Математик нь хүн төрөлхтний эрэлт хэрэгцээгээр бий болсон өнө эртний шинжлэх ухаан бөгөөд хүний оюун ухаан, сэтгэлгээний хосгүй бүтээл төдийгүй байгаль, нийгмийн юмс, үзэгдлийн мөн чанарт нэвтрэх шинжлэх ухааны танин мэдэхүйн хүчирхэг хэрэгсэл даруй мөн.

Өгөгдсөн талбайг яаж хоёр тэнцүү хэсэгт хуваах, уг талбайн хэмжээг хэрхэн тодорхойлох, суваг шуудуу яаж татах болон барилга байгууламжийн талбайн тооцоо зэрэг математикийн бодлогууд нь оюун ухаант хүн үүссэн эрт дээр үеэс тавигдаж ирсэн болой. Газар хэмжихэд ашиглах олс нь анхны геометрийн багаж болж, Эртний Египетэд бүр олс татагч гэсэн мэргэжил ч байжээ. Олсыг шугам, гортиг, тэгш өнцөгт гурвалжин хэлбэрээр ашигладаг, олсыг 12 хувааж, 13 зангилаатай болгон 3,4,5 нэгж урттай гурвалжинаар тэгш өнцөгт байгуулах нь Пифагорын теоремын (З2+42=52) шууд практик хэрэглээ болсон ажгуу.

Манай эринээс 3500 гаруй жилийн өмнө эртний Египетэд математик хөгжиж байсны нэг нотолгоо бол арифметик, геометр, алгебрийн төрөл бүрийн 87 бодлого багтаасан математикийн бодлогын хураамж нь Риндийн бичвэр юм. Энэхүү бүтээл нь хүн төрөлхтөнд одоогоор мэдэгдэж буй эртний математикийн анхны бүтээлд зүй ёсоор тооцогддог бөгөөд уг ховор бүтээлийг МЭӨ 1650 онд амьдарч байсан Ахмес гэх хүн ургамлын навчин дээрх эх бичвэрийг эмхэтгэж үлдээснийг 1858 онд Шотландын эрдэмтэн А.Ринд нээж илрүүлсэн байдаг. Энэхүү бүтээлд тоон хэмжигдэхүүн, функц, бутархай, шугаман тэгшитгэл, прогресс болон геометр биетийн эзлэхүүн олох, өгөгдсөн хэмжээтэй газрын талбай олох зэрэг бодлогууд багтжээ. А.Риндийн бичвэр нь эртний Грект МЭӨ 650 онд нэвтэрсэн гэсэн баримт бий.

Математикийн үүсэл хөгжил нь МЭӨ 570 онд төрсөн эртний Грекийн шинжлэх ухааны эцэг Пифагор болон түүний шавь нарын бүтээлтэй салшгүй холбоотой бөгөөддараагийн 1000 жирд Грекийн гүн ухаан, оюун санааны сэтгэлгээг үндэслэгч, агуу Фалестай нөхөрлөж түүнээс суралцаж байсан тухай таамаглал ч байдаг.

Пифагорын үзэл баримтлалыг итгэл үнэмшилээр дагагч Пифагорчууд оюун санааныхаа тэргүүлэгчийн удирдлагаар гүн ухаан, математик, одон орныг судалж иржээ. Пифагорчуудын эвсэлд орохын тулд элсэлтийн шалгалт өгөх амаргүй даваа, шалгалтандаа тэнцээгүй, орж чадаагүй гомдсон нөхдүүд Пифагорчуудын орон байрыг шатааж, хорлон сүйтгэж байсан нь тэдний эвсэл тарах нэг шалтгаан болсон гэж үздэг. Үүнтэй төстэй явдал 2500 жилийн дараа Монголд ч давтагдаж нэрт математикч Ц.Дашдоржийн цонхыг шалгалтад унасан оюутнууд өвлийн хүйтэнд нэг бус удаа хагалж байсан нь бас л хорлонтой хэрэг юм. Пифагорчуудын оюун санааны баримталдаг үндсэн зарчим “Бүх юмс тоо” гэснээс харахад математикт маш өндөр ач холбогдол өгч байсан нь илэрхий. Пифагорын талаар нэлээд сонирхолтой домог гарсан бөгөөд тэрээр залуудаа олимпийн тоглолтод оролцож нударган зодооны аварга болж байжээ. Дунд сургуульд Пифагорын теоремыг сонсоогүй, судлаагүй хүн байхгүй биз. Энэ теоремыг тухайн үедээ 100 үхрээр өргөл барьж тэмдэглэсэн сонин домог бий. Пифагорын нээлтээс хойш 2500 жилийн дараач энэ теоремыг дэлхийн бүх сургуульд зааж буйгаас харахад ямар чухал, их нөлөөтэй математикийн үр дүн болсон бэ гэдэг нь ойлгомжтой байна. Францын математикч П.Ферма 1637 онд Пифагорын теорем дээр тулгуурлаж xn+yn=zn  (n>2) хэлбэртэй тэгшитгэл эерэг, бүхэл тоон шийдтэй юү гэсэн бодлого тавьсан байдаг. Фермагийн их теорем гэж алдаршсан энэ бодпого 350 гаруй жилийн турш олон үеийн дэлхийн математикчдын анхаарлын төвд байж, 1995 онд Америкийн математикч Э.Уайлс уг асуултад хариу өгч бүрмөсөн шийдэж, цэг тавьсан юм. Дашрамд дурдахад, Э.Уайлс энэ асуудлыг шийдэхийн тулд долоон жилийн турш бүх орчноосоо тусгаарлагдан, уйгагүй нөр их хөдөлмөрлөсний үр дүнд 129 хуудас баталгаагаар нотолжээ. Гол үр дүн нь гэвэл дээрх бодлого шийдгүй байсан нь математикчдыг гонсойлгосон боловч түүнд хэрэглэсэн шинэ математик арга, сэтгэлгээний хандлага нь математикийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн нь дамжиггүй.

Пифагорчуудын оюун санаа, сэтгэлгээний үзэл баримтлал эртний Грек болон барууны гүн ухаанд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж зүй ёсоор үздэг. Математик, гүн ухааны мэдлэгийн өргөн цар хүрээтэй сурталчилгаа, түгээлт нь алдарт Платоны Академийн үүсэл хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Чухамхүү Платоны оюун санаа, сэтгэлгээний онол, ертөнцийн үүслийн онол, юмс үзэгдэл, цэвэр оюун ухааны талаарх онол, үзэл баримтлал нь Пифагорчуудаасуламжлагдан ирсэн түүхтэй юм. Тийм ч учраас Платоны Академийн үүдэнд бичсэн Теометр мэдэхгүй хүн наашаа бүү алх" гэсэн нь үүнийг илтгэнэ. Математикийн бодит юмс, үзэгдлийг тайлбарлах чанар нь Пифагорын үзэл санааны үндэс юм. Пифагорчуудын үзэл санааг тууштай баримталж ирсэн XX зууны гарамгай эрдэмтэн А.Эйнштейн энерги, массын хамаарлыг E=mc2 гэж томьёолсон нь Пифагорын теоремтой хамгдаа шинжлэх ухаан хөгжсөн бүх цагийн үеийн хамгийн алдартай хоёр томьёогоор тодорсон билээ. Мэргэжлийн хөгжимчид үе үе Бетховены есдүгээр симфоныг тоглодогтой адил судлаачид ч Пифагорын теоремын баталгааны шинэ шинэ хувилбаруудыг нээж олсоор байна. Өнөөгийн байдлаар Пифагорын теоремын 371 баталгда хийсэн бөгөөд суут Леонардо Да Винчи болон АНУ-ын 20 дахь ерөнхийлөгч А.Гарфилд нар тус тус нэг баталгаа гаргажээ. Ийнхүү математикийн нэг үр дүн хэдэн зуун жилээр хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээ, нийгмийн дэвшилд нөлөөлж ирсэн нь үнэхээр гайхамшигтай юм.

Пифагор хөгжмийг анх удаа математик талаас нь судалж хөгжмийн хэлбэлзлийн давтамж чавхдасны урттай урвуу хамааралтайг тогтоожээ. Тэрээр материаллаг ертөнц, хөгжим, хийсвэр сэтгэлгээ зэрэг бүх юмс зөвхөн тоогоор илэрхийлэгднэ гэж тэрээр үзэж байв. Платоны эрин үед соёлтой хүний заавал сурах ёстой тулгуур дөрвөн зүйлс нь хөгжим, арифметик, геометр, астроном байлаа. Орчлон ертөнцийг зөвхөн тоонуудын гайхамшигт хослол, түүний илэрхийлэл гэж эртний гүн сэтгэгчид үзсээр иржээ.

Бүх юмсын үндэс нь тооны нууцлаг чанар гэсэн Пифагорын сургаалыг баримталдаг суут эрдэмтэд Кеплер, Коперник, Лейбниц, Ньютон, Эйнштейн нар байгалийн алдартай хуулиудаа нээцгээсэн юм. Александр Македонскийн үүсгэсэн Александр хот нь манай эриний өмнөх III зуунаас эхлэн бүтэн долоон зууны турш шинжлэх ухаан, математикийн судалгааны төв болж, тэр үеийн нэрт сэтгэгчид нь Евклид, Архимед, Эратосфен нар байсан юм.МЭӨ III зуун математикийн үсрэнгүй хөгжлийн зуун байсан юм. Гидротехникийн нарийн байгууламж, цэрэг дайны төхөөрөмж, усан сан, далай судлалын асуудал, геодизи болон газрын зураглал боловсруулах, астрономын хэмжилтийн асуудал, механик, оптикийн зэрэг олон асуудлуудыг шийдэх хэрэгцээ тэр үед гарснаар математикэрчимтэй урагшлан хөгжсөн байна.

МЭӨ 287 оцд төрсөн Архимед математикт цоо шинэ хандлага, математик сэтгэлгээний шинэ эринийг авчирч, хөшүүргийн хуулиа нээж, Архимедын винт, Архимедын чулуу шиддэг машин зэрэг оньсон төхөөрөмжүүдийг зохиосон билээ. Архимед анх удаа π (пи) тоог 0.03% алдааны нарийвчлалтай тодорхойлсон юм. Түүний амьдарч байсан төрөлх Сиракуз хотыг харийн дайснууд түрэмгийлэн эзлэх үеэр судалгаагаа хийж байсан тэрээр "Миний тойргийг бүү оролд" гэж хэлээд хороолгосон тухай гунигт домог ч бидний үед хүрч иржээ. Манай эриний өмнөх III зуунд бичигдсэн математикийн гайхамшигт бүтээл бол Евклидийн "Эхлэл” юм. Геометр ба арифметикийн зарчмуудыг тусгасан 13 боть энэхүү бүтээлд математикийг системчлэн, аксиомчлах анхны оролдлогыг хийсэн байдаг. Математикийн тодорхойлолт, аксиом, теоремын баталгааг анх бий болгосноор “Эхлэл” нь бүх цаг үеийн математикчдын ажиллах зарчмыг тодорхойлсон суут бүтээл болсон юм. Шулууны гадна орших цэгийг дайруулан өгөгдсөн шулуунтай параллель шулуун нэгийг татаж болно гэсэн “Эхлэл”-ийн 5 дугаар аксиомын талаарх маргаан XIX зуун хүртэл үргэлжилсэн байна. Энэ асуудлаар XVIII зууны агуу математикч К.Гаусс судалгаа хийж, улмаар 1813 онд Евклидийн бус геометрийн үндсийг тавьжээ. Евклидийн бус геометрийг Гауссаас үл хамааран системтэй хөгжүүлсэн хүн бол Оросын суут математикч Н.И.Лобачевский юм. Аугаа математикч Б.Риман нь физик орон зайн геометр бол Евклидийн бус геометр гэдгийг нотлон харуулсан бөгөөд үүнийг суут А.Эйнштейн өөрийн харьцангуй онолдоо бүтээлчээр ашигласан байдаг. Математикг хэрэглэгдэж ирсэн онол, аргуудаас хамааран математикийн хөгжлийг ерөнхийд нь XVII зуун хүртэлх элементар математикийн эрин, түүнээс хойших үеийг дээд математикийн хөгжлийн эрин гэж ангилах нь бий. XVII зуун бол математикийг байгаль шинжлэлийн салбарт гайхамшигтай хэрэглэсэн үе бөгөөд чухамхүү энэ зуунд Италийн алдарт эрдэмтэн Г.Галилей чөлөөт уналтын хууль, Германы астрономич И.Кеплер гарагийн хөдөлгөөний хууль, Английн суут эрдэмтэн И.Ньютон бүх ертөнцийн таталцлын хуулиа нээсэн билээ.

Францын суут сэтгэгч Р.Декартын оруулж ирсэн хувьсах хэмжигдэхүүн болон Ньютон, Лейбниц нарын үйдэслэсэн интеграл-дефференциал тоолол нь математикт гарсан шинэ хувьсгал болжээ. Өөрөөр хэлбэл, матери, юмсын хувьсал өөрчлөлт, хөдөлгөөнийг математикаар томьёолох арга, хэрэгсэл бий боллоо гэсэн үг юм. XVII зууны гарамгай математикчид ихэнхдээ философич, туршилтын физикч нар байсан бөгөөд XVIII зуунд математик нь бие даасан мэргэжил болон хувирав. Энэ зууны хамгийн аугаа математикч бол Л.Эйлер мөн. Швейцарь гаралтай тэрээр Оросын Шинжлэх ухааны академид бүх насаараа ажиллажээ. Эйлер математик, механик, физик, астроном зэрэг байгаль, шинжлэлийн бараг бүх салбарт ажиллаж XVIII зууны математикийн хөгжлийг тодорхойлон, хүн төрөлхтөнд математикийн баялаг өв сан үлдээсэн юм. Эйлерийн туурвисан эрдэм шинжилгээний 886 бүтээлийн рекордыг эвдсэн математикч сүүлийн хоёр зуунд гараагүй болно. Эйлерийн үндэслэсэн хамгийн бага үйлчлэлийн зарчим нь физикийн шинжлэх ухаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Математикийн бүх салбарт суралцъя гэвэл Эйлерийн бүтээлийг судлах хэрэгтэй гэж суут математикч К.Гаусс нэгэнтээ хэлсэн болФранцын математикч Пьер-Симон Лаплас “Эйлер бол бид бүгдийн багш” гэж математикчдад захидаг байв. Л.Эйлерийг бүх цаг үеийн хамгийн алдартай нэвтэрхий(универсаль) математикч гэж үздэг нь ч ийм учиртай юм.

1795 онд П. Лаплас хэт масстай эсвэл хүчтэй агшилтанд орсон биетэд татагдсан гэрэл түүнээс гарч чадахгүй гэдгийг Ньютоны таталцлын хууль дээр үндэслэсэн нь хожим нь хар нүх байсныг нотолсон төдийгуй хүн төрөлхтөн түүний зургийг анх удаа 2019 оны 4 дүгээр сарын 10-нд харсан билээ (https://www.bbc.com/news/science-environment-47873592).Түүнчлэн XX зууны гарамгай онолын физикч С.Хокингхар нүхний математик загварыг боловсруулж чухал үр дүнд хүрсэн билээ.

1707 онд Английн математикч Э.Галлей харагдах орчноос алга болсон нэгэн сүүлт одыг 1758 онд буцаж гарч ирнэ гэж математикаар тооцсон нь биеллээ олж Ньютоны хуулийг дэлхий дахинд алдаршуулсан юм. Механик, одон орон, гидродинамик, оптик, цахилгаан соронзон долгионы онол зэрэг олон салбарт гарсан нээлтүүд нь математикийн шинжлэх ухааны агуу увдис, хүч чадлыгхүн төрөлхтөнд харуулсан үйл явдал байлаа. Олон мянган жилийн турш математик нь хүн төрөлхтний оюун ухаан, хийсвэр сэтгэлгээний дээд илрэл болон хөгжиж, бодит ертөнцийг бидний танин мэдэхүйн ертөнцтэй холбогч гүүр болж ирсэн түүхтэй. А.Эйнштейн математикийн шинжлэх ухааны ач холбогдлыг өндрөөр үнэлэн математикт шамдан суралцаж математикийн үеийн арга, онолыг эзэмшин алдарт харьцангуйн онолоо нээсэн нь энэ бүхний гэрч гэлтэй. Хэдийгээр Эйнштейнтэй ойролцоо цаг хугацааны үед харьцангуйн онолын үндсийг Германы математикч Гильберт, Францын математикч А.Пуанкаре нар боловсруулсан боловч чухамхүү Эйнштейний агуу зөн мэдрэмж, суу билэг, физик процессын мөн чанарыг гаргууд мэддэг байсан чанар нь түүнийг харьцангуй онолын гол үндэслэгчээр нь тодруулсан билээ. Өөрөөрхэлбэл, Эйнштейн Ньютоны онолыг цаашид улам гүнзгийрүүлэн өргөтгөж, орчлон ертөнцийн математик загвар боловсруулсан гэсэн үг. Харьцангуйн онол нь хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийг орвонгоор эргүүлж, шинжлэх ухаанд хувьсгал хийсэн онол юм. Энэхүү онолын тусламжтайгаар хүн төрөлхтөн ертөнцийн үүсэл хөгжлийг танин мэдэхэд чухал дэвшил гарсан юм.

Харьцангуйн онолын таталцлын талбарын математик загвар нь дөрвөн хэмжээст огторгуйд 16 дифференциал тэгшитгэлийн системээр бичигдэнэ. Гол математик аппарат нь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл, тензор тоолол, Риманы геометр юм. Оросын математикч А.Фридман 1926 онд харьцангуйн онолын тэгшитгэлүүд дээр тулгуурлан орчлон ертөнц үргэлж өргөжиж, тэлдэг гэсэнонол дэвшүүлсэн нь хожим нь 1929 онд Эдвин Хабблын нээлт, туршилтаар батлагдсан билээ. Хэрэв орчлон ертөнц тэлж байгаа юм бол хэзээ нэгэн цагт нэг цэгээс эхэлсэн байх ёстой гэсэн таамаглал нь ертөнц нэг цэгээс эхлэлтэй их тэсрэлтийн үр дүн гэсэн онолыг бий болгосон.

Түүнчлэн харьцангуйн онол нь орчлон хувьсахгүй статик чанартай, цаг хугацаа биднээс үл хамааран уродаг гэсэн хуучин онолыг таягдан хаяж,ертөнц хувьсамтгай, цаг хугацаа орчлон ертөнцийн салшгүй нэг хэсэг гэсэн онолоор сольсон юм. Өөрөөр хэлбэл, бидний “мөнх тэнгэр” бол “мөнх бус тэнгэр” бөгөөд цаг хугацааны эхлэлтэй байжээ гэсэн үг юм. Түүнчлэн цаг хугацаа их тэсрэлтийн үр дүнд бий боллоо гэсэн үг. Асар их таталцлын талбар нь физик орон зай, цаг хугацааг муруйлтанд оруулдаг төдийгүй гэрлийг хүртэл хазайлгадаг болохыг харьцангуйн онол хэлдэг бөгөөд энэ нь хожим туршилтаар батлагдсан юм. Бүх юмс, матери нь өөрийн байрлал, хувийн цаг хугацаанаас хамаарсан шинжтэй гэдгийг энэ онол бас хэлдэг. Уг онолын үүднээс, зэрэгцэн зогсож буй хоёр хүний цаг харилцан адилгүй явдаг байх нь. Асар их таталцлын талбарт цаг хугацаа удаашрах, гэрлийн хурдтай ойролцоо нисэж буй материйн геометр хэмжээст өөрчлөлт орох зэрэг ер бусын гайхамшигтай үзэгдл үүд явагддаг байна. Харьцангуйн онолоос урган гарах ихрийн пародокс, параллель ертөнцийн таамаглал зэрэг нь зөгнөлт уран зохиол, киноны бэлээхэн чухал сэдэв болсоор иржээ. XIX зууны математикийн бараг бүх салбарт ажиллаж байсан аугаа эрдэмтэн бол Францын математикч Анри Пуанкаре мөн. Энэ эрдэмтний 1904 онд дэвшүүлсэн, хожим нь нэг сая долларын шагналаар үнэлэгдэх нэгэн бодлогыг Оросын математикч АЛерельман 2006 онд бүрэн шийдсэн билээ. Хэрэглээний болон онолын салбарт олон гайхашигт нээлтүүдийг хийж, математикийн шинэ шинэ салбаруудыг үндэслэн араасаа олон алдартай математикчдыг дагуулсан Пуанкарийг XIX зууны ноймор нэг математикчаар тодруулсан байдаг. “Пуанкаре шинэ атар газар эзэмшин тариа тарьж, ургацыг нь бид хураан авдаг” гэсэн хошигнол математикчдын дунд явдаг. Пуанкарегаас хойш онол ба хэрэглээг хослуулсан универсаль математикчдын эрин дуусаж, математикийн нарийн салбаруудын эрин эхэлсэн гэж үздэг.

1900 онд Францад зохиогдсон Дэлхийн математикчдын 11 их хурал дээр Германы суут математикч Д.Гильбертын дэвшүүлсэн математикчдын шийдвэрлэх ёстой 23 асуудал нь XX зуунд хөгжих математикийн чиг хандлага, хэтийн төлвийг тодорхойлж, дэлхийн математикчдийг шинэ эрэл хайгуул, онолын судалгаанд уриалан дуудсан түүхэн том үйл явдал болсон билээ.

Д.Гильберт нь XX зууны эхэн үеийн гарамгай математикч юм. Тухайн үед харьцангуйн онолыг Гильберт үү, эсвэл Эйнштейн нээсэн үү гэдэг асуудал гарч байсан гэхээр ямар хэмжээний универсаль математикч гэдэг нь тодорхой. Д.Гильбертийн дэвшүүлсэн асуудлуудаас 2016 оны байдлаар шийдэгдээгүй дөрвөн асуудал үлдсэн бөгөөд түүний нэг болох комплекс хувьсагчийн тэгшитгэлийн шийдийн талаарх Риманы алдартай таамаглал одоо болтол шийдлээ хүлээсээр байна. Математикийг аксиомчлах хандлагаар математикийн бүх салбаруудыг нэгтгэсэн нэг том онолыг байгуулах асуудлыг дэвшүүлж байсан Д.Гильбертийн зоримог программыг 1931 онд Австрийн математикч Курт Гёдел няцаасан нь XX зууны математикт гарсан хамгийн том үр дүнгүүдийн нэг болно.

Математикийн аксиомуудын дурын систем гүйцэд биш байх тухай Гёделийн теоремыг Английн математикч, физикч Роджерс Пенроуз ашиглан хүний уураг тархи ба компьютерийн хоорондын зарчмын ялгааг харуулсанюм. Өөрөөр хэлбэл, логик схемээр хязгаарлагдсан компьютерт тооцоолон гүйцэтгэх талаараа хүнээс илүү чадвар байдаг ч хүний уураг тархины бүхий л үнэнийг гүйцэд мэдэж, шийдвэр гаргах чадвар нь хэзээ ч байхгүй ажээ. Формаль-логик сэтгэлгээний явцуу талыг яруу харуулсан Гёделийн теоремыг ХХ зууны эхэн үеийн агуу нээлтүүд болох харьцангуйн онол ба квант механикийн нээлтүүдтэй эн зэрэгт тавьдаг билээ.

1936 онд Английн математикч Алан Тьюринг орчин үеийн тооцоолон бодох техникийн ажиллах зарчимын онолын үндсийг тавьсан юм. ХХзууны шинжлэх ухааны онцлог бол математикийн хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж, шинэ онол арга нээлтүүдийг төрөл бүрийн салбарт хэрэглэх болсон явдал юм. Түүнчлэн математикийн шинэ онол, чиглэлүүд зөвхөн практик хэрэглээнээс төдийгүй өөрийн хөгжлийн дотоод зүй тогтол, шаардлагаар дэвшигдэн гарах болж, математикийг салбар бүрт хэрэглэж байгаатай холбоотойгоор математикийн хэрэглээний салбарууд үүсэв. Жишээлбэл, биологийн математик, уул уурхайн математик, санхүүгийн математик, эдийн засгийн математик, компьютерийн математик, инженерийн математик зэргийг нэрлэхэд ойлгомжтой. Мөн халдварт өвчний тархалтыг тооцох математик аргууд шинээр бий болжээ. Энэ аргуудыг корона вирусийн тархалтанд ашигласан эрдэм шинжилгээний бүтээлүүд дотоод, гадаадад хэвлэгдсээр байна.Америкийн Мэрилэндийн Санта Маригийн коллежийн профессор Дэвид Кунг корона вирусийн тархалтыг тооцоход шугаман ба илтгэгч загварыг ашиглах талаар судалгаа хийсэн байна. http://(https://www.youtube.com/watch?vPOmuHKzt7HA)

 

Халдвар авсан хүмүүсийн тоо өдөрт хоёр дахин өсөх жишээг авч илтгэгч загвараар тооцоо хийж үзэхэд хоёр халдвартай хүн маргааш нь дөрөв, нөгөөдөр нь найм болох жишээтэй. Ингэж үзвэл хэсэг хугацааны дараа энэ тоо аймшигтайгаар хэт их өсөх нь мэдээж. 20 өдрийн дараа халдвар авсан хүмүүсийн тоо илтгэгч загвараар 1 сая давах нь ойгомжтой байна.Халдварт өвчин судлалд дамжуулан халдварлуулах тоо (Ro) гэдэг ойлголт байдаг бөгөөд нэг хүн халдвар тээж явах хугацаандаа дунджаар хэдэн хүнийг халдварлуулах вэ гэдгийг илтгэдэг. Хэрвээ Ro>1 бол илтгэгч загвараар бүр галд тос нэмсэн юм шигөснө. Ro<1 болох тусам өвчин аажмаар буурсаар дарагдана. Иймд дамжуулан халдварлуулах тоог бууруулах, 1-ээс бага байлгах хамгийн сайн арга нь хүмүүс бие биетэйгээ харьцахгүй байх юм байна. Хэрэв хүн бүр гараа тогтмол 20 сек угааж, маск зүүвэл дамжуулан халдварлуулах тоо буурч, халдварлалтын муруй тэгширч, буурсаар өвчин алга болно гэж математик талаас нь тайлбарлажээ. Иймээс бид өөрсдийгөө аль болох тусгаарлавал Ro=0 болох бөгөөд энэ нь зайнаас харьцах, хамар, амаа хаахын чухлыг илтгэж байна. Манай математикчид коронавирусийн монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцсон прогноз судалгаа хийж үр дүнг төр засгийн удирдлагын сонорт мөн Эрүүл мэндийн яаманд аргачлал, зөвлөмж хэлбэрээр хүргүүлээд байгаа билээ.

 

Математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Р.Энхбат