Хүүхдийг “халдвар тээгч” гэж үзэхээ хэзээ болих вэ?
2021/05/18
Боловсрол, эрүүл мэндийн хувьд ч тэр цар тахлын сөрөг нөлөө хүүхдүүдэд хамгийн хүнд туслаа. Хугацаа тооцож үзвэл, хөл хорьсноос хойш яг 1.5 жил, 500 гаруй хоног хүүхдүүд гэрээсээ гарсангүй.
Хөл хорионы үеэрх хүүхдүүдийн дүр зургийг харвал, толгойд нь “суух” эсэх нь эргэлзээтэй цахим хичээл, гэрийн даалгавраар нүдүүлж, гар утас, зурагт, компьютерээс нүдээ салгах чөлөөгүй жил хагасыг үдэж байна. Чөлөөтэй агаарлаж, найз нөхөдтэйгөө уулзах нь битгий хэл сүүлдээ халдварын эрсдэл огцом нэмэгдэж тоглоомын талбайд ч гарах эрхгүй боллоо. Мөн гэр бүлийнх нь хүнээс халдвар илрэхэд хүүхдүүдийг нь ялгаварлан гадуурхаж өвлийн тэсгим хүйтэнд хэдэн цаг гадаа зогсоосон хүний эрхийн зөрчил ч гарсан. Түүнчлэн эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй үүрд хагацсан сэтгэл эмтрэм үйл явдал ч болсон юм.
Цар тахлын уршгаар боловсролын салбарт бүхэл бүтэн “цонх” үе бий болж, эрүүл мэндийн эмзэг суурь өвчлөлүүд ч нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид онцолж байгаа юм. Нэг талаас, хөл хорионы үеэр нэгэнт л хичээл сургууль орохгүй болохоор хүүхдүүдээ дөрвөн хананы дундаас “чөлөөлөх” гэсэн эцэг эхчүүдийн хүсэл байсан ч аймаг орон нутаг зөвхөн хүүхдийг хүлээж авахгүй гэв. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд PCR шинжилгээ өгч, вакцин хийлгэхгүй учраас халдвар тээгч хэмээн шууд зарласнаас өөрцгүй шийдвэрийг Говь-Алтай аймгаас эхлээд ихэнх орон нутаг гаргасан.
Тэгвэл энэ сарын 22-ноос орон нутаг руу хөл хорио нээгдэж томчуудаа чөлөөтэй зорчуулахаар болсон ч дахиад л хүүхдүүдэд хүндрэл учруулж эхлэх нь. УОК-оос гаргасан журмаар хүүхдүүд халдвар тээгч байх эрсдэлтэй учраас орон нутагт зорчихоор бол очоод заавал долоо хоног тусгаарлах байранд хонуулахаар боллоо. Ингэхдээ хамт яваа буюу эцэг, эхчүүд нь вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоносон. Бүр дахиад PCR шинжилгээний сөрөг хариутай байсан ч хамаагүй гэнэ. УОК-ын шийдвэрээр бол бүтэн жил хагас халдварын голомтод хоригдсон хүүхдүүд урин дулаан цаг ирж арайхийн хөдөө гадаа явахад дахиад л эрсдэл дунд долоо хоног хорих нь. Уг нь хотын хөл хөдөлгөөнд оролцох зэргээр хамгийн эрсдэлгүй бүлэг нь хүүхэд. Мөн нэг гэрт амьдарч байгаа эцэг, эх нь вакцины бүрэн тунгаа хийлгэж, дээр нь PCR шинжилгээ өгсөн байхад дахиад заавал тусгаарлах байранд долоо хонуулах хэрэг байна уу. Тиймээс халдварын голомтоос гаргаад хөдөөд аваачиж дахин хорихыг олон нийт эсэргүүцэж байна.
