Д.Батцогтыг “шударга ёс” эвслээс гарах хүсэлтээ гаргасны дараа тус эвслийнхэн дотор “Д.Батцогтоор Д.Батцогт өөрөө л дутна” гэх үг гаргажээ.

“Шударга ёс”-чууд нэг суудлаа алдаж байгаад ийнхүү хорссон хэрэг үү. Үнэхээр Д.Батцогт гэх хувь улстөрчийн мөн чанарыг ийн хэлчихэв үү, мэдэх юм алга.

Юутай ч тэр “шударга ёс”-чуудын бүлэглэлээс татгалзаж, асуудлыг нь бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлэх гэнэ. Энэ тухайд ажиглагчид янз бүрийн тайлбар өгч байгааг уншигчтайгаа хамт хуваалцах гэсэн хэрэг. Х.Баттулга, М.Энхсайхан нарын тохирооны нэг ажиллагаа нь “шударга ёс”-чуудаас МҮАН-ынхан татгалзах гэсэн нь бий. Тиймээс Д.Батцогт бүлгээсээ татгалзаж буй гэх. Ажиглаж байхад энэ бүлэглэлийг сайшааж үзэх нь бүү хэл ойшоож үзэх хүн ч тун ховордож байгаа аж. Үг сөрвөл бүлгийн хаалгыг савчих гэсэн нөхөд ордноор нэг хэлхэлдэж байгааг ч дуулгасан. Уг нь урьд цагт “Ноён сөрвөл хамаргүй, нохой сөрвөл хормойгүй” гэдэгсэн. Харин өдгөө энэ үг ул болж, ноёноо сөрсөн хүн амжилтад хүрдэг цаг ажээ. Тиймдээ ч ганцхан “шударга ёс” биш бусад улстөрийн бүлэглэлүүдэд ч ажиглагдах болсон зүйл гэвэл энэ. Тиймээс Д.Батцогтыг “шударга ёс” эвслээс явлаа гэхэд хэн ч хорихгүй, бас хэн ч гайхахгүй. Тэр ер нь юу хийж чадах хэн билээ гээд бодохоор хэний ч санаанд юу ч үл бууна хэмээн нэг хэсэг нь хэлж байна.  

Яахав, Д.Батцогт гомдогсод гологдогсодын энэ бүлэглэлийг зүдэрч явахад нь Ховдоос нэг суудал чирч ирсэн нь бол яах аргагүй том гавьяа мөн. Гэхдээ энэ бол “шударга ёс”-д л оруулсан гавьяа болохоос биш бусад зүйлд бараг лай болсон гэнэ. Ер нь Эрдэнэтээс Л.Цог, Сонгиноос Д.Тэрбишдагва, Чингэлтэйгээс Г.Уянга гээд тус бүр нэг суудал чирж ирсэн нь гай удсан гэдгийг ч нуусангүй. Эд нар л суудал авчраагүй бол УИХ-д хэдэн гологдогсод гомдогсодын бүлэглэл бий болж, засагт хамтарч өнөөдрийн лай ланчигийг бий болгохгүй байсан л гэнэ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд ямар их гай удав аа, эд нар хэмээн бүр бухимдаж байх юм. 

Иймээс Д.Батцогт Монгол Улсад ийн лай чирч ирсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн гэдгийг бүр батлаж хэлэх шинжтэй. Өдгөө “шударга ёс” эвслээс гарч байгаа нь энэ эвсэлд нэг суудал авч өгснөөр би сонгогчдынхоо өмнө маш том нүгэл хийжээ гэдгээ ухамсарласан бол маш сайн юм байх. Магадгүй, тэрээр би “шударга ёс” эвсэлд суудал авчраагүй бол Монгол Улсын эдийн засаг ийн сөхөрч, ард түмний амьдрал ядуураа ч билүү хэмээн бодсон байхыг үгүйсгэхгүй гээд түүнийг өмөөрөх ч нэг хэсэг байна. 

Гэтэл нөгөө талаас ер нь бол Монголын их улстөр Д.Батцогтоор дутна гэж юу байхав. Тэр “шударга ёс” нь л дутдаг юм байгаа биз. Д.Батцогт ийн буруугаа ухаарч “шударга ёс”-оос татгалзаагүй байвал яах вэ. Тухайлбал, улстөрийн алсын нүүдэл хийж ямар нэгэн улстөрийн бүлэглэлийг сонгосон бол яах вэ. Дээр дурдсанчлан М.Энхсайхан, Х.Баттулга нарын тохироонд орж байгаа бол яах вэ. Ингэж байвал ёстой 2016 онд Ховдын сонгогчидтой нийлж байгаад түүний эсрэг тэмцэхээс өөр аргаггүй гээд нэг хэсэг нөхөд дайрч байгаа нь ховдчууд бололтой. 

Харин миний мэдэхээр түүнийг ийн бүлгээсээ татгалзсаны дараахан МАХН-ын талын хэвлэл мэдээллээр Д.Батцогтыг хэнд ч хэрэггүй нэгэн мэтээр зарлаж өгсөн. Тэр ч бүү хэл хэнд ч хэрэггүй Д.Батцогт бушуухан зайгаа тавьж өг гэж хүртэл бичсэн. Тэгэхээр түүний асуудлыг хэлэлцэх үеэр нэг их төвөг чирэгдэл учрахгүй, явуулчих болов уу. Ямар ч байсан “шударга ёс” эвслийн бүлэгт Д.Батцогт гэдэг хүн огт хэрэггүй болсон гэдгийг хэвлэлийн хуудаснаас л харлаа. Түүнээс биш, ямар өөрөөс нь асуусан биш. Яахав, “шударга ёс” эвслээс авсан зүйл нь байнгын хорооны дарга юм биз дээ. Энэ ямар төсөв захиран зарцуулах эрхтэй ч албан тушаал биш дээ, өгчихөөд л баяртай болно биз. Улстөрийн нүүдэл хийж гэмээнэ тэр аль бүлэглэлд чухам ямар хэрэгтэй хүн бэ. МАН-д лав хэрэггүй л болов уу. Одоо засаглах эрх нь нэгэнт газрын дунд орчихсон байгаа АН-д хэрэгтэй гэхэд бас л хэцүү. ИЗНН-д бол бүр ч хэрэггүй биз. Өөрсдийнхөө лайг яая гэж байхад. Энэ бүгдээс хараад байхад “шударга ёс”-чуудын хэлсэн “Д.Батцогтоор Д.Батцогт өөрөө л дутна” гэсэн үг яах аргагүй үнэн л болох гээд байх юм. 
 

С.Баяр