С.Баярцогтын хэргийг шийдсэн Дээд шүүхийн “дотоод итгэл үнэмшил”-ийг шалгах уу?
2021/07/26
Гурван шатны шүүхээр шийдэгдээд байсан Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаав.
“...Нэр бүхий хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцсэн” гэж Дээд шүүхээс мэдээлжээ.
Энэ хуралдаанаас “...Хяналтын шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон хоёр шүүгчийн тусгай санал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хяналтын шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнээс хальж шийдвэр гаргасан бөгөөд прокурор, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ хуульд заасан гэмт хэргийн шинжийн аль нь тогтоогдсон болохыг зааглан тогтоож, дүгнэлт хийж чадаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх өрсөлдөх хэм хэмжээний ялгаатай шинж, гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, тодорхойлж тогтоогоогүй зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэв. Ингээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.
Улмаар хэрэг прокурорт очиж, С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сулласан байна.
Харин араас нь “...Дээд шүүх ямар итгэл үнэмшлээр С.Баярцогтод холбогдох хэргийг шийдсэн шат шатны шүүхийн шийдвэр, прокурорын дүгнэлтийг үгүйсгэсэн бэ” гэдэг асуудал босч ирлээ.
Уг нь 2020 оны долдугаар сарын 17-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд С.Баярцогтыг эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг давтан үйлдсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө, орлогын эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт 10 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дараа нь 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос С.Баярцогтод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, өөрийн эхнэр Ч.Нарантуяагийн хувьцаа эзэмшдэг нэр бүхий компаниудаар дамжуулж их хэмжээний орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар С.Баярцогтод холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нийт дөрвөн жил найман сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас С.Баярцогтод холбогдох хэргүүдийг нэгтгэн зүйлчилж, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил найман сар хорих ялаар тогтоох шийдвэрийг гаргаж байв. Мөн С.Баярцогтоос 1 345 876 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаа/ сая ам.долларыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх өдрийн төгрөгийн ханшаар тооцон гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм.
С.Баярцогтын холбогдсон хэргийг сануулахад тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан “Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж оффшор бүсэд буюу Бахамас /Ваhamas/ аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150 000 /нэг зуун тавин мянга/ ширхэг хувьцааг 1 393 321.38 /нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуун хорин нэгэн ам.доллар гучин найман цент/ ам.доллар буюу 2 016 749 098.26 /хоёр тэрбум арван зургаан сая долоон зуун дөчин есөн мянга ерэн найман төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгөөр худалдан авч Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан.
Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010-2012 онуудад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж 43 225 152 952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20 736 000 732 төгрөгийн бүгд 63 961 153 685.23 төгрөгийн орлого олж Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн улмаас олсон хувьцаа буюу сая дурдсан 150 000 ширхэг хувьцааг 2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, гэрээ хүчин төгөлдөр болсны дараа, 2010 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 2 739 197.49 /хоёр сая долоон зуун гучин есөн мянга нэг зуун ерэн долоон ам.доллар, дөчин есөн цент/ ам.доллар буюу 3 838 903 106.31 /гурван тэрбум найман зуун гучин найман сая есөн зуун гурван мянга нэг зуун зургаан төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгөөр худалдаж, 1 345 876.11 /нэг сая гурван зуун дөчин таван мянга найман зуун далан зургаан ам.доллар, арван нэгэн цент/ ам.доллар буюу 1 886 204 991.88 /нэг тэрбум найман зуун наян зургаан сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун ерэн нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн ашиг олсон.
Уг мөнгөнөөс 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ ам.доллар буюу 1 687 584 000 /нэг тэрбум зургаан зуун наян долоон сая таван зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг оффшор бүсэд үүсгэн байгуулсан “ND Harmony LDT” компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсад бүртгэлтэй “Ийстерн металс” ХХК-ийн Голомт банк дахь 8115002953 дугаартай дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглан мөнгө угаасан нь тогтоогдсон.
С.Баярцогт нь 2004 оноос 2016 онд УИХ-ын гишүүн, 2004 оноос 2006 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2008 оноос 2012 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна, доторх тавилгын хамт 852 880 691 төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн зам гудамжинд байрлах, 362,98 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Д гэх хүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч, хөрөнгө орлогоо нуусан,
Мөн С.Баярцогтын нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан гудамж, Белла виста хотхоны Таун хаусд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1 468 885 290 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, түүний хүүхдийн нэр дээр бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн XI хороо “Белла виста” хотхоны 300 дугаар байранд байрлах орон сууц, авто зогсоолын зориулалттай 1 102 863 11 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус өөрийн хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж өмнөх шатны шүүхүүд үзэж шийдвэр гаргасан байдаг.
Гэхдээ одоо С.Баярцогтын хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явагдана.
Харин үүний зэрэгцээ Дээд шүүхийн энэ шийдвэрт нотлох баримтыг үнэлсэн дотоод итгэл үнэмшил гэхээсээ өөр хүчин зүйл нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл үүслээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн “шинэ дотоод итгэл үнэмшил” шалгагдаж мэдэхээр болоод байна.
Номоороо бол шүүх дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг. Ийм онцгой эрхтэй. Гэхдээ тэр итгэл үнэмшил нь нотлох баримтын үнэлгээнээс бий болж, шүүхийн шийдвэр эргэлзээгүй гардаг номтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ч · 2021/07/26
Монголчудын залхуу оюуныг ашиглаж албан тушаал авчих зүйл бүтээсэн дүр эсгэж амьдардаг
Зочин · 2021/07/26
Yasiin tsailga huuli heregjideg bolsoniig naaduuldaa medrvvl ard tvmen tsaashid anhaarch ajilii tur zasag mini