Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 3,4-нд зам, тээврийн ослын 524 дуудлага бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр ослын улмаас 12 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байгаа бол нийслэлд нэг, орон нутагт нэг хүн амиа алдсан байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

Аравдугаар сарын 3-ны 13:45 цагийн орчимд  Дундговь аймаг Хулд сум “Үл олдохын тал” гэх газар асфальтан замд Ria Rhino маркийн автомашин онхолдож, жолооч 19 настай, эрэгтэй амиа алджээ.

Мөн өдрийн 08:32 цагийн орчимд БЗД-ийн Шар хадны зам .... тоот хашааны үүдэнд Mazda Titan маркийн автомашины жолооч нь хашааныхаа хаалгыг хаах үед автомашин нь өнхөрч жолооч, 50 настай, эрэгтэй бетонон хашааны завсар хавчуулагдаж нас барсан харамсалтай явдал болжээ.

Мөн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж ажилласан  байна.

  1. ХУД-ийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, 14 дүгээр байрны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 28 настай, эмэгтэй М-г мөргөж ослын газрыг орхиж явсан хэргийг тус албаны эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж Toyota sai маркийн автомашины жолооч /Др 1,40% /нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг олж тогтоосон.
  2. ХУД-ийн 6 дугаар хороо Наадамчдын гудамж, “Яармаг” барилгын материалын дэлгүүрийн урд замд Nissan Sunny маркийн автомашины жолооч /др:1,89%/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Hyundai Verna маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 настай эрэгтэй М гэмтсэн.
  3. БЗД-ийн 11 дүгээр хороо Хонхорын замд, Toyota prius маркийн автомашины жолооч  /др:0.28%/ нь Toyota prius маркийн /др:0,34%/ жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 52 настай, эрэгтэй гэмтсэн байна.

Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 95 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллажээ.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3 
  • Мөргөлдөх хэлбэрээр-4 тус тус бүртгэгдсэн  байна.