Сайд нарын “Сайн” нэртэй охид
2014/05/12
Төрийн хүн болсон л бол хувийн эрх ашгаа ямагт дарж, хамгийн сүүлд эрэмбэлж явах учиртай. Гэхдээ энэ нь манай улстөрчдөд хэзээд үйлчилдэггүй. Авлига, албан тушаалын хэргийн гол эзэд нь төрийн сайд, УИХ-ын гишүүнээр сонгогдож явсан хүмүүс байх нь олонтаа.
Сүүлийн үед бараг моод болон дэлгэрэх нь холгүй нэг арга газар авлаа. Зарим сайд охинтойгоо хамтран хуулийг гууль болгож, албан тушаалаа урвуулан ашиглаж гаршаад байх шиг. Эцэг, эхийн нэрийг сайнаар дуурсгана гэдэг хүн болж төрсний чухал гавьяа. Гэтэл муу эцгийн “ачаар” элдвээр хэлүүлж, тэрний охин тэр тийм хэрэгт холбогдлоо гэж цоллуулна гэдэг харамсалтай. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Эцгийн балгаар муу нэртэй, луу данстай үлдэж буй охид дэндүү хайран.
Нүүрс тарааж, мөнгө хумслагч
Лүймэдийн Гансүх 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2008 онд УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, 2008-2012 онд Дархан-Уул аймгаас УИХ-д сонгогдон ажилласан. 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байв.
Хамгийн сүүлд Ерөнхий сайдын ахлах зөвлөх байхдаа Авлигатай тэмцэх газарт шалгагджээ. Түүний энэ олон албан тушаалыг дурдах болсон нь учиртай. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдоно, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллана гэдэг хариуцлагатай албан тушаалтан гэсэн үг. Гэтэл хариуцлагатай алба хашиж байсан хүн их хэмжээний мөнгө улсаас завшаад гадаад улс руу оргон зайллаа гэсэн мэдээлэл гарлаа.
Л.Гансүх Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ямар ч тендер зарлахгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар нүүрс хүргэх ажил хийлгэжээ. Уг компани нь түүний охин Г.Цэрэнжагзаны нэр дээр байдаг гэнэ. Нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр “Багануур” компаниас худалдаж авах гэрээ байгуулаад нийслэлд нэг тонныг нь 80 мянган төгрөгөөр зарж байсан нь тогтоогдсон аж. Түүгээр ч барахгүй “Нүүрс” хөтөлбөр алдагдалтай ажилласан хэмээн Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулж авсан гэдэг. Уг хөтөлбөрт 200 гаруй иргэнийг тус бүр 800 мянган төгрөгөөр цалинжуулан ажиллуулж сүр дуулиан болоод байсан нь ердөө жил гаруйн өмнө. Иргэдээ хямд үнэтэй нүүрсээр хангаж буйгаа л гайхаад байсан нь үнэн чанартаа гурав дахин өсгөсөн өртгөөр шахаж, илүү мөнгөө халаасалсан болж таарлаа. Тэгээд ч болоогүй охиныхоо нэрийг барьж, компани байгуулан энэ их мөнгийг хувийн данс руугаа шилжүүлээд Монгол Улсын хил даван зугатчихжээ. Ахлах зөвлөх Л.Гансүхийнх гурван охинтойгоос одоо мэдэгдэж байгаагаар нэгийг нь өөрийн хууль бус ажлын хамсаатнаа болгож орхих нь тэр.
“Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс тогтоогдож буйгаар 5.1 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт Л.Гансүх мөн л нэр холбогддог. Түүнийг сайдаар ажиллаж байхад “Цэвэр агаар сан”-г байгуулж, зөвлөлийн даргаар нь ажиллаж байсан. Гэрчийн мэдүүлэг өгсөн гэдэг ч хариуцсан салбарынх нь сангийн удирдлага, нягтлангууд улсын их хэмжээний мөнгийг шамшигдуулсан хэрэгт хамгийн их хамаатай хүн нь байхыг ч үгүйсгэхгүй.
Гэмт хэргийн холбогдогч
“Цэвэр агаар сан”-гийн ерөнхий нягтлан бодогч М.Хулангийн ах М.Цолмон Сангийн яамны Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа энэ хэрэгт холбогдсон чтусгаарлан шалгаж байгаа. Тус сангийн хуурамчаар гүйлгээ хийж байгаа данс, тооцоо бүхнийг хийдэг байсан тэр эмэгтэй нь Ерөнхий сайдын охин” гэж ярьжээ.
АТГ-аас ч гэсэн А.Саранзаяаг шалгаж байгаа нь үнэн гэж мэдэгдсэн. Харин үүнд Ерөнхий сайд “Хуулиар шүүхээс шийдвэр гарсны дараа гэм буруутай гэж үзнэ. Үүнээс өмнө цацаж байгаа бүх яриа сүржин ухуулга. Хоёр жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар, Ардын нам хоёр л ажил хийлгэхгүй байна” гэсэн хариу тайлбар өгсөн. Нялх хүүхэдтэй учир энэ бүсгүй нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, хэрэгт холбогдсон “Цэвэр агаар сан”-гийн захирал асан Н.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Л.Гансүх нар дарамталсан тухай мэдээлэл ч цөөнгүй гардаг.
Ерөнхий сайдтай холбоотой бас нэгэн охины тухай багагүй шуугиан болж байсан. Ерөнхий сайдыг огцруулах асуудал МАН-аас оруулж, хэлэлцэж байх үеэр Ч.Уянга гэдэг охины нэрээр тендерт ялсан баримт дурдагдсаныг мартаагүй байх. “Говь повер” гэх компани Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх 17 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялжээ. Нэг тонн нүүрс тутамд 1.5 ам.доллар авахаар гэрээнд тусгасан гэх дуулианы гол эзэн Ч.Уянга “Говь повер” компанийн захирал төдийгүй, гэрийн хаяг нь хуурамч гэх мэт баримтууд ар араасаа гарч байсан. Ч.Уянга нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн эхнэр гэсэн мэдээлэл ч дэлгэж байв. 27 настай Ч.Уянгын компани энэ том тендерт ялахад Засгийн газрын тэргүүний оролцоо байхыг ч үгүйсгэхгүй байгаа. Олон нийтэд мэдэгдсэнээр Н.Алтанхуяг сайдын олон охины нэг А.Саранзаяа ямартаа ч “Цэвэр агаар сан”-гийн хэрэгт холбогдогч болж, Стандартчилал хэмжилзүйн газарт ажилд ороод хууль бусаар төрийн албан хаагчийн тангараг өргөж байсан муу нэртэй болж хоцорлоо.
Брэндийн дэлгүүрийн эзэн
Н.Батбаяр сайдын толгойлдог яамыг эдийн засгийг хөгжүүлэх биш эдийн засгийг хямраадаг гэж Төрийн тэргүүнээсээ эхлээд шүүмжлээд л байгаа. Улс орны эдийн засгийг өөд нь татах байтал гэр бүлийнх нь санхүү л улам сайжраад байгаа бололтой. Н.Батбаяр сайдын охин Хулан дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдийн дэлгүүр байрладаг Централ таурт “Версаче”-гийн дэлгүүр нээжээ. Монголчууд брэндийн бараа худалдаж авах нь байтугай өдрийн хоолоо залгуулах гэж ядаж буйг эрхэм сайд нэг л ойлгохгүй байх шиг. Ам.долларын ханш 1800 гарчихаад, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсаар байхад л “Сайхан байна, сайхан гэж бодоод байвал сайхан болдог юм” гэж зөвлөх. Хамгийн хямддаа хэдэн зуун сая ам.долларын үнэтэй тансаг брэндийн дэлгүүр охиндоо “бэлэглэх” сайдтан эгэл амьдрал хэзээ ч ойлгохгүй, хэзээ ч хөрсөн дээр буухгүй нь.
“Чингис” бондын мөнгө хаагуур хэний гараар юунд зарцуулагдсан нь одоо хүртэл тодорхойгүй байгаа хариуцлагыг Эдийн засгийн хөгжлийн сайдаас асуух цаг болсон юм биш үү. Магадгүй “Чингис” бондоос “Версаче”-гийн дэлгүүрт дусчихсан ч юм бил үү, хэн мэдлээ. Энэ дэлгүүрийн тухай сонсоод УИХ-ын дарга “Бодитой мэдээлэл өгч, бодитой шийдвэр гаргах ёстой” гэж билээ.