УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон З.Нарантуяа, X.Тэмүүжин тэргүүтэй АН-ын гишүүд хамтран “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” санаачилгыг өрнүүлж эхэлсэн. Энэ талаар ХЗДХ-ийн сайд асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжингийн байр суурийг тодрууллаа.

 

-100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулснаар АН ямар зорилго тавьж байгаа вэ?

 

-Гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах хөдөлгөөнийг бид дээрээс санаачлаагүй, намын олон зуун мянган гишүүд бидэнд саналаа хэлж, ирүүлж байгаа. Бүх аймаг, сум дахь намын анхан шатны байгууллагууд, гишүүд идэвхтэй оролцож байна. Үүгээр бид АН задраагүй, хуваагдаагүй, эв нэгдэлтэй нэг нам байгаа гэдгийг харуулахыг зорьсон. Мөн АН сөрөг хүчний оронд зайд ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх, хүний эрхийн талд дуугарсаар байгаа гэдгийг нотолно. Ер нь бол гишүүдийн гарын үсгийг цуглуулах шалтгаан, зорилт гурван зүйлд чиглэж байгаа.

 

-Тэр нь юу вэ?

 

-Өвөр зуураа хэмлэлдэж, талцаж хагаралдаж байгаа хүмүүс өрөөл хэн нэгний олз болдог гэж Монголчуудын эртний үг бий. Үнэхээр АН тамганы хоёр талд гарч талцаж хэрэлдээд буй байдал нь гадна талдаа том ялагдлыг авчирч байна. Олон нийтийн зүгээс үл итгэх байдлыг нэмэгдүүлж байна. Нөгөөтэйгүүр АН талцаж хагарсан нь өөрөө үл ойлгогдох, намыг нэг биш олон толгойтой болгон харагдуулж байгаа. Үүнийгээ шийдүүлэхийн тулд шүүх, хуулийн байгууллагууд руу ханддаг.

 

 

 

Шүүхээс нэг хариуг тодорхой хэлдэг. Тэр нь “Та нар дотроо учраа ололцохгүй бол хууль, шүүхийн байгууллага учрыг нь олж, нэг талд гаргаж чадахгүй” гэдэг. Хууль, шүүхийн асуудлаа шийдүүлнэ гэдэг муйхарлал нэг талаар эрх баригчдын гарт АН-ын хувь заяаг даатгах гутамшигтай байдалд хүргэж байна. АН хэчнээн дор орлоо гэхэд Ардын намаар асуудлаа арай шийдүүлэхгүй биз дээ гэж бодож байгаа олон зуун гишүүдийн итгэл рүү ус цацсан үйлдэл болж хувирч байна.

 

 

 

Бас нэг асуудал нь АН сөрөг хүчнийхээ дуу хоолойг гаргаж, эрх баригчдын буруутай үйлдэл бүрт байр сууриа илэрхийлэх гэхээр зөрүүлээд юу гэж даапаалж байна гэхээр дотроо асуудлаа шийдэж чадахгүй байж гаднаа биднийг шүүмжлээд яах вэ дээ гэдэг. Энэ мэт дээрээс доошоо харсан маягтай эрх баригчдын үгэнд манай нам ороогдож унаж байна. Олон нийтийн итгэл ч бас тэр хэмжээгээр сульдаж байгаа. Иймд эдгээр асуудлыг эцэслэж цэг тавих хэрэгтэй гэж бид үзэж байгаа.

 

-Тэгэхээр АН эхлээд дотроо асуудлаа шийдье гэсэн нэг зүг рүү харж байна уу?

 

-Дотроо талцалтай, шүүх, хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэх гэж оролдож байгаа нь сөрөг хүчний байр суурь илэрхийлэх, улс орны төлөө дуугарахад хүртэл чөдөр тушаа болж байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой. Үүний тулд намынхаа гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тэгэхээр гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулах шалтгаан ийм гурван зүйлд чиглэж байна. Зорилго бол хууль, шүүхийн зүгээс хэлээд байгаа дотроо учраа олох ёстой, тамганы булан тойрч хэрэлдэж болохгүй.

 

 

 

Сөрөг хүчний дуу хоолойг гаргахын тулд бид нэгэн цул болох ёстой. Иймд хоёр талд хэрэлдэж, хуралдаж суулгүй нэгдэж нэг л хурал хийе. Нэг шийдвэр гаргая. Ингээд хууль, шүүх дээр ч нэг шийдвэртэй, улс төрийн намын дотоодод ч нэг дүрэм бодлоготой, улс орны хэмжээнд ч нэг бодлого, үнэт зүйтэй байхыг АН хүсч байна.

 

 

-Гарын үсэг цуглуулах аяны явц хэр байна?

 

-Одоогоор таван аймаг, гурван дүүргээс гишүүдийнхээ гарын үсгийг ирүүлээд байна. Сөрөг хүчингүй сонгууль, шийдвэр, иргэнээ мартсан бодлого нийгэмд таагүй үр дагавар үүсгэж байгааг бид харж байна. Цар тахал, хорио цээрийн дэглэм гэхэд л эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй, дарга анги баяр, наадам гэхчлэн олон хүн цуглуулж болох бүх үйлдлийг хийж болоод байна. Гэтэл жирийн иргэд, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид аль болох зай, багтаамжаа хязгаарлан хорио цээрийн дэглэмээ бариад үйлчилгээ явуулъя гэхээр болохгүй, торгоно, шийтгэнэ гэж айлгадаг. Цар тахлын дэглэмээ өөрсдөө бариач гэж шүүмжлэхээр барьж хорино гэж айлгаж байгаагаас хүний эрхийн зөрчил газар авч байна. Иймд АН-ынхаа гишүүдэд хандан гарын үсэг зурах хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Таны гарын үсэг буруу хараад зогсчихсон АН-ын хэсэг нөхдийг өөр хоорондоо эвлэж уулзах гүүр болно. Хамтарч ажиллах гагнаас болно. Нэг зүг харах итгэл бас шахалт нь болно. АН хоёр хуваагдаагүй, задраагүй, асуудлаа шийдэж нэгдэж чаддаг гэдгийг харуулах нотлох баримт болно. Бурууг сөрж зогсох хүч болно. Гарын үсэг бол эвийн цавуу, намаа хууль ёсных болгож батлах баталгаа болно гэдгийг АН-ынхаа гишүүдэд хэлье.

 

 

Ч.Зотол

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин