Бага насны  хүүхдээр хурдан  морь унуулахгүй байя гэж хэчнээн жил ярьж, хөдөлгөөн өрнүүлсэн ч  нэг мөр  болгон  шийдвэрлүүлж  чаддаггүй юм бол  өөр гарц хайя, түүний нэг болох  “Мэргэжлийн жоккейчидтой болъё” гэсэн саналыг  бид өмнөх дугаартаа дэвшүүлсэн билээ.

Нийтлэлтэй холбоотой уншигч, олон нийтийн зүгээс редакцийн болон сэтгүүлчийн хаягаар дэмжсэн, эсэргүүцсэн, өөр бодолтой байгаагаа илэрхийлсэн янз бүрийн байр суурийг  илэрхийлжээ. Тэдгээрийг тоймлобол, уншигчдын  олонхи нь “Монгол наадам”  бол үндэсний наадгай юм. Иймд энэ уламжлалынх нь дагуу л  авч үлдэх ёстой. Монгол наадмын хөгжиж ирсэн үндэс нь бидний өв соёл, зан заншил  юм. Гол утга нь ийм. Монгол наадамд бид  монгол адуугаа  уралдуулж ирсэн. Монгол наадам байгаад цэвэр  монгол адуугаа уралдуулж байгаа  тохиолдолд унаач нь эртнээсээ хүүхэд  л байсан. Тухайлбал, даагыг том хүн унаж уралдана гэж байхгүй шүү дээ. Тэр байтугай дааганы уралдаанд  том биетэй хүүхэд ч хүнддэг. Гэтэл хүүхэд унаж уралддаг монгол наадам, наадгайн утгыг алдуулж уралдаан болгож, эрлийз морь оруулснаар гажуудал гарсан. Ерөөсөө 2003 оны баяр наадмын тухай хуулиас эхлээд өөр байдал руу шилжсэн. Өв соёл, үндэсний наадгай,  баяр цэнгэл гэдэг утгаараа байх юм бол  хурдан морины унаач нь хүүхэд байх ёстой. Монгол адуугаа хүүхэд унаж уралдуулж монгол наадам, монгол морин уралдаан болно” гэжээ.

Зарим уншигч саяхан Дорнод аймагт  хурдан азарганы уралдааны үеэр  сошиал орчинд хүмүүсийн постолж байсан 30-аад жил морь унаж уралдуулсан 35 настай нэгэн залуугийн  зургийг илгээгээд, мэргэжлийн жоккейчидтой болох боломжтой. Бие жижигтэй залуус  их нас, азарганы уралдаанд хэзээнээсээ унаж уралдуулж л байсан”  хэмээн  дурджээ.

Унаачдын тухайд ийм байр суурь давамгайлсан бол уяачдын талаар “Уяач бол хурдан морины дасгалжуулагч. Хүүхэд нь уралдаанч  бус морь  унаач юм. энэ бол малчин ахуйгаас уламжилж ирсэн зан заншил. Өөрөөр хэлбэл, хүүхэд морь унах нь өдөр тутмын хэв шинж. Монгол адуу, уяач, унаач хүүхэд гурав өөрчилж болохгүй нэгэн цогц соёлын гурван тулгуур багана. Тэгэхээр морин уралдааных нь мөн чанар бэлгэдлийн чанартай. Наадам хийж, морио уралдуулж, түрүүлсэн морио “Энэ бол Төрийн түмэн эх шүү, минийх биш төрийнх “ гэж бэлгэддэг. Баян ходоод болсон даага, унаач хүүхэд хоёрыг “Ирэх жилийн түрүү магнай” гэж цоллох нь ч ёс заншлын, бэлгэ дэмбэрэлийн утгыг агуулдаг. Үүнийгээ хадгалмаар байна. Өнөөдрийнх шиг бүсийн уралдаан  гэж спортын тэмцээн хийж гажуудуулж болохгүй. Бүсийн уралдаанд уяачид цол олгох нь өрсөлдөөн тэмцээний утгыг шингээж наадмын утгыг гажуудуулж байгаа юм. Дээр нь монгол адууг хурдан болгож эрлийзжүүлнэ гэдэг  наадмын хурдан морины уралдааны суурь үндсийг нь бүр ч байхгүй болгож байна. Энэ бүхнийг цэгцэлж байж наадам маань жинхэнэ  наадам болно. Нэг үгээр хэлбэл, язгуур өв соёл гэдэг маань ёс заншлын хэм хэмжээтэй юм шүү” гэсэн санал сэтгэгдлүүд уншигчдаас иржээ. 

Үүнээс гадна наадам, спорт хоёрыг ялгаж салгах цаг болсныг сануулсан сэтгэгдлүүд ч зөндөө. Ийм байр суурь илэрхийлсэн хүмүүс  монгол наадам өөрийн дэг жаяг, уламжлалтай. Түүгээр нь авч үлдээд  хурдан морины бооцоот уралдаан, тэмцээн зохион байгуулдаг  “Морин тойруулга”-ыг тусад нь байгуулах ёстой.  Эрлийз морьдыг тэнд уралдуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол наадмаар зургаан насны морь уралдуулахад дунд нь эрлийз адуу авчирч шургуулдаг, морь шүдлэхэд танил талаараа оруулчихдаг явдал газар авсан. Үүнээс болж наадам утгаа алдаж,  хүүхэд эндэх,  осолдох явдал гарах болсон. Нэг ёсондоо уяач цол авч, энд тэндхийн наадамд  айраг түрүү авч, түүгээрээ реклам хийж хурдан морины бизнес хийх гэсэн эрхмүүдийн  бооцоот уралдааны золиос нь хүүхдүүд болоод байгаа юм. Иймд ялгаж салгаж авч үзэх ёстой”  гэцгээж байна.

 

Гэхдээ энд нэг л юм бий. Олон улсын байгууллагууд,  Хүний эрхийн үндэсний комисс  “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг нь унаач хүүхдийн хөдөлмөр” гэдгийг  тодорхойлчихоод байгаа шүү дээ. Дөнгөж сая ч биш хэдэн жилийн өмнө ийм дүгнэлт гаргасан байдаг. Хүүхдийн хөдөлмөр, тэр дотроос  тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр нь  хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд муугаар нөлөөлж байна гэж  ХЭҮК тайлан  илтгэлдээ  байнга дурдаж ирсэн  байдаг. Тодруулбал, “Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан зарим талаар бизнесийн шинжтэй болж, үндэсний баяр наадмаар хязгаарлагдахаа болихын хамт унаач хүүхдийн тоо өсч байгаа нь хүний эрхийн байгууллагын анхаарлыг татаж байна. ХЭҮК, ХТҮГ-аас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд хурдан морь унаж байгаа 30 орчим мянган хүүхэд байгаа бөгөөд тэдгээр хүүхдүүд жилдээ давхардсан тоогоор 150 орчим их, бага уралдаануудад оролцож байна. Үүн дээр сунгаа, жижиг уралдаануудад оролцсоныг  нэмбэл хэд дахин өссөн дүн гарна.  Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч байгаа боловч хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна”  гэж хар дээр цагаанаар, хэн хүнд ойлгомжтойгоор, тоо баримттай нь гаргаж тавьсан байдаг. Энэ тайлан, мэдээ НҮБ-ын Хүүхдийн эхийн хороо руу явсан тайлан илтгэлд “Унаач хүүхэд” гэсэн тусгай бүлэг болж тэмдэглэгдсэн байдаг.

Хэдийгээр хурдан морины уралдаан   Монгол үндэстний дэлхийд бахархах нандин  өв соёл гэлээ ч  унаач хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох  нь  түгээмэл  байгаатай бид  эвлэрэх ёсгүй юм. Улс, аймаг, орон нутгийн болон бүсийн  наадмын хурдан морины уралдааны үеэр мориноос унаж амь насаа алдсан, хүнд гэмтэж бэртсэн хүүхдийн тоо бүртгэл алданги оног байхаас  цагдаагийн байгууллага дээр эзэн, уяач нарт  эрүүгийн хэрэг үүсгэсэн нэг ч тохиолдол байдаггүй. Морины эзэн, уяач, хүүхдийн ар гэр хоорондоо тохиролцож төлбөр төлөх гэх мэтээр зохицуулдаг. Эсвэл  тухайн хүүхэд морины эзэн, уяачийн өөрийнх нь хүүхэд байдаг. Иймээс энэ асуудлыг шийддэг хууль байхгүй, хариуцлага хүлээлгэх дүрэм, журам ч  алга. Харин “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн Үндэсний баяр наадмын тухай хуулийн ганцхан  заалт л  байдаг. Тэр нь  зөвхөн долдугаар сарын 11-13-нд болдог Үндэсний баяр, наадмын уралдаантай холбоотой болохоос  бусад  үед болдог, хаввар, намрын болон бүсийн чанартай  уралдаануудад хамааралгүй явж ирсэн. Сүүлд хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхээ болъё, ядаж есөөс дээш насны хүүхдээр морь унуулъя. Хамгаалалтын хувцас, малгай өмсүүлье, даатгалд заавал  хамруулах ёстой гэж  холбогдох байгууллагууд шаардсанаар Стандартчиллын үндэсний зөвлөл “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2011 заавал мөрдөх стандартыг баталж байв. Гэвч энэ нь чанарын хувьд сонголтгүй, бас хяналтгүй. Зургаан насны морь унахалд тохирч байгаа эсэх нь эргэлзээтэй. Хүүхдүүд хамгаалалтын хувцас хэтэрхий хөлөргөдөг, агаар нэвтрүүлдэггүй, малгай нь салхинд хийч морь үргээдэг хэмээн хэлдэг, биед нь тохиромжгүйгээс гараанаас гарахын өмнө  аваад шидчихдэг нь олонтаа.

 

Бидний дэвшүүлсэн “Мэргэжлийн жоккейчидтой болъё” гэсэн сэдэв дөнгөж эхэлж байгаа ч  цааш өргөжин нийгмийн хэлэлцүүлэг рүү шилжих төлөв уншигчдын санал, сэтгэгдлээс  харагдаж байна. Бага насны хүүхдээр хурдан  морь унуулахгүй байх хөдөлгөөн  өмнө ч өчнөөн өрнөж ирсэн хуучин сэдэв. Гэхдээ асуудал нь хэзээ ч хуучрахгүй, Монголын төр хуульчлах ёстой асуудлын нэг.

Энэ удаагийн Засгийн газар  соёлын асуудал хариуцсан тусдаа яамтай, сайдтай болсон. Монгол наадам ямар байх, дэг жаягыг хэрхэн мөрдөх, үндэсний морин уралдаан ямар байх, заавал хүүхэд унах ёстой юу, тийм биш бол мэргэжлийн унаачдыг  хэрхэн бий болгох вэ гэдгийг нэг мөр шийдэх хэрэгтэй юм.

 

Үргэлжлэл бий.

 

 

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин