Байнгын  хорооны хуралдааны ирц бүрдэхгүй,  УИХ нь  Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг шиг болсон нь өнөөгийн улс төрийн бодит төрх.  Тиймээс  Монгол улсын Ерөнхийлөгч  давхар дээлийг тайлах хуулийн төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан нь өнгөрсөн оноос эхлэн “мода”-нд орсон. Зарим нэгэнд нь зол завшаан, заримд нь золгүй явдал мэт санагдах энэхүү  хуулийн төслийг  анхнаас нь дэмжсэн гишүүд бол  Г.Баярсайхан, М.Батчимэг,  Д.Ганбат, Ц.Баярсайхан, Ц.Цолмон  нар.   Тэд хуулийн төслийг уухайлан дэмжин байр сууриа илэрхийлж байсан цаг саяхан.  Харин  өчигдөр  болсон  УИХ-ын нэгдсэн хуралдааны  санал хураалтын  үеэр тэд хэлсэн, ярьснаасаа эсрэг үйлдэл хийж,  хоёр нүүр гаргав.  

Давхар дээлийг тайлах ёстой гэж хэлж байсан тэдний үгийг хамтдаа эргэн санацгаая.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Нэг минутын өмнө ч гэсэн энэ хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Манай сайд нар сайдын алба уу, гишүүний алба уу гэдгээ сонгож болохоор байгаа. Үнэхээр Ардчилалын төлөө яаж явдагаа харуулах хэрэгтэй байна.

 

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Монгол төр хамгийн томорсон үедээ ирсэн гэж бодож байна.  Засгийн газарт 19 яам, 19 сайдтай энэ бол гурван сая хүн амтай Монгол улсад асар их тоо гэж би бодож байна. Есөн яамтай байхад л болно. Есөн яамтай ажиллаж байсан түүх бий. Мөн засаг төрд ажиллаж байгаа хүмүүс ах дүү, хамаатан садангаа төрд ажиллуулах зүйл ажиглагдаж байна. Монгол төр цомхон байх ёстой. Хууль батлагдан алх тогшсон мөчөөс л хэрэгжих хэрэгтэй. Энэ парламент Давхар дээлээс татгалзаж чадвал Монгол улсын төрийн төлөвшилд үнэтэй хувь нэмэр болох нь гарцаагүй юм.

УИХ-ын гишүүн  М.Батчимэг: Энэ хуулийг УИХ ойрын өдрүүдэд хойш­луу­лалгүй хэлэлцэх шаард­лагатай. Өнөөдөр сайд нар давхар дээлтэй, УИХ-ын гишүүн, сайдын ажлыг давхар хийж бай­гаа нь УИХ ч, Засгийн газар ч хариуцлагагүй байх гол үндэс болж бай­гаа. Дээрх нь суудлаа олохгүй бол доорх нь гүйд­лээ олдоггүй гэдэг биз дээ. Хариуцлагагүй Засгийн удирдсан тө­рийн алба яаж хариуц­лагатай ажиллах юм бэ. Тиймээс төрөө ухаалаг болгохыг хүсч байгаа бол УИХ өөрөөсөө энэ ажлыг эхлэх ёстой. Үлгэрлэх ёстой. Сайд нар давхар дээлээ тайлах цаг нь бол­сон. Иймээс хуулийг 2014 оноос хэрэгжүүлэхээр батлуулах ёстой. Төрийн ажил муудаад, байдал хүндрээд байгааг хар­саар байж 2016 он хүртэл явуулж болохгүй. Энэ бол ганц миний байр суурь биш, хэн нэг хувь хүний эсрэг ажил ч биш, зарч­мын шаардлага болчи­хоод байгааг олон хүн зөвшөөрч байна шүү дээ. УИХ-д надтай адил бодол­той хүмүүс цөөнгүй байгаа гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн Ц.Цолмон: Энэ оноос л хэрэгжүүлэх ёстой. 2014 оны долдугаар сараас хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэг байгаа. 2016 он болтол хүлээх шаардлага байхгүй. Эвслийн гишүүд ямар байр суурьтай байгааг мэдэхгүй юм. Миний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гагцхүү хэрэгжих хугацаа нь 2016 он биш наана нь байх ёстой байх аа.

Ингэж ярьж байсан УИХ-ын эрхэм гишүүд өчигдөр  ярьснаасаа эсрэг санал өгсөн байгаа юм.   Доорхи зураг үүнийг гэрчилнэ. 

 

Ярьсан хэлснээсээ өөр үйлдэл хийж байгаа  гишүүдийн энэ үйлдлийн цаана хэн нэгнээс  мөнгө, амлалт авсан байх гэсэн хардлагыг төрүүлж байна.  Хэн тэдэнд  дараагийн Засгийн газарт албан тушаал хэмээх  “бялуунаас”  хувь хүртээж,  их хэмжээний  мөнгө амласан  бол гэдэг нь  сонин?  

“Давхар дээл”-ийг тайлах санал хураалтад сайд нарыг оролцуулахгүй байх асуудал яригдаж байсан ч хэрэгжсэнгүй. Ц.Баярсайхан гишүүн хүртэл санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдээд байсан ч  албан бичгээ эргүүлэн  татаж  онигоо боллоо.

Ичих нүүрээ элгэндээ наасан  улс төрчдийн тоо өчигдөр таваар нэмэгдсэн нь Монгол төрийн эмгэнэл юм.  Харин  ярьснаасаа буцаж хоёр нүүр гаргагчид ичиг ичиг...

А.Баярмаа