У.ОРГИЛМАА

Юуны өмнө Улаанбаатар төмөр замын дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ухамсарт амьдралынхаа талаас илүү хувийг УБТЗ гэдэг их айлд зориулсан түүний гавьяа, эзлэх орон зайг үгээр хэмжишгүй.

Гэсэн хэдий ч улс орны эрх ашгийн үүднээс, 16 мянга гаруй ажилтантай тус байгууллагын үйл ажиллагааны төлөө Зам, тээврийн хөгжлийн салбарт хамаарах нэн тулгамдсан асуудлыг хэлэхгүй өнгөрөх боломжгүйг хүндэтгэн хүлээн авна гэдэгт итгэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ сарын 6-ны өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, Ерөнхий хорооны дарга О.Белозёровт захидал илгээжээ. Захидлын гол агуулгаас дурдвал УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаанд санаа зовинож, Замын дарга, Ерөнхий инженерийг яаралтай томилмоор байна гээд Салхит-Эрдэнэтийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан есөн вагон унасан жишээг дурдсан байх юм.

Яасан ичиж зовдоггүй, ажлын хариуцлагагүй, албан тушаалын шуналын сэдлээр асуудалд хандах нь энэ вэ, Л.Халтар сайд аа! Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд тангараг өргөхөөс нь өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Оросын төмөр замууд” / РЖД/ НХН-ийн ТУЗ-ийн дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Олег Белозеровоос захидал ирсэн байдаг. Хамгийн “ноцтой” нь уг захидалдаа “Бид ойрын үед Монголын нөхөдтэйгээ хамтран, паритет менежментийн зарчмаар “УБТЗ” ХНН-ын даргыг томилж дунд хугацаанд тарифын бодлогыг хэрэгжүүлснээр тээвэрлэлтийн хэмжээ болон бизнесийн үр ашгийг дээшлүүлэхээр төлөвлөж байна” гэсэн байв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мөн л “Оросын төмөр замууд” /РЖД/ НХН-ийн ТУЗ-ийн дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Олег Белозеровоос захидал ирж байсан. Үүнд УБТЗ ХНН-ийн 2000-аад оны эхээр авсан “Японы зээл” /MONP-1,2/ төслийн өрийн талаар дурдаж энэ өр УБТЗ ХНН-ийг техникийн дефольтод хүргэж улмаар зах зээлийн нөхцөлд дахин зээл авах боломжгүйд хүргэлээ.

Энэ өрийг барагдуулах талаар УБТЗ ХНН-аас хууль бусаар суутган тооцсон онцгой албан татварын хэмжээг бууруулах тухай буулт хийх саналыг Монголын талд өнгөрсөн оны есдүгээр сард илгээсэн боловч хариу өгөөгүй байгааг анхааруулжээ. Мөн УБТЗ ХНН-ийн орлогын баазыг инфляциас хамгаалах, 2025 он хүртэлх дунд хугацааны тарифын бодлогыг хэрэгжүүлж уг тарифыг Монгол Улсын хэрэглээний үнийн индекстэй уялдуулахыг шаардсан боловч УБТЗ ХНН-ийн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдээгүй. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хаягласан захианд дурдсаны нэгэн адилаар “УБТЗ” ХНН-ийн дүрмээр тогтоосон боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зарчмаар санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэхгүй бол Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй”-г анхааруулж “Шаардлагатай бол эдгээр тулгамдсан асуудлаар хоёр тал Ажлын хэсэг байгуулах асуудлыг боловсруулж холбогдох хүмүүст даалгахыг О.Белозеровоос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн эхний захианд өгүүлсэн байдаг.

Ямартай ч Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад болон Ерөнхийлөгчөөр сонгогдоод, тангаргаа өргөөгүй байхад ирүүлсэн болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн эдгээр захидалд “Одоо орос дарга томилох ээлж” гэдгийг соёлтойгоор “сануулжээ”. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт нь ирүүлсэн захиаг ч, түүний агуулгыг ч огт “хүндэлсэнгүй”. Зөвхөн “Алтан загасны эмгэн” шиг хүссэнээ л бичиж явуулаад байна. Харилцаа, хандлага ийм байхад үйл ажиллагаа хэрхэн цэгцрэх вэ?

Хамгийн гол нь өөрсдийн алдаандаа яаж хариуцлага тооцсоноо хамтрагчдадаа хэлээч! Оросын талын шаардсан, манай талын хүлээсэн үүрэг болох “МОНП1”, “МОНП-2” төслийн өрийг цайруул гэснийг ч, тарифаа нэм гэсэн шаардлагыг ч биелүүлээгүй байж яаж Замын дарга, Ерөнхий инженерээ хурдан томил гэж шаардаж байна аа! Дахин гүнээ эмгэнэл илэрхийлэн хатуу сануулахад УБТЗын дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Жигжиднямаа хүнд өвчний улмаас таалал төгссөн энэ өдрүүдэд албан тушаал нэхсэн, эсвэл албан тушаалтан шаардсан элдвийн муухай захиагаа тэвчиж үзээрэй. Салбарын ажлаа, ялангуяа Монголын талаас шаардагдах шаардлагуудаас өчүүхэн ч биелүүлээгүй байж 1949 онд байгуулсан гэрээгээ дахиад зөрчиж зарчмаас хазайхыг Оросын талаас бүү гуйгаарай даа!

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН