Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын “Надад Ерөнхий сайд болох хүсэл байхгүй” хэмээсэн ярилцлагыг уншаад гайхлаа. Маш том зөрчил анзаарснаа л хэлэх гэсэн хэрэг.

Уг нь бол Х.Баттулгын мөнхийн хүсэл нь Ерөнхий сайдын суудал шүү дээ. Гэхдээ үүнийг хувь хүн талаас нь хараад яахав. Тэр зөрчилд л гол асуудал байна. Яагаад гэхээр анхнаасаа хэрэгжүүлэхээр зэхсэн төмөр замын асуудал. Яг үнэнийг хэлэхэд Х.Баттулга гэдэг хүн энэ төмөр замын төслийг өөрөө гардаж зураг төсвөө хийсэн. Хийж бүтээх гэсэн чин хүсэл бол байгаа нь мэдээжийн хэрэг. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл энэ замтай далдуур зууралдаж байгаа хүн. Нууц гэрээ ч гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ энэ гэрээ нууц байна уу, ил байна уу огтхон ч хамаа алга. Гагцхүү Монгол Улсад л хэрэгтэй зүйл байх хэрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Нөгөө талаар Майдар төсөл байна, үүнийг дагасан эко хотын төсөл гэхээр түүнд яах аргагүй Ерөнхий сайдын суудал хэрэгтэй болж таарна. 
       Ийм том хэмжээний төслүүдийг эрх мэдэлгүйгээр хийхгүй. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд болохгүй бол худлаа л гэсэн үг. Тэгэхээр Х.Баттулга өөрөө үүнийг сайн мэдэж байгаа. Харин байдал ийм байхад яагаад ийн худлаа яриад байгааг ойлгох юм алга. Магадгүй, өөрийн хүсэлтээр бус шахалтаар Ерөнхий сайд болж харагдах гэсэн хэрэг юм болов уу. Түүний төлөвлөж, бий болгох гээд байгаа дээрх том төслүүд бол зүгээр нэг сул гишүүн хийчих зүйл биш. Дээр нь нэмээд “Шинэ сум” төсөл ч цаашаа явахгүй гэсэн үг. Энэ төсөл зөвхөн түүний тойрогт пиарын хэмжээнд хэрэгжээд царцаж таарна. Зөвхөн “Шинэ сум” төсөл гэхэд л сул гишүүн хийчих ажил биш гэдгийг хэн ч мэднэ. Давхар дээлтэй суугаад ч хүч хүрэхгүй. Яах аргагүй засаг тэргүүлж байж хөдөлгөх зүйл. Зүгээр ч нэг Ерөнхий сайд урагшаа хөдөлгөхгүй, УИХ-д томоохон бүлэглэлийг өөртөө татаж байж сая бүтэх ажил шүү. Лав мянган Н.Алтанхуяг байгаад хийчих ажил биш. Дашрамд дурдахад бидний мэдэх хамгийн арчаагүй Ерөнхий сайд бол Н.Алтанхуяг юм шүү дээ.   
       Гэтэл Х.Баттулга “Надад Ерөнхий сайд болох хүсэл байхгүй” хэмээн ярьж суугаа нь маш том зөрчил л дөө. Яагаад гэхээр Х.Баттулга дээрх төслүүдийг зүгээр л хувь улстөрчийн пиарын хэмжээнд хийж байсан гэж харагдана. Ерөнхий сайд болох хүсэлгүй байна гэдэг энэ ажлуудыг хийхгүй гэсэн үг. Ямар ч Ерөнхий сайд байсан нэг сул гишүүний ийм том хэмжээний ажлыг дэмжээд хийлгэчихгүй. Ерөөсөө манай улстөрийн гол зарчим нь тэр шүү дээ. Өөрөөсөө илүү сэтгэж, илүүг хийчих гээд байгаа нэгнээ нухчин дардаг тийм л бичигдээгүй хуультай.  Эсвэл тэр өөрөө худлаа яриад байна уу гээд олон асуудал хөндөгдөж таарна. Ер нь Ерөнхий сайд болохгүй юм бол Х.Баттулгаар УИХ ч яадаг юм. Ямар ажил мундсан биш, тэр бизнесээ л хийнэ биз. 
        Уг нь өөрийнх нь улстөрд хэрэгжүүлж буй стратеги төлөвлөгөөнд Ерөнхий сайд болохгүй гэсэн нэг ч үг үсэг байхгүй шүү дээ. Түүний стратеги төлөвлөгөөний гол жанжин шугам нь засгийн эрхийг гартаа авах байтал яагаад ийн худлаа яриад сууж байгаа ойлгох юм алга. Шууд л “Би Ерөнхий сайд болж, ийм зүйл хийнэ. Өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш. Н.Алтанхуягийг унагаад дараагийн танхимаа ингэж бүрдүүлнэ” гэдгээ шулуухан хэлчихсэн нь дээр санагдах юм. Нөгөө талаар ар талдаа байгаа МоАХ хэмээх фракцаа яах гээд байгаа юм. Х.Баттулгын ар талд маш олон итгэл үнэмшлээ өгч, цагийн цагт энэ хүнийг дэмжиж өдий зэрэгт хүргэсэн журамт нөхөд нь байгаа шүү дээ. Х.Баттулгын хувьд МоАХ-гүйгээр бол улстөрд хэн ч биш гэдгээ ч ойлгодог баймаар юм. Энэ бүгдээс хараад байхаар мань эр дээрх ярилцлагдаа худлаа л хэлчих шиг боллоо. 
        Үнэхээр Х.Баттулга Ерөнхий сайд болох хүсэлгүй байгаа бол дээрх бүх төсөл төлөвлөгөө зүгээр л хувь улстөрчийн пиар гэж хэнд ч ойлгогдоно. Тэгэхээр Х.Баттулга Ерөнхий сайд л болохгүй бол УИХ-ыын суудлаа ч орхи гэж захих байна.
 

С.Баяр