Төрийн алба төрлийн алба болж, Засгийн газар, УИХ-ын гишүүд, тэдний найз нөхөд, ах дүү амраг садныг багтаасан агуулах болсон талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.

Одоо бол хуулиас давсан буруу жишиг тогтоогүй нэг ч яам, агентлаг үлдээгүй аж. Хуулийг сахиж мөрдүүлэх чиг үүрэгтэй Хууль зүйн яам, тус яамны сайдаар ажиллаж буй Х.Тэмүүжин ч төрийн албыг төрлийн алба болгох аянд хувь нэмэр оруулсан байх юм. Олонд өөрийгөө шударга ёсны түүчээ болж байна гэж ойлгуулдаг Хууль зүйн сайдын хуулийг уландаа гишгиж, төрийн албыг бужигнуулж байгаа жишээг дор өгүүлье. Төрийн албаны зөвлөл 2013 оны тавдугаар сарын 21-нд УБЕГ-ын дэд даргын ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулсан байна. Энэ албан тушаалд өрсөлдсөн хүмүүсээс УБЕГ-ын хэлтсийн дарга Л.Баатар хамгийн өндөр оноо авч дэд даргад тэнцэж, мөн тус газрын хэлтсийн дарга Г.Цэцгээ, УБЕГ-ын даргын зөвлөх Д.Энхцэцэг нар нөөцөд бүртгэгдсэн аж. Ингээд тавдугаар сарын 24-ны өдөр Төрийн албаны зөвлөл 105 тоот тогтоол үйлдэж, Л.Баатарыг тус газрын дэд даргын албан тушаалд томилуулахаар Хууль зүйн сайдад санал хүргүүлжээ.

Гэвч Х.Тэмүүжин сайд УБЕГ-ын дэд даргыг томилохдоо Л.Баатарыг биш сонгон шалгаруулалтын гуравдугаарт бичигдсэн Д.Энхцэцэгийг томилсон байх юм. Д.Энхцэцэг нь томчуудын сонгуулийн сурталчилгаанд идэвхитэй ажиллаж явсан багш эмэгтэй гэдгийг УБЕГ-ынхан мэднэ. 2012 оны сонгуулийн дараа УБЕГ-ын босгыг алхасан энэ эмэгтэй даргын зөвлөхөөр ирсэн ч өрөөнийхөө үүдэнд “УБЕГ-ын дэд дарга” гэсэн хаяг наагаад сууж байсан хүн. Төрийн байгууллагын хаалгаар орж ирэв үү, үгүй юу өөртөө албан тушаал оноож өгөөд, өрөөнийхөө үүдэнд байхгүй албан тушаалын, хийгээгүй ажлын хаяг наагаад сууж байдаг увайгүй хүн цөөхөн байх. Харин хууль ёсыг сахиулна гэж ярьж явдаг Х.Тэмүүжин сайд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг биш олны гайхлыг төрүүлсэн энэ увайгүй эмэгтэйг дэд даргаар томилсоноороо Төрийн албаны зөвлөл түүний дүгнэлт, Монгол Улсын хууль гурвыг юу ч үгүй болгожээ.

Харин УБЕГ-ын дэд даргад өрсөлдөөд Хууль зүйн сайдын хууль бус үйлдлээс болж томилогдож чадаагүй Л.Баатар 2013 оны 11 сард Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Тус шүүх Х.Тэмүүжингийн томилгоо, Л.Баатарын гомдлыг хэлэлцэх хурлыг таван удаа зарласан боловч Хууль зүйн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс болж өнөөг хүртэл хойшилж байгаа юм байна. Сайд эхний удаа Төрийн захиргаа удирдлагын газрын даргаа илгээсэн ч удаагүй ажлаас нь халсан тул эхний хурал зогсчээ. Удаах хуралд Х.Тэмжүүжингийн зөвлөх н.Алтангэрэл оролцох байж. Гэвч тэрбээр Шүүхийн ёс зүйн хорооны дарга гэдэг шалтгаанаар хойшлуулсан байна. Дараах хурлууд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь албан томилолтоор явсан гэдгээр зогсчээ. Өчигдөр Захиргааны хэргийн шүүх энэ хэргийг дахин хянах байсан ч нэхэмжлэгч Л.Баатарын саналаар хойшлуулсан байна. Учир нь Хууль зүйн сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийж, ингэхдээ дэд даргад өрсөлдөөд томилогдож чадаагүй ч өнөөг хүртэл Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Баатарын буюу төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг илт дордуулж, байцаагч болгох шийдвэр гаргасантай холбоотой юм байна.

