О.Цогтгэрэл даргатай АН-ын Улс төрийн зөвлөл тогтоол гаргажээ. Уг тогтоолыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Ардчилсан намын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.15.9.1 дэх заалт, Улс төрийн зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ нь 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ыг үнэмлэхгүй ялагдуулсан тул УДШ-д бүртгэлтэй намын дүрмээр улс төрийн хариуцлага тооцогдож өөрийн биеэр өргөдөлөө гаргаж тамга, тэмдэгээ хүлээлгэн өгч огцорсон болно.

Гэвч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай үгсэн хуйвалдаж Ардчилсан намын сонгуульд оролцох боломжийг хааж Монголын ардчилалд хар толбо үлдээсэн. Энэ үйлдэлээ дахин давтаж 2021 оны УИХ-ын нөхөн сонгуульд АН-ыг оролцох боломжгүй болгосон С.Эрдэнийг Монголын ард түмний сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдсан гэж үзсүгэй.

Хоёр. УИХ-д олонхыг бүрдүүлж, засгийн эрхийг барьсан МАН төрийн эрх мэдлийг ашиглан улс төрийн тулгуур хүчний нэг АН-ын дотоод хэрэгт нь хууль зөрчин оролцож байгаатай хатуу тэмцэхээ мэдэгдсүгэй.

Гурав. 2021 оны УИХ-ын нөхөн сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшихээр СЕХ-д бүртгүүлсэн Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл нь “Намаа аваръя” уриалга гаргаж Ардчилсан намын ялалтыг МАН-д зардаг жигшүүрт бизнесийг илчилж, журмын нөхдөө намаас хөөхөөр зарласан коммунист, фашист үзлийг буруушааж, эрх баригч МАН-ын захиалгын эсрэг тэмцэхээ уриалж буй АН-ын гишүүн Э.Бат-Үүлийг 2021 оны УИХ-ын нөхөн сонгуульд дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзсүгэй.

Дөрөв. Энэхүү тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг Ардчилсан намын дарга /О.Цогтгэрэл/-д даалгасугай.

 

 

УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