УИХ-ын чуулганы 2014.04.25 өдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүд тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн Эдийн засгийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Уг тогтоолын төсөл нь 23 заалттай юм. Тодруулбал, 

 

1.Эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах арга хэмжээг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/ Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус үүрэг болгосугай:

                                    1/Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсантай уялдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    2/ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах;

                                    3/Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын Баялаг” Холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх;

                                    4/үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг санхүүгийн, бодлогын болон зохицуулалтын арга хэрэгслүүдээр дэмжих хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэх:

                                                4.1.Жижиг бизнес эрхлэгчидтэй яриа, хэлэлцээр хийсний үндсэн дээр тэдэнд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийн зохистой хэлбэрүүдийг тодорхойлж, тэдгээрийн үндсэн үйл ажиллагааны өртөг, зардлыг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлсийн нөлөөллийг саармагжуулах, улмаар бууруулах арга хэмжээ авах, жижиг бизнес эрхлэх зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах арга замыг судалж шийдвэрлэх.

                                                4.2.Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх.

                                                4.3.Томоохон компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх.

                                    5/хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих;

                                    6/Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкнаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    7/бичил, жижиг, дунд бизнесийн хөгжлийн санхүүжилтийн арга хэлбэрүүдийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, Монголбанкны үйл ажиллагааг уялдуулах, энэ чиглэлийн сангуудын үйл ажиллагаанд Монголбанкны оролцоог хангах, сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

                                    8/Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах;

                                    9/валютын ханшийн эрсдэлийг бууруулах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлэх;

                                    10/хөрөнгийн зах зээл, корпорацийн үнэт цаасны зах зээлийн хөгжлийг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих;

                                    11/гадаадад байгаа Монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх;

                                    12/үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор CВОП(SWAP) хэлцэлээр бий болсон боломж,  нөхцөлүүдийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж байгаа болон экспортлогч, импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ашиглах талаар тодорхой бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

                                    13/улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    14/Таван толгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх;

                                    15/үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ их хэмжээний бараа, материал худалдан авдаг төрийн байгууллагууд болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх, ингэхдээ дамжуулан зуучлагчгүйгээр үйлдвэрлэгчээс шууд авдаг болох эрх зүйн орчинг бүрдүүлэх;

                                    16/хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 5 шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх;

                                    17/гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;

                                    18/экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    19/эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх;

                                    20/төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                                    21/бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг голчлон хэрэглэх чиглэлээр УИХ-аас шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх;

                                    22/төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийж байх;

                                    23/хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох талаар тусгасан байна.