Дэлхийн 200 гаруй оронд тархсан коронавирусийн цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон “Токио-2020” олимп ирэх долоодугаар сард болно. Гэхдээ үүнээс наана багагүй адал явдалтай учирч буй. Японы ард түмэн уг олимпыг эсэргүүцэж, үүнийг нь далимдуулан барууны зарим хэвлэлд “Токио-2020”-ыг цуцлах нь зүйтэй гэх утгатай нийтлэл, мэдээлэл гаргах болсон. Харин ОУОХ болон Токиогийн олимпын зохион байгуулагчид үүнийг эрс няцааж, олимпыг аюулгүй явуулахын тулд бүх арга хэмжээг авч байгаагаа дуулгасан. Эцсийн шийдвэр гуравдугаар сард гарах учиртай. Ямартай ч халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулахаас эхлээд олимпын үеэр дагаж мөрдөх журмуудыг баталсаар байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт тамирчид, хөгжөөн дэмжигчид, дасгалжуулагч, албаныхан зэрэг хүмүүсийг орилж хашгирах, дуулахыг бүрэн хориглох болсноо мэдэгдсэн. Энэ мэт сүүлийн үед гарсан мэдээллийг багцлан хүргэе.

 

ОЛИМПЫГ ЭРСДЭЛГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАРЫН АВЛАГА, ЖУРАМ ГАРЛАА

 

Олон улсын олимпын хороо болон Токиогийн олимпыг зохион байгуулагчид наадмаа эрсдэлгүй явуулахад зориулсан эхний ээлжийн гарын авлага, журмаа танилцуулав. Энэхүү гарын авлага, журмыг дэлхий дээр одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй спортын арга хэмжээнүүдийг үзэн боловсруулжээ. Олон улсын олимпын хорооноос баг тамирчдыг Японд ирэхээсээ өмнө вакцинд хамрагдахыг зөвлөсөн ч вакцин нь олимпын наадмыг эрсдэлгүй зохион байгуулах гол хүчин зүйл гэж үзэхгүй байгаа аж. Тэд анхны журмаа олон улсын спортын холбоод болон удирдах түвшний алба хаагчдад зориулжээ. Харин баг тамирчид болон хэвлэл мэдээллийнхэнд зориулсан гарын авлага, журмыг удахгүй танилцуулах юм байна. Олимпын үйл ажиллагаа хариуцсан захирал Пьер Дукри “Эхний журмаас коронавирусээс сэргийлэх анхан шатны болон стандарт эрүүл мэндийн зөвлөмжүүдийг олж харах боломжтой. Тодруулбал, хувийн ариун цэврээ сахихаас эхлээд шинжилгээ өгөх, тандалт судалгааны талаар багтсан байгаа” гэжээ. Хилийн чанадаас Японд айлчлах баг тамирчид юун түрүүнд эх орондоо шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан байх ёстой гэнэ. Мөн Японд газардсанаас хойших 14 хоногийн үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зохион байгуулагчдад гаргаж өгөхийг тусгасан байна. Олон улсын баг тамирчид, албаны хүмүүс зөвшөөрөлгүй нийтийн тээврээр зорчихыг хориглож байгаа бөгөөд албан тушаал, гүйцэтгэж буй үүргээс нь хамаарч коронавирусийн шинжилгээнд шат дараалалтай хамрагдахыг дээрх журамд заажээ. Хэрэв тамирчдаас халдвар илэрвэл Японы дүрэм журмын дагуу тусгаарлаах гэнэ. Баг тамирчид дөрвөн өдөрт нэг удаа шинжилгээнд хамрагдана.

 

ОЛИМПЫГ ҮЗЭГЧТЭЙ ЯВУУЛАХ ЭСЭХЭЭ ГУРАВДУГААР САРД ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

 

Зохион байгуулагчдад тулгарч буй олон бэрхшээлийн нэг нь үзэгч, хөгжөөн дэмжигч. Халдвар авсан хүний тоо 105 саяыг давсан нь зохион байгуулагчдын санааг улам ихээр зовоож байгаа гэнэ. Тиймээс өнөөдрийг хүртэл олимпыг үзэгчтэй явуулахаа эсэхээ шийдэж чадахгүй байгаа аж. Олон улсын олимпын хорооноос огт үзэгчгүй байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа бол Японы Засгийн газар “Эрсдэлийг маш сайн тооцох хэрэгтэй, яарч шийдэх асуудал биш” гэсэн байр сууриа илэрхийлсэн байна. Ямартай ч гуравдугаар сард эцэслэн шийдэх бололтой. Энэ талаар олимпын наадам хариуцсан гүйцэтгэх захирал Кристоф Дуби “Шийдвэр хараахан гараагүй байна. Ирэх хавар бид олимпын наадмыг үзэгчтэй зохион байгуулах эсэхээ шийднэ. Тэр үед шийдвэрээ танилцуулах болно” хэмээн ярьжээ.

 

 

ОЛИМПЫН НААДМЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ СУГАЛАА БОЛОВ

 

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос олимпод өрсөлдөх 5х5 төрлийн эрэгтэй, эмэгтэй багуудын хэсгийн шатны сугалааны үйл ажиллагааг зохион байгуулжээ. Эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 баг ирэх долоодугаар сарын 25-ны өдрөөс Токиогийн олимпын өрсөлдөөнөө эхлүүлнэ. Сугалаанаас хамгийн анхаарал татаж байгаа оноолт нь АНУ, Франц юм. Сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжсөн дээрх хоёр орны эрэгтэй, эмэгтэй баг хоёул нэг хэсэгт багтжээ. Ингээд сугалааг хүргэе.

Эмэгтэй:

А хэсэг: БНСУ, Серби, Канад, Испани

В хэсэг: Нигери, Япон, Франц, АНУ

С хэсэг: Австрали, Пуэрто Рико, Хятад, Бельги

Эрэгтэй:

А хэсэг: Иран, Франц, АНУ, Викториагийн сонгон шалгаруулалтын ялагч

В хэсэг: Австрали, Сплитийн сонгон шалгаруулалтын ялагч, Белградын сонгон шалгаруулалтын ялагч, Нигери

С хэсэг: Аргентин, Япон, Испани, Каунасын сонгон шалгаруулалтын ялагч

Одоогийн байдлаар Токиогийн олимпод өрсөлдөх дөрвөн багийн нэр эцэслэн тодроогүй байна. Ирэх зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-нд Канадын Викториа, Хорватын Сплит, Литвийн Каунас, Сербийн Белград хотод болох олимпын эрхийн тэмцээнээс Токиод ирэх дөрвөн баг тодорно. FIBA-ийн нарийн бичгийн дарга Андреас Загклис “Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард FIBA болон түүний бүс нутаг хариуцсан оффисоос 114 гаруй улс орны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг олон улсын тэмцээн, уралдаанд аюулгүй оролцох боломжоор хангаж, эрсдэлээс сэргийлж, 12 мянган гаруй PCR шинжилгээ хийжээ” хэмээн ярив. Токиогийн олимпын сагсан бөмбөгийн тэмцээнийг шинэ дүрмээр явуулна. Хэсэг бүртээ нэг, хоёрдугаар байранд орсон хоёр баг шууд хасагдах шатанд шалгарах юм. Үүнээс гадна хамгийн өндөр амжилт үзүүлсэн гуравдугаар байранд орсон хоёр баг дараагийн шатанд өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл, гурван хэсгийн эхний хоёр байрт орсон зургаан баг шууд хасагдах шатанд шалгарч, гуравдугаар байр эзэлсэн үлдсэн гурван багийн хамгийн өндөр үзүүлэлттэй хоёр нь дараагийн шатанд шалгарч, нийтдээ найман баг тэмцээнээ цааш үргэлжлүүлнэ.

 

 

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин