Залуус: Би өвдвөл, чи өвдөнө
2021/06/03
Сүүлийн үед халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Өчигдөр 7102 шинжилгээ хийхэд 1143 хүн халдвар авсан нь батлагдлаа. Эрүүл мэндийн сайд М.Энхболд “Нийслэлчүүдийн 99.8 хувь нь I тундаа хамрагдлаа. Өдөрт шинээр батлагдаж буй тохиолдлуудад 25-44 насны эзлэх хувь өндөр байна. Мөн 0-17 насны хүүхдүүд өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа. Энэ нь вакцинд хамрагдаагүй хүмүүс халдвар авах магадлал өндөр байгаагийн илрэл. 25-44 насны 130 мянган хүн вакцинд хамрагдаагүй мэдээлэл байна” гэж мэдээлсэн. Тэгвэл иргэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж, вакцинжуулалтандаа хамрагдаж байгаа эсэх, дахин хөл хорио тогтоохыг дэмжиж байгаа эсэх талаар бодлыг нь сонслоо.
МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Мөнгөнхуяг:
-Вакциныхаа бүрэн тунд хамрагдаад 14 хонож байна. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалтаа тогтмол зүүж, олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байгаа. Сонгуулийн дараа хөл хорио тогтооно гэсэн мэдээлэл байгаа. Хязгаарлалт тогтоохыг дэмжихгүй. Энэ жил их сургуулиа цахимаар төгсөж байна. Би өвдвөл чи өвдөнө. Тиймээс ковидгүй зуны төлөө үеийн залуусаа вакциндаа идэвхтэй хамрагдаарай гэж уриулмаар байна.
Баянгол дүүргийн иргэн Ч.Өнөр:
-Өнөөдөр буюу зургадугаар сарын 03-нд вакцины хоёрдугаар тунгаа хийлгэнэ. Спутник V вакцин тариулсан. Хүмүүс вакцинд эргэлзэж, болгоомжилж байх шиг байна. Миний хувьд тархины гэмтэлтэй учир эмчийн заавраар Спутник V вакцин тариулсан. Дэлхий даяар хүмүүс вакцинд хамрагдаж байна. Тиймээс манай улсын иргэд вакцинд хамрагдалгүй хоцрох нь таатай биш. Хамгийн чухал нь хажууд байгаа хүмүүстээ шаардлага тавьж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь чухал юм. Сонгуулийн дараа хөл хорио тогтоохыг дэмжихгүй. Эхнээсээ хөл хорио тогтоодог нь буруу үйлдэл байсан. Хүмүүстээ халдварын талаар ойлгуулж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж чадвал хөл хорио тавих шаардлагагүй. Монголчуудын нэг алдаа байна. Нэг аяга дамжуулж хэрэглэдэг. Үүнээс болж халдвар тархаж байгаа.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Анхбаяр:
-БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцины бүрэн тундаа хамрагдсан. Тавдугаар сарын 04-нд хоёрдугаар тунгаа хийлгэсэн. Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа. Зун цаг болж байна. Амралт аялал зугаалганд явна. Тиймээс залуучуудыгаа вакциндаа хамрагдаарай гэж уриалмаар байна. Вакцинжуулалтандаа хамрагдаж байж, энгийн амьдралдаа орох боломжтой. Сонгуулийн дараа хөл хорио тогтоохыг дэмжихгүй. Зуны цагт агаар салхинд гарах, аялах боломж дутагдаж байна.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Ананд:
-БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцинд хийлгэсэн. Хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой хугацаанаас нь хоцорч тариулсан. Учир нь манай улс вакцины татан авалт хийгээгүй байсан. Судлаад үзэхэд 21-28 хоногийн хугацаанд тариулах заавартай юм билээ. Вакцин тариулсны дараа эсрэг биетээ тоолуулсан. Эсрэг биет тогтсон. Залуучууд маань аливаа асуудалд шинжлэх ухаанч хандмаар байна. Амны хаалтаа тогтмол сольж зүүж, бээлий өмсөж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа. Олон нийтийн газраар явахгүй байна.
Сонгуулийн дараа хатуу хөл хорио тогтоохыг дэмжихгүй. Миний хувьд хуваариа бизнес эрхэлдэг. Хагас жил орлогогүй байлаа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж явж байна. Мэдээлэл технологийн салбар ч орлого тасалдаж байгаа. Тоног төхөөрөмж оруулж ирэх гэхээр Эрээн дээр хоёр сар гацаж байна. ШӨХТГ түц зэрэг газруудад очихоос өмнө хил гааль дээр очиж шалгамаар байгаа.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Дашдорж:
-ОХУ-ын Спутник V вакцины эхний тунгаа хийлгэсэн. Удахгүй хоёрдугаар тунгаа тариулна. Хоёр тунгийн хоорондох хугацаа хамгийн эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж байна. Дахин хатуу хөл хорио тогтоохыг дэмжихгүй. Нийтээрээ халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад амьдарвал заавал хатуу хөл хорио тогтоох шаардлага байхгүй. Гэтэл эрүүл мэндийн яамны мэдээнүүдийг сонсвол иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөхгүй байх шиг байна.
М.Насан
www.shuud.mn
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх