Төсвийн байнгын хорооны хуралдааны тойм
2014/04/14
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Төр, засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох, иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах, төрийн санхүүг эрүүл, тогтвортой, сахилга баттай болгож төсвийн ил тод байдлыг хангах зорилгоор “Шилэн дансны тухай” хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм.
Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвхөн Л.Дашдорж танилцуулав. Танилцуулгад дурдагдсанаар, төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн улс болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлэх ажээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүдийн олонхи дэмжив.
Дараа нь Онцгой албан татварын тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварыг төгрөгөөр ногдуулах/-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс улсын мөнгөн тэмдэгтийг дээдлэх нь зүйтэй. Гэхдээ валютын ханшийг бодит байдал дээр хөрсөн дээр нь буулгаж тооцох ёстой гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Түүнчлэн валютын ханшийг гурван янзаар оруулж ирж байгаа нь хүмүүсийн толгойг эргүүлж байна. Татварыг бууруулж оруулж ирвэл татварын орлогын төлөвлөгөө биелэхгүй. Ялангуяа онцгой албан татварыг бууруулж оруулж ирж байгаа нь цаг үеэ олсонгүй. Татварын хуулиудыг цогцоор нь оруулж ирэх, төсвийн тодотголтой хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байсан юм.
Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад санал 50, 50 болсон учир хуулийн төслүүд дэмжигдэх боломжгүй болсон. Ингэснээр хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар гаргах Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулахаар тогтлоо.
Хуралдаанаар хэлэлцэх удаах асуудал Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг /Засгийн газар 2014.04.11-ны өдөр өргөн мэдүүлсэн, Амгалан дулааны станцын тоног төхөөрөмжийг чөлөөлөх/ хэлэлцэх, эсэх асуудал байв.
Танилцуулгыг Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулав. Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын тооцоонд “Амгалан дулааны станц”-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тус тус тусгагдаагүй тул төсөвт өөрчлөлт орохгүй талаар танилцуулгад дурдагдсан. Мөн Тоног төхөөрөмжийн чөлөөлөгдөх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 2.0 сая орчим ам.доллар буюу 3.6 тэрбум төгрөг болно гэж тооцоолсон байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт нар асуулт асууж хариулт авсны дараа хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанд оруулж хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг болон Төсвийн байнгын хорооноос 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тус тус баталлаа