Тэмцэл хөдөлгөөн, гудамжны улс төр өрнөсөн нэгэн долоо хоног
2014/04/20
Аргагүй хаврын өдрүүдийг илтгэсэн жагсаал цуглаан, тэмцэл хөдөлгөөн бүхий гудамжны улс төр өрнөсөн нэгэн долоо хоногийг үдлээ.
Учир нь УИХ-ын чуулганаар ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай буюу давхар дээл тайлах хуулийн төслийг хэлэлцэхдээ холбогдуулан бүхий л хүний анхаарал энэ зүгт эргэлээ. Тиймдээ вальютын ханш, үнийн өсөлт, зам барилга тойрсон асуудлуудаа эдгээр өдрүүдэд түр мартагнасан юм.
МУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, үүнийг “давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл хэмээн нэрийдсэн.
Ингэхдээ тэд давхар дээлтэй гишүүд олширсоноор засаглалын хямралыг бий болгож, улс орны нийгэм эдийн засгийн байдлыг хүндрүүлж байна гэсэн бөгөөд Монгол улсын гэр бүл бүрт “нэг янхан, нэг архичин, нэг хар тамхичин байна” гэх зэргээр лоозогнон, Засгийн газрын 17 сайдын давхарлан нөмөрсөн дээлийг тайлах “шог гараа”-г 37 оныг санагдуулам байдлаар тавьсан нь олны жихүүцлийг төрүүлээд амжсан.
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт Шударга ёс эвсэлийн тав хоногийн завсарлагын хугацаа дуусгавар болж чуулганаар хэлэлцэгдсэнтэй холбоотойгоор хоёр өөр дуу хоолой, өнгө төрх бүхий жагсаалууд Чингисийн талбайд солгойрч, чуулганы танхимд маргаан мэтгэлцээн дагуулсан юм.
Хэрүүл тэмцэлд хүргээд буй гол асуудал бол ердөө л цаг хугацааны үйлчлэл. Түүнээс биш Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэн ч үгүйсгээгүй, улс төр, эрх мэдлийн хуваарилалтад энэ хууль чухлаас чухал гэдэг дээр намын бүлгүүд санал нэгдэж байгаа гэсэн. Эдүгээ хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байна. Ерөнхийлөгч энэ хуулийн хэрэгжих хугацааг уг нь 2016 оны долдугаар сарын 1-нээс хэмээн товлосон. Харин үүнийг сөрөг хүчнийхэн өлгөж аваад нэгэнт хууль баталж байгаа бол хоёр жилийн дараа хэрэгжүүлн, тэр хүртэл хүлээхийг санаархаж буй.
Хуулийн хэрэгжих хугацааг наашлуулснаар улс төрд гүйдэл суудалтай нэг хэсгийнх нь хувьд үүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах боломж гэж харж буй юм. Харин Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хуулийг хэрэгжүүлэх асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураахад чуулганд суусан 69 гишүүний 35 нь дэмжсэн юм.
Нэгдсэн хуралдаанд санал өгсөн байдлаас харвал МАН-ын бүлгийн гишүүд дээр нэмэгдээд Х.Баттулга, Л.Цог, Д.Батцогт, Р.Бурмаа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Ганбаатар, М.Зоригт, Ц.Оюунбаатар нар хуулийг энэ долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх нь зөв хэмээн санал өгсөнөөр ганцхан саналын зөрүүгээр Н.Алтанхуягийн Засгийн газрын оршин тогтнох дархлааг тун эмзэг болгохын сацуу улс төрийн тун сонирхолтой нөхцөл байдлыг бий болгов.
Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж, болохыг ч зарим гишүүд сануулж, Ерөнхийлөгчийн хуулийн төслөө эргүүлэн татах эсвэл хориг тавих хэрэгтэй гэж байгаа бөгөөд Давхар дээлээ тайлах эсэх асуудлыг энэ долоо хоногт эцэслэх гэж байна.
Тэгвэл МУГЖ С.Жавхлан улс төрчдийн дээрх хуулийн төсөлтэй холбоотой зарим нэг үйлдлүүдийг буруутган, Монгол үндэсний дээлээ доромжилсон хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд амжлаа. Ингэхдээ Хууль гаргахын төлөө дээл гэдэг зүйлийг хавчуулж яриад байна. Миний хувьд хүн бүхэн дээлээ өмсөөсэй гэж хүсэж байхад зарим нь тайлах талаар яриад байдаг. Энэ чинь бас бидний өв соёл шүү дээ. Дан дээл давхар дээл гэхийнхээ оронд дан пиджак давхар пиджак гээд ярьж яагаад болохгүй гэж. Дээлээ тайллаа хэмээн улс төрчид шоудаж байна. Яасан ч муухай дээл өмсдөг юм. Монголын өв соёлыг доромжилж байна. Би бүүр тэсэхээ болиод хөдөө орон нутагт тоглолтоо зогсоогоод орж ирлээ. Ард түмэн минь бухимдаж байна” хэмээн ая дуугаа өргөсөн бол долоо хоногийн сүүлээр урлагийнхан цалин хөлчөө нэмэгдүүлэхийг шаардан, мөн л жагслаа.
Засгийн газрын зүгээс төрийн албан хаагчид тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмж, соёл урлагийнхныг орхигдуулсан нь тэдний бухимдах шалтгаан болжээ. Өмнө нь урлагийнхны цалин боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчдынхаас 18 хувийн зөрүүтэй байсан бол өнгөрсөн сард эмч, багш нарын цалин нэмэгдсэнээр одоо 120 мянган төгрөгөөр бага цалин хөлс авч байгаа аж. Тиймээс тэд салбарын сайддаа шаардлага хүргүүлсэн юм.
Б.Баттулга