Д.БЯМБАСҮРЭН

Цар тахлын улмаас олон зүйл өөрчлөгдөж буй. Хүнс барааны үнэ хором бүрт өсөж, шатахуун, орон сууцны үнэ тэнгэрт хадсаар. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд тээврийн зардал, бараа материалаа татан авдаг улс нь үнээ нэмсэн зэрэг шалтгаантайгаар өдрөөс өдөрт нэмж байна.

Бид ч энэ хугацаанд шатахуун, мах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилгын материал, эм тариа, мод, төмөр зэрэг зүйлсийн үнийн өсөлт, бууралтыг тухай бүрт нь мэдээлсэн. “Чоно борооноор” гэгчээр үнэ нэмэгдэхийн хэрээр үнийг нугалж зарах үзэгдэл гарах болсон. Өөрөөр хэлбэл, “шахаа хийх” буюу өндөр үнээр зарах арга. Энэ аргад өдгөө эм эмнэлгийн хэрэгсэл өртдөг. Түүнчлэн цар тахал дэгдэхээс өмнө эмнэлгүүд гадны улсаас боломжийн үнээр бараа материалаа татаж байсан. Харин одоо наймаачид бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй болсноор эм тариа, эм эмнэлгийн хэрэгслүүд нь тасалдсаар байгаа аж. Иймд бид эмийн сан болон зарим эмнэлгээр орж, эмнэлэг болон иргэдийн гол хэрэгсэл болоод буй маск, бээлий зэрэг бусад эмнэлгийн хэрэгслийн үнэ ямар байгааг сурвалжиллаа. 

ШИРХЭГ НЬ 250 ТӨГРӨГНИЙ БЭЭЛИЙ 900 БОЛЖЭЭ

 Бид сурвалжилгаа Чингэлтэй дүүргийн “Таван буудал”-д байрлах эмийн сангаас эхлэв. Энд эмнэлгийн 50 ширхэгтэй бээлий 45,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан юм. Энэ талаар худалдагч “Коронавирусийн халдвар гарахаас өмнө буюу 2019 онд эмийн сангуудад 50 ширхэгтэй нэг удаагийн бээлийний үнэ нэг ширхэг нь 250 төгрөг буюу хайрцаг нь 12,000 төгрөгөөр худалдаалагддаг. Харин цар тахал гарснаар 45,000 төгрөг болж үнэ нь огцом өссөн. Тухайлбал, нэг ширхэг бээлий 900 төгрөг болж нэмэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэг ширхэг бээлий 650 төгрөгөөр нэмэгдэн худалдаалагдаж байгаа. Манайх “Монос”, “Нахиа” зэрэг томоохон эмийн сангаас бараагаа татдаг. Үнэ өссөн шалтгаан нь гадны орнууд үнээ нэмсэн, хил гаалиар орж ирэх тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой. Түүнээс гадна эмнэлэг болон үйлдвэрүүд илүүтэй бөөнөөр нь татан авч буй. Маск, бээлий зэрэг хэрэгсэл өдгөө харин эмийн сангуудад байгаад байна. Анх корона гарах үед олдоц муу, үнэ нь тэнгэрт хадсан” хэмээн ярьсан юм. Үүний дараа хэд хэдэн эмийн сангаар ороход дээрх үнэтэйгээр борлуулагдаж байсан. Иргэд нэг удаагийн бээлий гэхээс илүү маскны худалдаа хийх нь элбэг байгаа нь анзаарагдав. Амны хаалт 50 ширхэгтэй нь Хятад, Солонгос зэрэг улсаасаа хамаараад үнэ нь өөр, өөр байна. Тухайлбал, 50 ширхэгтэй хятад амны хаалт 2500- 3000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол Солонгос амны хаалт 5,000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь маск ховордож, үнэтэй байсан үеийг бодоход дундаж үнэтэй харин энгийн үеийг бодоход өндөр үнэтэй аж. Ийнхүү эмийн сангуудаар амны хаалт, бээлий дээрх үнээр худалдаалагдаж байна. 

ШҮД ЛОМБОДОХ МАТЕРИАЛЫН ҮНЭ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ 

Эм тариа, маск, бээлий зэрэг анхан шатны хэрэгслүүд хил гааль хааснаас үүдэн удаа дараа тасалдсан. Одоо харин хил гааль нээж, газрууд хэвийн горимд шилжсэнээр байдал арай дээрдэж байна. Тухайлбал, өнгөрсөн оны эхний таван сарын хугацаанд эмнэлгүүдэд бараа бүтээгдэхүүн ховордсон. Үүнийгээ дагаад олдож байгаа хэд нь үнэд орсон. Тэгвэл өдгөө эм эмнэлгийн хэрэгсэл ямар байгааг мэдэхээр хувийн болон улсын гэсэн тодотголтой эмнэлгүүдээр орж, эмнэлгийн хэрэгслийн нөөц, үнийн байдлыг судлав. “Оргил Деньт” шүдний эмнэлгийн захирал Х.Оюунчимэг “Анх коронавирус гарахад эмнэлгийн бээлий 50 ширхэг нь 9000 төгрөгөөр зарагддаг байсан бол одоо 35-40 мянга төгрөг болж өссөн. Тухайн үед амны хаалт ч олдохгүй ид бужигнасан. Үүнийгээ дагаад эмнэлэгтэй холбоотой анхан шатны хэрэгслүүд ховордсон. Одоо арай хэвийн үедээ очоогүй ч бөөний үнээрээ 25,000 төгрөгөөр авч байгаа. Энэ нь Солонгос, Турк, Индонез зэрэг аль улсаас орж ирж байгаагаасаа хамаараад үнэ нь өөр. Зарим үед хүссэн размер нь байхгүй тохиолдолд 22,000 төгрөг гэнэ.  

