УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад 74 гишүүнээс 39 нь “Хуулийн төслийг батлах шаардлагагүй” гэсэн кноп дарав. Ингэснээр 52.7 хувийн саналтайгаар тус хуулийн төсөл дэмжигдсэнгүй.

Хэрвээ энэхүү хууль батлагдсан бол Засгийн газрын сайдуудын 70 хувь нь өөрчлөгдөж, хуулиараа Засгийн газар огцрох байсан ч өдгөө Засаг хэвээр үлдлээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ зөвхөн Ерөнхий сайд УИХ-аас сонгогдохоор, мөн хуулийн үйлчлэлийн хугацааг 2016 оны долдугаар сарын 1 байхаар зааж өгсөн ч хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдсөн юм.

Тодруулбал, УИХ-аар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхий сайд болон Үндсэн чиг үүргийн яамдын сайдууд парламентаас сонгогдох боломжтой байхаар мөн хуулийн үйлчлэлийн хугацаа 2014 оны долдугаар сарын 1-н болж өөрчлөгдсөн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд энэхүү хуулийн үйлчлэлийг 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа үйлчилж байхаар өөрчлөхөөр санал гаргасан ч гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг хүлээж чадаагүй тул унаад байсан юм. Харин эцсийн мөчид санал хураалт өөрчлөгдөж, чуулганы хуралдаанд оролцсон 74 гишүүнээс 39 нь “Хуулийг батлах шаардлагагүй” гэж үзсэнээр төсөл буцлаа.

Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлгээс завсарлага авснаар ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон юм.

Х.Даваа