Хуульч Г.Уянгахишигтэй ярилцлаа. Тэрээр УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин агаад УИХ-ын 2020 оны сонгуульд ХҮНамаас нэр дэвшсэн юм.

Та УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн, одоо НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна. Өөрөөр хэлбэл улс төрд орж байна гэж дүгнэж болох байх. Яагаад улс төрд орох болсон бэ гэдгээс яриагаа эхлэе.

 

Би оюутан байхаасаа л улс төрийн идэвхитэй оюутан байсан. 1999 онд МонголыН Социал Демократ Намын гишүүнээр элсэж байлаа. Улмаар Германы Социал демократ намын дэргэдэх Фридрих Эбертийн сангаас тэтгэлэг авч, Бонн хотын их сургуульд магистр хамгаалсан. Тус сан оюутнуудад улс төрийн сургалтууд зохион байгуулдаг байж билээ. Тэр үед л социал демократ үзэл баримтлал зүрх сэтгэл, тархинд минь гүн суусан. Энэ үзэл баримтлал миний үнэт зүйл, үзэл баримтлалтай нийцдэг.    

УИХ-ын 2020 оны сонгуульд яагаад нэр дэвшсэн бэ гэвэл нэгдүгээрт, Би дөч гарчихлаа. Хориод жил хувийн хэвшилд ажилласан байна. Хувийн хэвшилд ажиллах явцдаа улс төрийн шийдвэрүүд зөв гарахгүй, бизнес эрхлэгчид  мөрөөрөө бизнесээ эрхлээд явах боломжгүй, хууль, эрх зүйн зохицуулалт, батлагдаж байгаа хууль тогтоомжууд,   хуулийн үндсэн амин сүнсүүд алдагдаад байгааг анзаарсан. Энэ тал дээр хуульч хүний хувьд сэтгэл, зүрх эмтэрсэн. Хоёрдугаарт нөгөө талд эх хүний хувьд хүүхдүүдийнхээ ирээдүйг бодсон. Энэ нийгэм чинь  улам бүр  доройтоод байна.

Бид нарын үүрэг бол энэ Монгол улсаа, тусгаар тогтнолоо, хүмүүнлэг ардчилсан хэлбэрээр нь үр хүүхдүүддээ хүлээлгэж өгөх ёстой. Өнөөдөр бид нар энэ хоёр том гүрний дунд байгаа тусгаар тогтнолоо хамгаалж авч үлдэх ёстой. Гучин жилийн өмнө олж авсан ардчиллын үнэт зүйлээ алдахгүй байх ёстой.

 

Ардчилал гэдэг бол зүгээр нэг намын нэр биш. Демокраси гэдэг бол хувь хүний эрх чөлөөний баталгаа. Үүнийг бид  авч үлдэх ёстой. Өнөөдөр бид идэж уух, өмсөж зүүх, орох орон гээд анхдагч хэрэгцээнээсээ болоод ардчилал гэдэг том үнэт зүйлээсээ ухарч болохгүй. Энэ болгоныг хамгаалж үлдэх нь хувийн хэвшилд ажиллаж байгаа, боловсорч суралцаж байгаа, гадаад, дотоодод боловсрол эзэмшээд ирсэн, өөрөө өөрийнхөө амьдралыг аваад явж байгаа бид нарын үеийн залуучуудын үүрэг. Ийм олон талын түлхэц, хүчин зүйл байсан учраас улс төрийн идэвхээ сэргээж, УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн. 

 

1999 онд Монголын Социал Демократ Нам буюу аавынхаа намд элсэж байсан хүн 20 жилийн дараа яагаад ХҮН-ыг сонгох болов? Монголд Зүүн төвийн үзэлтэй олон нам бий шүү дээ.

 

МАН, МАХН зүүн төвийн үзэл баримтлалтай. Тэр бүү хэл Ардчилсан Нам хүртэл  сүүлийн үед зүүн төвийнх болчих гээд байна шүү дээ. 

Гэхдээ намууд  үзэл баримтлал гэхээсээ илүүтэй масс юу хүсэж байна вэ гэдгээр популизм хийгээд байна. Хэрвээ дундаж давхарга олонх болчихсон байсан бол бид заавал социал демократ үзэл баримтлалыг аваад байх шаардлага байхгүй. Гэтэл өнөөдөр нийгмийн эмзэг давхарга ихэсчихлээ, тэгш боломж байхгүй болчихлоо. Ийм үед социал демократ буюу зүүн төвийн үзэл баримтлалт яалт ч үгүй үгүйлэгдэж байна.

Зүрх сэтгэлээрээ социал демократ үзэлтэй, ард түмний хүсэл дээр популизм хийдэггүй залуучууд нэгдсэн байсан учраас ХҮН-ыг сонгосон. 

Өмнөхөө хийчихсэн, өөрийгөө харуулчихсан,  хориод жил хувийн хэвшилд ажиллацгаасан тэр залуучуудад итгэсний үндсэн дээр ХҮН-д гишүүнээр элссэн. Хүмүүсийн ярьж байгаа шиг МАН, АН-аас нэр дэвшсэн бол хялбархан УИХ-ын гишүүн болж, эрх мэдэлд хурдан хүрч магадгүй. Гэхдээ надад тэдний  гар хөл болж улс төрд орох хэрэг алга. Хүний өөрийн сэтгэлгээний эрх чөлөө гэдэг бол маш чухал. Бид өөрсдөө зөв гэж бодсон юмныхаа төлөө чөлөөтэй дуугардаг, чөлөөтэй шийдлийг гаргадаг, хэрэгжүүлдэг, түүнийхээ төлөө зүтгэдэг баймаар байна. Тийм учраас л цэвэрхэн эхэлж байгаа, цэвэрхэн явна гэж зорьж байгаа тэр залуучуудтайгаа нийлээд нэг шинэ юм босгоё гэсэн юм. Одоо бол ХҮН улс төрийн гуравдагч хүчин болчихлоо шүү дээ. 

 

Таны аав БНМАУ-ын анхны бөгөөд цорын ганц дэд ерөнхийлөгч, УБХ, УИХ-ын дарга байсан Р.Гончигдорж шүү дээ. Улс төрд орох таны шийдвэрийг   аав тань хэрхэн хүлээж авсан бэ. Ямар нэгэн захиас, зөвлөгөө өгсөн үү? 

 

Би аавынхаа өлсгөлөн зарлаж, суулт хийж байснаас эхлээд үзэл баримтлалдаа үнэнч явсан он цагийг нь сайн мэднэ. Хүмүүс хичнээн муугаар хэлдэг ч гэсэн аавыгаа бодит амьдрал ямар хүн бэ гэдгийг нь би мэднэ. Тэр хүн магадгүй ганцаардсан байж болно, цөөнх болсон байж болно. Ямар нэгэн лобби, эдийн засгийн эрх ашигт автаагүй байж болно.   

Энэ болгон дээр хувь хүнийхээ хувьд  тэр хүн юуг зорьж байсан юм, юуг хийж чадсан юм, юуг хийж чадаагүй юм гэдгийг нь харж байсан учраас улс төр рүү орох, аавынхаа хийж чадаагүй бүхнийг, аавын маань бодож санаж байсан юм нь магадгүй энэ гучин жилд амжаагүй байж болно. Үүнийг нь бид нар үргэлжлүүлээд явах ёстой. Энэ хүний мөрөөдөж, хүсэж байсан юм нь ингээд дуусна гэхээр харамсалтай. Энэ бол ямар нэгэн эрх ашиг биш. Энэ бол өөрөө үнэт зүйл, үзэл баримтлал. Тэгэхээр нөлөөлөөгүй биш нөлөөлсөн.

 

Нөгөө талаас аавын хувьд бол намайг улс төр лүү орно, ХҮН-д элсээд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшлээ гэхэд үнэхээр цочирдож, гайхаж хүлээж авсан. Намайг улс төрд орно гэж төсөөлөөгүй байх. Нөгөө талаас цочсон ч гэсэн дэмжиж хүлээж авсан. Улс төрч хүнд маш их сөрөг зүйлс ирнэ. Энэ бүхэн дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа юу гэж асууж байсан.

 

Намайг УИХ-ын  2020 оны сонгуулиар их олон хүн дэмжиж, сайхан хүлээж авсан. Сөрөг дайралтууд бага ирсэн. Миний хувьд ямарваа нэг байдлаар авлига, хээл хахууль, ямар нэгэн бизнесийг босгохын тулд төрийн эрх мэдлийг ашигласан  зүйл байхгүй учраас илүү зоригтой явж байгаа.

