм
2014/04/14
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдахаар байсан бөгөөд дөнгөж сая Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцсэн.
· Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Шүүхийн багц хуулийн хүрээнд шүүхэд хэрэг хувиарлах тухай, анхны хэлэлцүүлэг/;
· Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Мөрдөх болон тахарын албатай холбоотой, хэлэлцэх эсэх/;
· Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
· Хариуцлага хүлээлгэх /Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт/ тухай Авлигатай тэмцэх газрын 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2676 албан тоотоор тавьсан асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөгдөөд байсан.
Улмаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд –ийн хэлэлцэүүлэгийг хийх үеэр байнгын хорооны гишүүд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүлсэн.
Үүний дараа Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ын анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэхүү асуудлыг МАН-ын зүгээс бүлгийн хуралдаан дээр ярилцах шаардлагатай хэмээн үзэж завсарлага авсан.
МАН-ын зүгээс Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр мөн завсарлага авсан юм.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох асуудлаар хойшлуулах санал гаргасан. Учир нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Д.Сугарт хариуцлага тооцох эсэхийг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх бөгөөд цалингийн 30 хувиар торгох, албан тушаал бууруулах, ажлаас халах эсэхийг шийдэх юм. Харин шийдвэр гарсны дараагаар тус байнгын хороогоор хэлэлцэх хуулийн заалттай тул ийнхүү хойшлуулсан байна.