Хүүхдийг хөдөөд тусгаарлах байранд долоо хонуулахад халдвар хамгааллын дэглэм алдагдах, эрүүл чанартай хоол хүнсээр хангахаас эхлээд зардал чирэгдэл үүснэ. Халдвар тархаагүй аймаг үлдээгүй шахам энэ нөхцөлд харин ч улам эрсдэлд оруулах биш үү. Хүүхдүүдэд вакцин хэзээ хийх, цаашлаад дархлаа тогтох хугацаа тодорхойгүй байгаа энэ үед эрсдэл, эрүүл мэндийг бодсон ч гэсэн хүүхдүүдээ аль болох хүндрэлгүй хөдөө явуулах хэрэгтэй байна. Ер нь манай улс шиг хүүхдийг "халдвар тээгч" хэмээн ад үзэж байгаага ил тод зарласан улс хаана ч алга. Хүүхдийн эрхийг зөрчиж буй энэ үйлдлээ хэзээ зогсоох вэ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2021/05/18
зөв санаа байна. Хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс 14 хоног болоод хөдөө явж болно гэсэн. Хамт амьдарч байгаа хүүхэд яагаад заавал шинжилгээ өгөх гэж? Цэцэрлэгийн насны хүүхдүүд гэртээ нам хоригдсон шүү дээ. Үүнийгээ УОК-хон мэдэхгүй байгаа юм биш үү?
Зочин · 2021/05/18
чи хүүхдээ халдвар тараагаа биз. Тэгээгүй юм бол яахаараа халдвар тараагч болдог юм.
хүннү · 2021/05/18
Бид 23-д хөдөө явна. Хоёр дахь тунгаа хийлгээд 30 хонож байна. Зусландаа очно тэнд айлууд буугаагүй. Өвс ногоо арай ургаагүй учираас мал нь тогтохгүй, тиймээс малчид малынхаа аяыг л дагна. Хотын бид өвс ногоо идэх биш тиймээс “агаар” иднэ. Хамт нэг гэрт амьдардаг 5 настай зээ хүүгээ аваад явах гэтэл УОК тэнд очоод 7 хоног хорионд байх гэнэ. Эзгүй зусланд бид 3-с өөр хүн байхгүй. Тиймээс 5 настай бяцхан хүүгээ бид хэнээс тусгаарлах юм вэ? Хотод бид чиннь нэг гэрт хамт амьдардаг хүмүүс. Нэг иймэрхүү “ажил хийдэг”дүр бүтээгчидээс болж байдал өөрөөр эргэж мэдэх нь. Одоо хөдөө явах хүүхдүүд бүгд шинжилгээ өгөхөөр бөөгнөрөх боллоо.
С.Уянга-д · 2021/05/18
Үнэхээр залуу организм өөрөө энэ өвчнийг ажирдаггүй, хөгшин юм уу эмгэгтэй организм яах аргагүй энэ өвчинд нэрвэгддэг. Үнэхээр халдвар тэээж байгаа бол хэзээ ч болихгүй. Сайхан үгээр тоглогч боловсролгүй сэтгүүлчид ээ гэж.
зочин · 2021/05/18
ҮҮНИЙГ ДЭМБ-ЭЭС АСУУ. ТЭД ЧИНЬ ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН БАГЫН СУДАЛГААН ДЭЭР ТУЛГУУРЛАДАГ. ХҮҮХДҮҮДЭЭ ХЭТЭРХИЙ ХАМААГҮЙ ГАДАА ГАРГАХ ЮМ. МАСКГҮЙ АРХИ УУЖ БАЙГАА ЗАЛУУЧУУДТАЙ ХҮҮХДИЙН ТАЛБАЙ ДЭЭР ХОЛИЛДООД БАЙХ ЮМ.
Дел · 2021/05/18
угаасаа халдвар тээгч болоод байгаа нь үнэн шүү дээ
Зочин · 2021/05/18
Esergvvtsej bn hvvhdin erh gd ym alga bn
Зочин · 2021/05/18
Хүүхдийг хамт авч яваа эцэг эх болон асран хамгаалагч нь вакцин хийлгээд 14 хоносон бол элдэв зүйл шаардахгүй явуулах хэрэгтэй ш дээ. Бас адилхан улаан бүсээс улаан бүсэд ирж байж 7 хоног тусгаарлагдана гэдэг нь утгагүй. Гэрийн ажиглалтанд 7 хоног байж болох л юм