 

 

УИХ-ын 2020 оны сонгууль таны хувьд  анхны сонгууль байсан. Сонгуулийн үйл явц, үр дүнг хэрхэн дүгнэж байна. Шударга сонгууль болж чадсан уу?

 

 

 Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр сонгуулийн маргаашаас эхлээд л ингэчихлээ, тэгчихлээ гээд явах хэцүү.   

Ер нь хүчний тэнцвэргүй тулаанд орсноо бид нар мэдэж байсан. МАН үнэмлэхүй ялалт авах нь тодорхой байсан. Гэхдээ бид юуг зорьж байсан бэ гэхээр биднийг дэмжиж байгаа, сонголтгүй болчихлоо гэсэн тэр хэсэгт  сонголт болж очъё л гэж бодсон. Өнөөдөр үр дүн нь гараад бид парламентад суудалтай улс төрийн хүчин болчихлоо шүү дээ. Тэгэхээр сонгуулийн тогтолцоо өөрөө зөв биш учраас энэ сонгуулийн үр дүн ийм л гарахаас өөр аргагүй болчихсон. Хар машин буруу ажиллалаа ч гэдэг юм уу, янз бүрийн  луйвар гарлаа гэдэг энэ бүгд өөрөө цогц асуудал юм. Тэгэхээр машин өөрөө ухаантай биш. Тэр буруу ажиллалаа гэдэг юм байхгүй байх. Гол нь тийшээ хийж байгаа саналын хуудсууд яг зөв орсон уу? Бид нарыг дугуйлсан саналын хуудсууд уншигдсан уу гэдэг л асуудал байгаад байгаа юм. Нөгөө талаасаа мөнгөний сонгууль болсон гэж ярьж байна. Тухайн тойргоос гарахын тулд ямар мөрийн хөтөлбөр боловсруулаад байгаа юм гэхээсээ илүүтэйгээр шинэ жилээр надад хэн бэлэг өгсөн билээ,Цагаан сараар надад хэн дээлийн торго өгсөн билээ, Наадмаар хэн над руу шуудай гурил явуулсан билээ гэдэг ийм анхан шатны хэрэгцээнийхээ төлөө иргэд сонгууль өгөөд байна.   

Зүгээр нэг бэлэг өгчихөөр нь саналаа өгчихдөг байж болохгүй. 

Бид нар өөрсдөдөө хүндэтгэлтэй хандах ёстой. Чиний өгч байгаа тавин мянган төгрөг, зуун мянган төгрөг, шуудай гурил чинь юу юм бэ?, бидэнд өнөөдөр чиний УИХ-д гараад юу хийх чинь л сонин байна гэдэг асуултыг тавьдаг байж, энэ хэмжээгээр сонголт хийдэг болж байж бид өөрсдийнхөө жинхэнэ төлөөллийг гаргана. 

Сая ХҮН сонгуульд зуун хэдэн саяыг л зарцуулсан. Гэтэл МАН таван тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Энэ их мөнгийг зарцуулаад, дээрээс нь нэр дэвшигчид чинь бараг тэрбум гаруй төгрөг зарцуулчихсан байдаг. Гэтэл бид гуч, дөчин саяыг зарцуулсан байдаг. 

 

Нөгөө талаас сонгуулийн мажоритар систем байгаа нөхцөлд том намууд буюу мөнгөтэй хүмүүсийн тоглоом болоод л явна.

Үүнээс бид нар гарах ганц боломж нь пропорционал систем рүү шилжих буюу намууд хоорондоо  өрсөлддөг болох ёстой. Бодлогоор өрсөлддөг болох ёстой. Намууд бодлогоор өрсөлдөөд пропорционал систем ороод ирвэл яах вэ гэхээр нөгөө том нам дотор байгаа нөгөө том толгойнууд чинь намынхаа бодлогыг дэмжиж эхэлнэ. Тэр хүн өөрийгөө таниулахын тулд өчнөөн тэрбум төгрөг зарах хэрэггүй болно. Ингэж их мөнгө зарцуулах ямар шаардлага шалтгаан байгаа юм бэ.   

Намууд зөвхөн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөөрөө уралддаг байх ёстой. Ингэвэл сонгууль илүү хөнгөн болно. Дээрээс нь улс төрд орохоос залуучууд айж, эмээхээ болино. Хамгийн гол бид нарт дутагдаж байгаа юм нь санхүүжилт.    

 

Ирэх жилүүдэд Монгол улс маш их хэмжээний мөнгийг өрөндөө өгнө. Үүнийг дагаад эдийн засаг, ард иргэдийн амьдрал ч нэг их сайжрахгүй байх. Ингэхээр 2024 онд дахиад л ходоодны сонгууль өгөх байх?  Эрх баригчид ч сонгуулийн хуулийг өөрчлөхгүй болов уу? Үүний эсрэг ХҮН ер нь юу хийж чадах вэ? 

 

Хамгийн эхний алхам нь орон нутгийн сонгууль. 

 Орон нутгийн сонгуульд  манай намын удирдлагууд УИХ-д нэр дэвшсэн бүтэн багаараа орох гэж байгаа. Нийслэлийн сонгуулийн хороонд, дүүргүүдийн сонгуулийн хороонд бүртгүүлчихсэн. Эхнээсээ эрхээ аваад эхэлчихлээ. Тэгэхээр яагаад орон нутгийн сонгуульд нэр дэвших болов оо гэдэг асуулт байгаа.   

Бид нар ядаж нийслэл хотоо гоё болгочихъё. Нийслэл хот гэдэг нь Монголын нийт хүн амын тавин хувь төвлөрчихсөн газар.   

Энэ төвлөрөл, энэ олон нийт ямар нөхцөл байдалд амьдраад байгаа билээ. Тэгвэл бид нийслэл дээрээ юм хийе л дээ. Хэрвээ сонгогчид итгэл үзүүлчих юм бол бид нар энэ хот дээр юу хийж чадах юм бэ гэдгээ харуулъя. ХҮН-д инженерүүд, боловсролын, санхүүгийн реформынхон байна. Иймээс бид жинхэнэ реформ хийгээд үзүүлье ээ. Бид нарыг та нар юу хийсэн юм бэ?, яасан юм бэ? гэж түүх асуугаад байгаа бол бид нарт боломж олгочих.  

Бид  тэр түүхийг гаргаад өгье.   

 Дөрвөн жил гэдэг энэ замбараагүй болчихсон хотыг өөрчилж,  шинэчлэхэд богино хугацаа байх. Гэхдээ эхлүүлэх боломж бий. Нэлээн олон зүйлийг хийж чадна гэж бид бодож байгаа. Мөрийн хөтөлбөртөө ч тусгачихсан. Энэ бол хүмүүсийн нүдэнд харагдаж, гарт баригдах бодит зүйл.   

Түүнээс том намынхан шиг дөрвөн жил торго дурдан тараахгүй. Бид нарт  тийм боломж ч байхгүй. Тэгэхээр энэ дөрвөн жилийн хугацаанд хүмүүсийн  ходоодны сонгууль хийхгүй байх сэтгэл зүйг бид нар бэлдье л гэдэг зорилготой байгаа. Энэ тал дээр ХҮН-ын судалгааны баг, судлаач эрдэмтэд тодорхой судалгаатай, төсөвтэй, төлөвлөгөө  гаргачихсан байгаа. Үүнийгээ бид нар Улсын Их Хурлын Гишүүнээрээ дамжуулаад төр засагтаа хүргэнэ. Батлуулах тал дээр ажиллана.   

Тэртээ тэргүй 2024 онд байдал өөрчлөгдөхгүй юм чинь гээд гараа хумхиад сууж болохгүй. Тэгэх юм бол нөхцөл байдал дээрдэхгүй шүү дээ. Явсан нохой яс зууна гэдэг шиг хийгээд л байх юм бол жижигхэн ч гэсэн ахиад л байна. Таваар арваар, гучаар дөчөөр үүнийг ойлгож хүлээж авч байгаа хүмүүсийн тоо ихсээд л байна. Үүний төлөө бид нар ажиллаад л явна. Үргэлжлүүлээд л явна. Гагцхүү 2024 он болтол  улсын маань эдийн засаг сөхөрчихгүйхэн шиг яваасай. Үүний төлөө төр засагт байгаа хүмүүс мэргэжилтнүүдийнхээ, эдийн засагчдынхаа үгийг сонсоосой. Энэ их хямралыг аятайхан даваад гарчхаасай л гэж бодож байна. 

 

Та 2024 оны НИТХ-ын сонгуульд дэвшиж байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалт ярих цаг болоогүй ч гэсэн Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлууд нүдэнд ил харагдаж байна. Түгжрэл, утаа, хөрсний бохирдол, замбараагүй газар олголт гээд. Эрх зүйч хүний хувьд эдгээр асуудлуудыг шийдэж болох ямар хувилбар гарц, гаргалгаа харагдаж байна вэ?

 

 Нэгдүгээрт бид  хууль дүрэм, журмаа мөрдүүлдэг болгох хэрэгтэй. Өнөөдөр бид нар баталчихсан маш олон стандарт, дүрэм, журмууд байна. Түүнийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хяналт, хотын  захиргаа гэх мэт байгууллагууд байна Хоёрдугаарт мөрийн хөтөлбөрөө бид дэлгэрэнгүй танилцуулна. Энэ мөрийн хөтөлбөр маань  яг л одоогийн байгаа бодит байдал дээр үндэслэж хийгдсэн. 

Өнөөдөр арван есдүгээр зууны эхэн үеийн модон жорлон одоо хүртэл хэвээрээ байгаа явдлыг төрийн удирдлагууд  сэтгэлгүй байна л гэж дүгнэхээс өөр аргагүй. Үүнийг өөрчилж болно. Бид өнөөдөр нэг агаараар амьсгалж байгаа. Зайсанд очоод хэвтчихээрээ энэ хойд талын хөрсний бохирдол хамаагүй гэж хараад байгаа юм. Ийм байж болохгүй. Өнөөдөр хотын иргэн л юм бол бүгдэд хамаатай.

Энэ бүх борооны усаар чинь тэр бүх хөрсний бохирдол талаар нэг тархаж байна. Өнөөдөр Зайсанд амьдраад байгаа хүүхэд чинь хотын төвд ирээд сурч байгаа шүү дээ. Энэ гудамжаар Шангри-Ла дэлгүүр рүү орж байгаа шүү дээ. Энэ гудамжны усыг туулаад явж байгаа.Гэтэл энэ ус чинь өөрөө хойноосоо урсаад ороод ирж байна. Ядаж улсын эрх ашиг, хотын эрх ашиг гэж боддоггүй юм бол хувь хүнийхээ нэг жижигхэн эрх ашгаа бодоод үзээч ээ.   

Сэтгэл гаргаад хийх юм бол энэ дээр хийж болохгүй, их мөнгө шаардах ажил бол биш.Тэгэхээр үүнийг хийх боломж дүүрэн байгаа гэж харж байна. Инженерийн шийдлүүд нэлээн их гарсан байгаа. Тэр модон жорлонгууд дээр ТББ-ууд маш олон янзийн шийдлүүд гаргаж ирж байна. Илүү олон судалгаатай ажил хийж байна. Яагаад төрийнхөн тэд нарыг ашиглахгүй байгаа юм. Өнөөдөр утаатай тэмцэнэ гээд л байна. Тэгээд шахмал түлш гээд дахиад л маш их мөнгө зарцуулаад яваад л байна. Яагаад Амгалангийн дэд станц шиг станцуудыг барихгүй байгаа юм. 

Өнөөдөр борооны ус ямар их урсаж байна. Гэтэл энэ чинь өөрөө бас нөөц шүү дээ. Байгалийн нөөц. Тэгэхээр үүнийг хаана ашиглах ёстой юм бэ. Хаана цуглуулах ёстой юм бэ. Социализмын  бүх юм муу биш шүү дээ. Тухайн үед хот төлөвлөлт маш зөв хийгдэж байсан. Тухайн үеийн ачаалал одоогийн тооцоолсон шиг биш байсан. Тэгэхээр энэ тооцооллын үед хийгдэж байсан бороо усны зайлуулагч, зам хийхдээ стандарттай барих ажил явж байсан. Гэтэл бид л нөгөө  стандартаа бариагүй. Зам барьж байгаа компаниуд дээр тэр шаардлагыг нь тавьж байх ёстой. Ус зайлуулагчийг нь төө дээр хийчихсэн. Энэ чинь зүгээр хэлбэрдэлт .

Тэр замын мэргэжилтнүүд энэ дээр хяналтыг нь тавиад, стандартыг нь хангуулаад явж байсан бол өнөөдөр тэр замын ус бордьюр давж нүхээр гарах биш урсаж байгаа газарт нь нүх хийх ёстой байсан гэх мэтчилэн.  Бид нар өөрсдөө хотдоо амьдарч байж сэтгэл дутсан юмнууд маш их хийж байна.   

Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг бол жижиг хэмжээний их хуралтай шүү дээ. Бодлого боловсруулна. Дүрэм журам стандартуудаа боловсруулна. Нийслэлд юу хийж болох юм, юу хийж болохгүй юм гэдгийг батална. Тэгэхээр эрх зүйч хүний хувьд, хуульч хүний хувьд юу гэж харж байна гэхээр энэ стандартуудыг хэр баримталж байгаа юм гэдгээр дүүргүүд дээр асуудлыг тавьдаг байх ёстой. Шинээр газар олголтууд дээр маш хариуцлагатай хандаж байх ёстой. Хууль бусаар олгогдсон газруудыг буцааж хурааж авч, тэр газрууд дээр ногоон байгууламж барих ёстой. Хотын хэдэн хувь нь ногоон байгууламж байх ёстой юм. Хот төлөвлөлт яаж явах ёстой юм. Энэ болгоныг эрх зүйн хувьд дүрэм журмын хувьд стандартчиллын хувьд буулгана.  Сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараа бид таван чиглэлээр гэдэг юм уу, зургаан чиглэлээр детальчлан ийм ийм төлөвлөгөөтэй байна гэдгээ танилцуулаад явна.

 

Хуульч хүнтэй уулзаж байгаагийн хувьд 2016-2020 оны УИХ-ын баталсан Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар асууя. Эрх баригчид Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөө бараг гавъяа мэтээр ярьж байгаа. Гэтэл 6-гийн 2 гээд бас шуугиан тариад байна?

 

   Үндсэн хууль бол  Монголын ардчилсан эрх зүйт төрийн тогтнож байгаа гол үндэс суурь. Үндсэн хуульдаа суурилаад бид нар юу нь болохгүй юм, юу нь болох юм гэдгээ зохицуулж байгаа. Засаглал ямар байх ёстой юм, хараат бус байх ёстой гээд энэ бүх юмыг баталгаажуулж байгаа зүйл бол Үндсэн хууль. Тэгэхээр Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шалтгаан буюу шаардлага бол маш их байсан. Гэхдээ энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуульч бидний хүсэж байсан өөрчлөлтүүд хангалттай орж чадаагүй.

Эхний явж байсан төслүүд дээрээс нэлээн олон заалт хасагдсан. Мөн хуулийн техникийн хувьд хэрэгжилт дээр бас алдаа гарсан.

Үүн дээр аль аль талаасаа хуульчдын дунд нэлээн маргаан мэтгэлцээн явсан. Хуульчид дотроо салбар салбараар мэргэшсэн. Тэгэхээр тэр мэргэшсэн хуульчдын бас ярьж байгаа хэлж байгаа зүйлийг бид сайн ойлгож, хүлээж авах ёстой. Хууль эрх зүй, үндсэн хуулийн эрх зүй гэдэг өөрөө амтай болгон яриад байх, өөр өөрийнхөө үзэмжээр тайлбарладаг зүйл биш.

6.2 гээд л баахан маргаан үүсгээд  яваад байна. Миний харж байгаагаар популизм талдаа  л илүү шуугиад байх шиг.

 

Төрийн нийтийн өмч гээд оруулаад ирчихсэн. Төрийн өмч гэж хуучин нэр томьёогоороо байхад асуудалгүй байсан. Төрийн нийтийн өмч болгож оруулж ирсэн нь төрийн өмч гэхээр төр өмчилж байгаа тусдаа биет болчихоод байна. Төрийн нийтийн өмч гэснээрээ ард түмний өмч болж байгаа юм гэж яриад байна. Гэтэл төр гэж байхгүй шүү дээ. Төр гэдэг чинь өөрөө ард түмэн. Тэгэхээр төр өмчилж байна аа гэдэг чинь ард түмэн л өмчилж байна гэсэн үг. Гэтэл төрийн нийтийн өмч, төрийн өөрийн өмч хоёр бол өөр ойлголт гэсэн юм яриад байна. Тэгэхээр энэ бол өөрөө тусдаа зохицуулалттай явах ёстой зүйл. Энэ нь газрын тухай хуулиараа гэдэг юм уу? бусад дэд актуудаараа зохицуулагдаад явж байгаа. Тэгэхээр яг үүнийг заавал орох ёстой байсан уу, үгүй юу гэдэг дээр би бас нэг их айхтар сүртэй сэтгэгдэл хэлээд яах вэ. Гэхдээ нөхцөл байдал одоо хүмүүсийн яриад байгаа шиг, шуугиад байгаа шиг айхтар дордчихсон зүйл бол байхгүй гэж хэлмээр байна аа. Нөгөө талаасаа бидний хүлээлт шүүхийн хараат бус байдлыг бий болгох дээр маш том хүлээлттэй байсан. Гэтэл энэ бас хангалттай шийдэгдэж чадаагүй. Үүнийг хийх гэж оролдсон зүйл нь гэх юм бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумих гэж үзсэн. Ерөнхийлөгчийн эрх хэмжээг заасан зүйл заалт дээрээ оруулсан боловч энэ нь өөрөө үндсэн хуулийн өөр зүйл заалт дээр Ерөнхийлөгчийн ерөнхий шүүгчийг томилдог шүүгч нарыг томилдог эрх нь хэвээрээ л үлдчихсэн. Шүүхийн мэргэжлийн зөвлөл буюу шүүгчдийг сонгох сонголтын байгууллагыг арай олон хүнтэй болгоод, арай илүү олон талаас мэргэжилтнүүд, хуульчид орж ирж хамт сонгох боломжийг бий болгосон. Энэ нэг дэвшил байх. 

 

Ярилцлагынхаа сүүлийн минутыг танд үлдээе.

 

ХҮН орон нутгийн сонгуулийн бэлтгэлдээ орж байна. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийг бодоход ирц багатай явдаг. Хүмүүс бага анхаардаг. Тэгэхээр УИХ-аасаа илүүтэйгээр бидний амьдралд  хамгийн ойрхон тусаж байгаа сонгууль шүү гэдгийг бас ойлгоосой. Идэвхтэй оролцоосой гэж уриалмаар байна. Сүүлийн үед нэлээн их шуугиан тариад байгаа Нийслэлийнхэн өөрсдийгөө шагнасан байна, урамшуулсан байна, Иргэдийн төлөөлөгчид нь мөнгө аваад байна, өндөр урамшуулалтай ажиллаад байна гэсэн асуудал байна.

Энэ болгоноос аваад үзвэл нийслэл гэдэг хамгийн том төсөв бүрдүүлэгч байдаг. Нийслэл дээр маш их хэмжээний мөнгө төвлөрдөг. Тэгвэл энэ их хэмжээний мөнгөөр нийслэлд маш их юм хийж болно.Сонгууль эхлэхээр анзаараарай. Үүн дээр маш их мөнгө урсаж орж ирж байна. Дүүрэгт гарахын тулд, НИТХ-д гарахын тулд их мөнгө зарж байна. УИХ-н сонгуультайгаа адилхан. Тэр хүмүүс тэр их мөнгийг хаанаас олж энд зараад байгаа юм бэ.

 

Үнэхээр хандивлагчдын мөнгө мөн юм уу, биш юм уу. Тэгвэл тэр мөнгийг зарчихаад юунд хөрөнгө оруулаад байгаа юм бэ. Өөрөөр хэлэх юм бол буцаад ямар эрх ашгийн төлөө, ямар мөнгөний үнэрээр тийшээ тэмүүлж байна вэ гэдгийг сонгогчид бид байнга бодож байх ёстой.

 

Яг энэ тархины мухарт заавал байж байх ёстой. Дүүрэг буюу доороосоо анхан шатнаасаа бид нийслэлээ гоё болгочих юм бол энэ улсыг сайхан болгоход хамаагүй дөхөмтэй болно.Тэгэхээр орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Мөрийн хөтөлбөртэй нь бас сайн танилцаарай. Битгий үл ойшоогоорой. Энэ чинь хаалганы чинь гадна гараад ирж байгаа асуудлыг зохицуулах гэж байгаа хүмүүсийн сонгууль шүү.   Бид нарын өмнөөс шийдвэр гаргаж,   мөнгөний зохицуулалтыг хийх гэж байгаа хүмүүсийг сонгох сонгууль шүү гэдгийг иргэд маань ойлгоосой л гэж хүсч байна. 

 

Ч.Явуухүү

sonin.mn