Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардулах ёслолын ажиллагаа, гала концерт энэ сарын 22-нд монгол бөхийн өргөөнөө зохион байгуулагдана. Тус наадмын хоёр дахь албан ёсны хэвлэлийн хурал маргааш 12:00 цагаас “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт зохион байгуулагдана.

   Хэвлэлийн хуралд “Алтан хуур-2014” наадмын зохион байгуулах комиссын гишүүд болон нийтийн дууны урлагийн төлөөллүүд оролцож наадамд нэр дэвшигчдийг албан ёсоор олон нийтэд зарлан танилцуулах бөгөөд наадмын зохион байгуулалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ. Мөн хэвлэлийн хурлын үеэр “Алтан хуур-2014” наадамд хамтран ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдэд наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулах юм.  

   “Алтан хуур-2014” наадам 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох аж. Ийнхүү улаан хивсний ёслол 17:00 цагаас эхлэх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт 20:00 цагаас болж доорхи 12 төрөлд шилдгүүд тодорно.

  1. "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
  2. "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг: 96364147, 86004147, 91182341, 99172341 дугааруудаас лавлаарай.