Уншаад үзвэл учир нь тодорно, эхлээд орхивол эндүүрч будилна

Манайхны эх хэлний мэдлэг үнэхээр мууджээ. Хэд хоногийн өмнө би “Чалх сулруулагч сайд” гэсэн пост нүүр номондоо тавьсан. Тэгтэл эмэгтэй хүнийг доромжилсон болоод явчихаж. “Чалх” гэдэг уг нь “Биеийн тамир тэнхээ, ерөнхий хүч чадал” гэсэн утгатай үг. Толь бичиг сөхөөд харсан ч тэгж л байгаа байх. Би төрийн сайдын буруу шийдвэр Засгийн газрын чалх чадлыг сулруулах вий дээ гэж л сэрэмжлүүлж бичсэн юмсан. “Сайдын шийдвэр Засгийн газрын чалхыг сулруулах вий” гэх агуулга уул нь ойлгомжтой баймаар. Төрийн сайдын шийдвэр бол төрийн шийдвэр. Тэнд сайдын нас, хүйс ямар ч хамаагүй. Гэтэл эмэгтэй хүнийг доромжиллоо гээд л шаагилдах юм. Эмэгтэй хүнийг доромжилбол ижийн минь сүнс гомдоно. Эхнэрийн минь сэтгэл эмтэрнэ. Охин үрсийн минь заяа гундана. Намайг хүндэлж явдаг олон олон эмэгтэйчүүд харамсана. Миний өөрийн итгэл үнэмшил, хүмүүжилд ч харш. 

 

Шүүмжлэгчдийн ойлгоод яриад байгаа утгаар бол энэ үгийг эр хүйсэнд л хэрэглэдэг. Тэгэхдээ биеийн ерөнхий чалхаас ялгахын тулд “бэлгийн чалх” гэж тодотгодог, ялгаж салгаж ойлгодог тэс өмнөө зүйл.  Монгол хэлээ сайтар мэдэж байж бичихийн учир энэ. Утгын таягийг тулж, үгийн далайд бэдрэхэд эх хэлний торгон мэдрэмж ингээд хэрэг болоод байдаг золиг л доо. 

 

Ер нь бол Байгаль орчны сайдын шийдвэр үнэхээр халтай, ноцтой урхагтай шийдвэр гэдгийг би хаа ч хэлнэ. Би өөрөө тэр шийдвэрийн золиос болоод байгаа Тахийн тал, Говь-Алтай аймгийн Бугат сумын чинь уугуул. Манай нутаг баруун талаараа БНХАУ-тай хил шууд залгадаг. Арван сайхан хайрхан, хорин хэдэн сайхан гол, арваад нуур цөөрөмтэй, ховордсон ан амьтдын диваажин, үнэхээр хайрлахгүй хамгаалахгүй байхын аргагүй сайхан нутаг. Алт мөнгө, оюу номин, зэс, газрын ховор элемент, хөнгөн цагаан, төмөр, нүүрсний нөөц ихтэйд нь шүлсээ гоожуулагсад бас олон. Тусгай хамгаалалтад ороогүй газар нутаг нь лицензээр битүү бүрхэгдчихсэн.  Тийм болохоор Тусгай хамгаалалтын захиргааг Ховд аймгийн Алтай сумруу нүүлгэх төрийн шийдвэрт эмзэглэх давхар учир шалтгаан бий. Хөх өвгөдийн минь сүнс оршсон өндөр Алтайгаа өмөөрч бичихдээ хэн нэгнээр заалгах, хэн нэгнээс мөнгө авахдаа тулаагүй. Нутагтаа очоод сэтгэл дундуур ирсэн учраа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хувийн орон зай болох нүүр номондоо  л бичсэн. Энэ сэдвээр би одоохондоо мэргэжлийн нийтлэл, асуудал хөндсөн өгүүлэл  бичээгүй, хоёр удаагийн пост оруулсан төдий байна. Сэтгүүлчийн хувиар бичвэл илүү гүнзгий, илүү далайцтай бичнэ. 

 

Говь-Алтай аймгийн хилийн бүс дагуу хатуу хучилттай зам тавих, түүнийгээ Ховдын хилийн замтай холбон хэлхээ үүсгээд Говь-Алтай, Ховд, бүр Увсын зарим сумдын дурын цэгээс ашигт малтмалаа Хятад руу хямдаар зөөх маш том сонирхол яригдаад байгаа нь үнэн. Дээгүүрээ ихэнх нь мэдэж байгаа мөртөө ус балгасан мэт дуугүй байгаа нь үнэн. Тахийн талын тусгай хамгаалалтын захиргааны байрлал, ГИДЦГ-ын Б хэсгийн нутаг дэвсгэр  тэр бүхний улаан замд таарчихаад байгаа нь үнэн. Энэ санаа Уртнасан сайдаас ч өмнө, бүр хэдэн Засгийн өмнөөс олон жил далд хэлцэгдэж, ил биежих гэж аргаа олж ядаж байгаа үе уламжилсан асуудал. Цаана нь бизнес, улстөрийн тодорхой хүмүүсийн сонирхол бий.  Уртнасан сайд энэ учир, урхагийг нарийн мэдэж байгаад шийдвэр гаргасан гэж би бодохгүй байна. Нэг сайд үүнд жолдоно. УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарал хандуулж алдаатай шийдвэрийг цаг алдалгүй залруулах байлгүй дээ. Тахийн талын асуудлаар Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд одоо болтол чимээгүй байгаад гайхаж байна. Шат шатны холбогдох албан тушаалтнууд дүлий дүмбэ байгаад гайхаж байна. 

Өчигдөр манай Алтай нутгийн хэдэн сэтгүүлч дүү нар дуу дуугаа авалцан намайг сошиалаар шүүмжилцгээж харагдсан. Алтай нутгаа гэж үгээ хэлсний минь төлөө  яагаад Говь-Алтайн голдуу сэтгүүлчид хэл ам татлаад байгааг гайхаж байна. Зарим нь намайг худалдагдсан гээд ил шулуухан бичиж байна лээ. Гарчгийг нь хараад л ойлгосон, мөнгөөр бичсэн байна, дургүй хүрээд доторхыг нь уншаагүй гэж сэтгүүлч хүн бичиж байна шүү дээ. Гарчгийг нь хараад, эсвэл номын хавтасны зургийг хараад агуулгыг нь сонирхолгүйгээр шууд дүгнэлт хийдэг нөхөд олширч байна уу даа. "Гүртэн чойжинч" номоо хэвлүүлэх гэж байгаа тухай хавтасных нь зурагтай пост оруулангуут лам нар хэвлэгдээгүй байгаа номыг баахан дүгнэж шүүмжилсэнтэй адилхан дүр зураг харагдах нь гунигтай. Уншаад үзвэл учрыг нь ойлгодог хорвоо сон.  

Алтайнхныг Алтайнхнаар даруулахаар, Алтайнхныг эв нэгдэлгүй байлгахаар далдын хүч үйлчилж эхлэв үү? Хэн нэгний, эсвэл мөнгөний барьцаанд орж айх шалтгаангүй, бас элэг зүрхнээсээ эх нутгаа хайрлах хамгаалах сэтгэл зүрхтэй хүн учраас би энэ ноцтой асуудлын сэжүүрийг хөндсөн. Түүнээс биш хэн надад мөнгө өгөх вэ дээ. Ямар тэнэг нь надтай нэг тал болчихоод буруу эргэлттэй төрийн машины өмнүүр чулуу шидэх билээ? Чиний зөв өө гэж чихэнд шивэгнэх атлаа олон нийтийн өмнө дэмжээд дуугарчихаж чадахгүй “эх орончид” олонтой юм, манай Алтай. Тэдний буруу биш. Цаг үе нь ийм юм. Гэхдээ хамтдаа тэмцэхэд бэлэн гэдгээ  өнгөрсөн хоногуудад цөөн боловч чансаатай хүмүүс илэрхийлсэнд баярлаж байна. Сумынхан минь хурцхан тэмцье гэж асаж дүрэлзэхээр нь түр тогтоосноо нуухгүй ээ. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Төрийн ажил төрийнхөө шугамаар явж байгаад зөв гольдролдоо орвол уг нь сайн сан. Сануулж сэрүүлж зөв шийдвэр рүү залах ч тэмцлийн нэг хэлбэр. 

 

Монголчуудыг хооронд нь хагаралдуулж байгаад гүрнийг нь мөхөөсөн түүх бий. Харин өнөөдөр Алтайнхныг хооронд нь муудалцуулж байгаад нутгийг нь ухах, баялгийг нь хоослох санаа нэлээд олон хүнд бийг санаарай, дүү нар минь. Үнэн хэзээд ялдаг юм. Өнөө эс гэхэд маргааш ялдаг юм. Үйлийн үр буруутныг олохдоо, онож шийтгэхдээ  алддаггүй юм. Өөрт нь эс гэхэд үр хойчист нь буулт нь тусдаг юм. Тийм болохоор ухаантай хандацгаагаарай. 

Өндөр Алтай онцгой нутаг. Уул усных нь нэрэнд Бурхан, Богд, Хан,  Хатан, Тэнгэр, Тахилт, Тахилгат гэсэн үгс хамгийн олон орсон нутаг. Хөндөж болохгүй гэсэн Тэнгэрийн зарлигтай, дээдсийн захиастай ариун дагшин нутаг. Үүний тулд Харуул Алтайнхан үеийн үед зүтгэж тэмцэж ирсэн. Өнөө ч бас тэмцэх хүмүүс мундахгүй олон бий. Байгаль орчны сайд илт буруу шийдвэрээ цуцлах эсэхийг нь харж л байя. Эх орны баруун хилийг сэглэж сэмлэх аян бүү өрнөөсэй.

 

Урианхан Б.Галаарид