Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлал амжилттай үргэлжилж байна
2021/06/02
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулав. Сонирхолтой нь, энэ одон бол Цагаан хааны үед ч, Зөвлөлт засгийн үед ч байсан, одоо ч бий буюу Оросын гурван төрийн нүүрэнд хүчин төгөлдөр яваа цорын ганц шагнал юм.
Ж.Гүррагчаа баатрыг шагнах тушаал гуравдугаар сарын 15-нд гарсан боловч одон нь эзэндээ хүрч чадалгүй явсаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн, ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр ийнхүү энгэрийг нь цоолжээ. ОХУ-аар эхэлсэн шинэ Засгийн газрын анхны гадаад айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай Гадаад харилцааны сайд өнөөдөр болсон албан ёсны хэлэлцээний өмнө үг хэлэхдээ С.Лавровын хоёр талаар сууж буй хүмүүст тал өгч “Өмнө нь дөрвөн жил дэд сайд байхдаа хамтран ажиллаж байсан найз нөхөдтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэсэн нь учиртай биз.
Албан айлчлалын дүрэм журмын дагуу Гадаад харилцаан сайд Б.Батцэцэг айлчлалын албан уулзалтуудад орчуулагчтай оролцжээ. Харин бусад үед орчуулагчгүй явсан байна. Тэрбээр унаган орос хэлтэй аж.
Айлчлалын хүрээнд яригдан буй энэ хугацаанд хоёр улсын харилцааны түвшин Монгол-Хятадын харилцааны түвшнээс хоцорч байсан нь гүйцэн ирж, байж болох хамгийн дээд түвшин буюу “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулагдсаныг, энэ гэрээний ямар чухлыг энгийн бид төдийлэн мэдэхгүй.
Зүгээр ч нэг “Найзлах уу, найзалья” гээд байгуулчихдаггүй энэ гэрээг бодит болгохоос авахуулаад олон ажлын ард гарахад тэр С.Лавровын хоёр талаар сууж байгсадтай ил далд нүдэлдэж явсан байлгүй. Ер нь дипломат ажил гэдэг бол чимээгүй байлдаан л. Хамраараа утаагаа гаргаж байгаад л байлддаг ажил. Тэгж байлдахдаа эзэлж авах байрлал, үхтлээ хамгаалах өндөрлөг ердөө ганцхан. Тэр нь эх орны эрх ашиг, өөр юу ч биш. Өнөөдрийн хэлэлцээгээр хоёр сайд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх, байгалийн хийн хоолой барих төслийн судалгаа урагшилж буй, хамтарсан төмөр замыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт улам нягт хамтран ажиллах гэх мэт олон ажил ярилцаж, олон ч асуудал дээр тохиролцжээ.
Ер нь улсын гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогын л үргэлжлэл байдаг. Хөдөөний нэг малчинд гадаад харилцаа юуны хамаа гэж бид бодно. Гэтэл арьс шир, ноос ноолуур гээд гадагшаа гарах юу л байна, гадаад харилцаа урагшгүй бол хог л болно. Энэ мэтчилэн наанаа хар аяндаа явж байгаа мэт харагдавч цаанаа бол гадаад харилцаа, дипломат албаны арга ажиллагааны эрэг шургаар хөдөлдөггүй салбар гэж Монголд цөөхөн. Гадаад харилцааны сайд уржигдар Алтанбулаг-Хиагтаар хил гарчээ. Тэр өдрөө Буриадын албаны хүмүүстэй уулзаж учирч, жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөнд цэцэг өргөчихөөд Москва оров. Өчигдөр ЭСЯ дээрээ В.Путины туслах, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй (Тээврийн сайд байсан) уулзсан бол өнөөдөр С.Лавровтой хэлэлцээ хийсэн нь энэ. Энэ завсар “РИА Новости” агентлагт ярилцлага өгч, “Euronews” сувгийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт оролцжээ. Аж үйлдвэр, бизнес, технологийн орчин үе хийгээд ирээдүйн талаар бизнесмэн, дипломатч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүд оролцож ярьдаг нэвтрүүлэг юм. Хөтлөгч нь М.Струпинский гэж бизнесмэн-эрдэмтэн лут хүн байна. Маргааш Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэлнэ. Гадаад харилцааны сайд түүнд оролцоно. Монголын урагшлахад юу хэрэгтэйг л хайж бэдэрч яваа буй заа, ганзага дүүрэн ирэхийг ерөөе!