Сайд энэ томилгоог гацааж, цаг хугацаа хожиж байх зуураа УБЕГ-т нэг жилийн дотор гурван удаа бүтцийн өөрчлөлт хийж, дотоод ажил руу хошуу дүрээд авсан байх юм. Улсын бүртгэл мэдээллийг агуулдаг энэ байгууллагын бүтцийг дуртай болгон нь өөрчлөх ёсгүй. Гэвч Х.Тэмүүжин сайд 2013 оны хоёр, 2013 оны арванхоёр, 2014 оны дөрөвдүгээр сард тус тус бүтэц, орон тооны өөрчлөлт хийж, хэнийг хаана томилж ажиллуулах зааврыг биечлэн өгсөн байх юм. Энэ дундаас 2013 оны арванхоёр дугаар сард хийсэн бүтцийн өөрчлөлт анхаарал татна. Энэ өөрчлөлтийг хийхдээ Х.Тэмүүжин тус газрын даргыг эзгүй хойгуур өөрийн найз, одоо тус газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж буй н.Баттулга, Д.Энхцэцэг нарын оролцоотой шийдчихсэн гэж байгаа.

Хууль зүйн сайдын хууль зөрчиж, УБЕГ-ыг орвонгоор нь эргүүлсэн баримт үүгээр дуусахгүй. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 18-нд Төрийн албаны зөвлөл УБЕГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан. Энэ шалгаруулалтад сарын өмнө явагдсан дэд даргын сонгон шалгаруулалтад оролцож, хүний нөөцийн хоёрт бүртгэгдсэн тус газрын хэлтсийн дарга Г.Цэцгээ өрсөлдөж тэнцсэн байдаг. Гэвч тэрбээр өнөөг хүртэл албан тушаалдаа томилогдоогүй. Хууль зүйн сайд Г.Цэцгээг яагаад хуулийн дагуу өрсөлдөж, тэнцсэн албан тушаалд нь тавихгүй байгаагаа огт тайлбарлаж байсангүй. Тэгвэл Г.Цэцгээгийн хаших ёстой ажлыг өдгөө Х.Тэмүүжингийн найз н.Баттулга хашиж буй. Төрийн албанд огт ажиллаж байгаагүй н.Баттулга УБЕГ-ын Тэргүүн дэд даргын сонгон шалгаруулалтад тэнцсэн Л.Баатарыг мөргөсөн мөнөөх Д.Энхцэцэг шиг Г.Цэцгээг мөргөчихөөд байгаа юм. Баттулга Төрийн албаны зөвлөл УБЕГ-ын Тэргүүн дэд даргын сонгон шалгаруулалт явуулах зар түгээх үед энэ албан тушаалд дөнгөж ирчихээд байсан нэгэн. Гэвч тэр Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад оролцоогүйг бодоход сонгон шалгаруулалтад биш Хууль зүйн сайд найздаа ихээхэн найдсан хэрэг.