Тухайлбал, 50 ширхэгтэй хятад амны хаалт 2500- 3000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол Солонгос амны хаалт 5,000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь маск ховордож, үнэтэй байсан үеийг бодоход дундаж үнэтэй харин энгийн үеийг бодоход өндөр үнэтэй аж.

Түүнээс гадна бусад эмнэлгийн хэрэгслүүд байна. Тухайлбал, шүдний эмнэлэгт шүд ломбодоход ордог материалын үнэ гэхэд 2-3 дахин өссөн” гэв. Мөн тэрбээр “ Саяхан улсын болон хувийн эмнэлгээр мэдээ алдуулагч тариа тасарсан. Мэдээ алдуулагч тариаг Монголд оруулж ирдэг газрууд нь оруулахаа больсон. Аргагүйн эрхэнд Монголынхоо “Монос” ХХКийн үйлдвэрлэсэн мэдээ алдуулагч тариаг новокайн эмтэй хольж хэрэглэсэн. Зарим эмнэлэг гаднаас өөрсдөө хувиараа дамжуулан авч байсан. Ингээд байж байтал тариа арай гэж орж ирсэн ч өмнө нь 30 гаруй мянган төгрөгөөр авдаг байсан бол 55-65 болсон. Бид яах аргагүй хэрэгцээтэй амин чухал материал учир авахаас өөр арга байхгүй. Ялангуяа, шүдний эмнэлгийн хувьд мэдээ алдуулагч тариа тасрахад хаанаас ч хамаагүй авахаас өөр сонголтгүй. Энэ мэтээр хүнд байдалд орсон” хэмээн ярилаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хомс байгаа нь ганц үүгээр дуусахгүй аж. Коронавирусээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд римдесивир, умифеновер зэрэг вирусний эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа аж. Эндээс үзэхэд эмнэлгүүдэд эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нөөц ховор байгаа нь илт байна. 

ТЭЭВРИЙН ҮНЭ НЭМЭГДСЭНЭЭР АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙН ҮНЭ ӨССӨН 

Бид цааш улсын эмнэлгийн төлөөлөл, тэр дундаа цар тахлын халуун голомтод ажиллаж байгаа эмнэлэг болох ХӨСҮТ-өөс нөхцөл байдлыг тодруулав. Тус эмнэлгийн хэвлэл мэдээллийн ажилтан “Манайх 50 ширхэгтэй эмнэлгийн бээлийг бөөний үнээр 22.000 төгрөгөөр авдаг. Нэг хэсэг маск, бээлий тасарсан. Одоо харьцангуй харин гайгүй байна. Энгийн үед бид 9000-12,000 төгрөгөөр л авчихдаг байсан. Гэхдээ үнэ гэхээс илүү нөөцгүй болоод тасрах нь хэцүү. Яар аргагүй халдвараас сэргийлэх гол хэрэгсэл. Үнэ өссөн шалтгаан цаанаасаа бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа газар ачаа тээврийн үнэ нэмэгдсэн шалтгааныг хэлж буй. Зарим эм, эмнэлгийн хэрэгсэл олдоц муутай байгаа. Ховордох тусам үнэ нь нэмэгддэг. Одоо ч нэг үеэ бодоход маск, бээлийтэйгээ байна” гэсэн юм. Ийнхүү манай хувийн болон улсын эмнэлгүүдийн эм эмнэлгийн хэрэгслийн нөхцөл байдал нэг ийм байна. Манай улсын эмнэлгүүд эм эмнэлгийн хэрэгслийн хувьд “бор зүрхээрээ” явж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эмнэлэг бүр хажуудаа эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх бөөний төвтэй. Үүгээрээ дамжуулан бараа, материалаа татахаас цаашгүй. Гэсэн ч цар тахлын нөхцөл гадны улсуудаас татах бараа материал ховордож, тээврийн гацалтад орж, арай гэж ирэхээрээ үнэ нь тэнгэрт хадах зэрэг олон бэрхшээл дагуулдаг. Ерөөс эмнэлгүүд энэ тал дээр эцэг эхгүй хүүхэд мэт явсаар өнөөдрийг хүржээ. Ганц хариуцсан байгууллага нь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт,зохицуулалтын газар. Хэдэн хоногийн өмнө Шадар сайд С.Амарсайхан “ Эл байгууллагын үйл ажиллагааг жигдрүүлж, хараат бусаар ажлаа явуулах боломжийг бүрдүүлснээр эмийн дээд үнийн хязгаарыг тогтоох асуудал цэгцэрч, эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, өндөр үнэтэй, олдоц ховор эмийн нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх боломж нээгдэх учраас энэ тал дээр анхаарч ажиллана” хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад “Манай улс зах зээлийн зарчмаар явдаг, чөлөөт эдийн засагтай орон. Тусгайлан үнэ тогтоосон газар байхгүй” гэлээ. Хүний амь настай холбоотой энэ төрлийн асуудалд зах зээлийн зарчмаар явна гэдэг хариулт бол хэтэрхий амиа бодсон хэрэг.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН