Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 12-нд нийт 1,030 хүний сорьцод шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Нийт хийгдсэн шинжилгээний 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд тэдгээрт халдвар илрээгүй.

ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрлээ.

Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3,000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа.

Сэлэнгэ аймагт 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 412 боллоо" гэв.