Төрийн албаны зөвлөлийн удирдлагыг УИХ-аас томилдог, хараат бус байгууллага. Засгийн газрын хийж буй томилгоо хуулийн дагуу явагдаж байна уу. Төрийн алба ямар нэгэн улс төрийн нөлөөгүй, энэ албанд хамгийн сайн мэргэшсэн, чадварлаг хүмүүс томилогдож чадаж байгаа эсэхийг хянах нь энэ байгууллагын гол үүрэг. “Давхар дээл”-ээ тайлах эсэхээ УИХ дээр хэлэлцүүлж байгаа энэ үед “Шударга үнэний дуу хоолой болж, хуулийг мөрдүүлнэ, хууль хэрэгжүүлэх шатанд зарим нэг хүн намайг боож, хааж байна” хэмээн гомдоллож суугаа Х.Тэмүүжин сайд хэрэг дээрээ өөрөө хуулийг боомилж, хуулийг үл тоож байгаа баримт энэ байна. Төрийн алба, төрлийн алба болтолоо замхарч, яам, тамгын газрууд компани, улс төрчийн хувийн өмч болж хувирсан бас нэг газар бол Байгаль орчин, ногоон хөгжлийн яам. ИЗНН-ын дарга С.Оюун толгойлж буй яамныхаа газрын дарга нарын зарим томилгоог өнөөдрийг хүртэл хуулийн дагуу эцэслэн шийдэхгүй байгаа нь хэл ам дагуулж буй. Өнгөрсөн оны тавдугаар сард Төрийн албаны зөвлөл тус яамны газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг явуулж, Төрийн захиргаа удирдлагын газрын даргад Т.Баярбаясгалан, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад Ц.Ширэндэв нарыг тэнцсэн гэдгийг албан ёсоор зарласан. Гэвч Төрийн албаны зөвлөлийн энэ шийдвэр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын ширээн дээр очоод огт хэрэггүй баримт болж хувирчээ.

С.Оюун сайд Т.Баярбаясгалангийн оронд өөрийн намын УЗ-ийн гишүүн Н.Дүгэрсүрэнг томилчихоод Төрийн албаны зөвлөлийг тохуурхаж сууна. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр С.Оюуны намын гол хандивлагч болж явсан Н.Дүгэрсүрэн ч сайдын хамт Төрийн албаны шийдвэрийг үл тоож, төрийн эрх ашгийг биш хувийн улстөрийн намын ашиг сонирхлыг бодсон, арчаагүй үйлдэл хийж суугаагаа юман чинээ бодохгүй явна. Түүнчлэн ИЗНН-ын дарга тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байх ёстой Ц.Ширэндэвийн оронд мөн л өөрийн намын гишүүн Т.Эрдэнэчимэг гэгчийг ажиллуулж байгаа. Т.Эрдэнэчимэг ИЗНН-ын Гадаад харилцааны бодлогын хорооны нарийн бичгийн дарга хийдэг. Өнгөрсөн жил болсон сонгон шалгаруулалтаар одоо хашиж байгаа албан тушаалдаа өрсөлдсөн ч оноо нь хүрээгүй нэгэн. Төрийн албаны шалгуур босгыг давж чадахгүй унаж байгаа хүмүүс сонгуульд өрсөлдөөд ялна гэж байхгүй. Төрийн албаны зөвлөл эдгээр хууль бус томилгоог эсэргүүцэж, яам тамгын газарт бичиг илгээдэг ч тоодог нь тоотой болжээ. Хууль зөрчсөн томилгоо халаа сэлгээнд анхаарлаа хандуулж, болно болохгүйн тухай дуугарч байх учиртай Төрийн албаны зөвлөл болон төрийн албаны шалгаруулалтад тэнцсэн албан хаагчдийн үнэ цэнийг нам дагасан баяссан, явцуу эрх ашиг сонирхол бүхий том толгойтой, дан тоглолттой сайд хэдий болтол унагах вэ. Байдал энэ хэвээр үргэлжилбэл том төрөөс ухаалаг төр лүү шилжих мөнөөх зорилго мөрөөдөл болж үлдэх нь байна шүү.

Ugluu-logo17