А.МӨНХЖИН

Ачааны хүндийг үүрдэг ч алдар нэрийг нь хүртдэггүй, цаг наргүй ажилладаг ч цалингийн багыг нь авдаг цөөхөн мэргэжилтнүүдийг хүн бүхэн л мэднэ. Тэдгээрээс хамгийн түрүүнд өрхийн эмнэлгийн эмч сувилагч, бага ангийн багш нарыг нэрлэж болох юм.

Хүүхэд, хөгшидгүй хөл хорих маягтай байгаа хүйтний энэ улиралд ӨЭМТ-үүдийн ачаалал хэд дахин нэмэгджээ. Ковид-19 цар тахлаас болж хоёр жил өндөр ачаалалтай ажилласан тэднийг энэ өвөл А-H3N2 томуугийн дэгдэлт, омикроны хурдтай тархалттай хавсран бас сульдуулж байна. Гэхдээ тэд бууж өгөлгүй томуу, омикронтой чадлаараа тэмцэж байгааг бид сурвалжиллаа.

 

Давчуу байрныхаа “дутууг” инээмсэглэлээрээ нөхөхийг  хичээн ажиллаж байна 

ӨЭМТ-үүдийн ачаалал, тулгарч буй асуудал үндсэндээ адил тул бид Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Энхт” өрхийн  эмнэлгээр орлоо. Аль ч дүүргийн өрхийн эмнэлгийг олоход амархан байдагсан. Учир нь цомхон хоёр давхар байшинд завсар чөлөөгүй хүн холхиж, дээр нь төрийн далбаа мандаж байдаг. Хороо, цагдаагийн хэлтэстэйгээ бөөрөөрөө нийлэн оршдог өрхийн эмнэлгүүдийг хамгийн түрүүнд бараадаж өвчин зовлонгоо “тоочдог”  нэг ёсны ноолоход номхон сэтгэлд ойр газар маань. Харин “Энхт” ӨЭМТ-ийг олох гэж нэлээд будилав. Нөгөө л туг, далбаатай байшинг тэр хавьд хайгаад олоогүй тул нялх хүүхдээ тэвэрсэн хосыг дагавал эмнэлэг нэгэн орон сууцны барилгад байх аж. Орон сууцны гурван өрөө буюу нэг айлын байшинд эмнэлэг байрлажээ.

Айл амьдрах зориулалттай байранд эрүүл мэндийн үйлчилгээ явуулна гэдэг амаргүй. Гишгэх газар, эргэх зай алга. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж өөрсдийн эрүүл мэндээ хамгаала­хаас гадна дараалал үүсгэн хүлээж суугаа хүүхэд, настнуудын өмнүүр зүтгэж эмч, сувилагч нарын нөхцөл байдлыг сурвалжлах нь хэн хэнд нь төвөгтэй явдал гэдгийг хүлээгчид харцаараа ойлгуулах аж.  Үзүүлэхээр дугаарлагсад бие биеэсээ зэнзийрхэх маягтай хана даган зогсож бушуухан үзүүлээд л гарахын түүс болж байгаа нь илт. Эмчлүүлэх гэж ирээд  халдвар аваад буцахыг хэн хүсэх билээ. Тиймээс уг өрхийн эмнэлэг бөөгнөрөл үүсгэхгүйн тулд үүдэндээ угтагч ажиллуулж, гар ариутгах, эмч рүү хувиарлах, асуултад хариулах, мэдээлэл өгөх, бүртгэх гээд  нэгэн шинэ орон тоо нэмжээ. Ингэхгүй бол яар­сан, даарсан, өвдсөн хүмүүсийн уур бухим­дал “таазанд” тулах нь мэдээж.

Өрхийн эмнэлгийн дарга С.Алтанцэцэгээс эмнэлгийн байрны учрыг тодруулвал “Энэ чинь л жинхэнэ манай асуудал болоод удаж байна. Эмнэлгийн үйл ажиллагаагаа эрхлэх, эмчилгээ үйлчилгээгээ явуулахаас гадна байрны асуудлаа хөөцөлдөж гүйдэг “хэцүү” ажилтай болсон. Хорооны Засаг даргаас эхлээд  дүүргийн Засаг дарга гээд бичиг өгөөгүй газар, хүн үлдээгүй. Дарга нар нь ойрхон солигдоод явчихдаг болохоор манай эмнэлгийн барилгын асуудал шийдэгдэхгүй үлдчихдэг” гэв. Өрхийн эмнэлгийн байшинг барих ёстой газрыг нэг эрх мэдэлтэн нь хувийн компанид зарснаас үүдэн өнөөдөр уг эмнэлэг “Айлд багтан амьдарч”  байгаа юм билээ.

 Тус өрхийн эмнэлгийн ачаалал ковидын үед хэд дахин нэмэгдсэн тул угтагч ажиллуулахаас гадна, эмч нар үзлэгийн хурдаа бас инээмсэглэлээ хүртэл “нэмж” ажиллах болсон тухайгаа эмнэлгийн дарга С.Алтанцэцэг хөгжилтэй байдлаар хэлэв.

Үйлчлүүлэгчийн тоог сонгогчийн тоогоор гаргаж өгдгөөс төсөв дутдаг

“Энхт” ӨЭМТ нь их эмч долоо, сувилагч тав нийт 16 хүний орон тоотой ажиллаж байна. Албан ёсоор 12000 хүн амд үйлчлэх санхүүжилттэй ч өнөөдрийн байдлаар 15800 хүнд үйлчилж байгаа аж. Хаанаас 4000-аад хүн гараад ирэв гэвэл, өрхийн эмнэлгүүдэд өгдөг хүн амын тоо бол сонгогчдын тоо аж. Өөрөөр хэлбэл дүүрэг, хороо сонгуулиар л хүн амаа бүртгэх далим гарч, тэр тоогоороо баримжаалж төсвөө авдаг байх нь. Өвчин сонгууль өгөх эсэхээс үл хамаарах тул оюутан, түр оршин суугч, түрээслэгч гэх мэт иргэд хамгийн ойр өрхийн эмнэлэгтээ л ирнэ. Гэтэл хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг манай тоонд ороогүй  гээд буцаах эрх анхан шатлалын эмч нарт байхгүй. 12000 хүний төсвөө 15800 хүндээ хүргэхээс өөр аргагүй. 12000 хүн бүгдээрээ өвдөөд ороод ирдэггүйдээ л нэг юм болгодог аж. Гэтэл одоогийн нөхцөлд хүн бүр ковидоор өвчлөх болсон тул эмийн багцаа авахаар өрхийн эмнэлэгтээ ирнэ. Бүр давтан тусах ч тохиолдлууд гарах болж. Гэтэл нэг хүнд нэг л удаа багц өгөх тушаалтай тэд ажиллаж байна. Өрхийн эмнэлгийнхэн амьд­­ралд хэрэгжүүлэхэд хүндхэн тушаал шийдвэрээс болж эмчил­гээ, үйлчилгээнийхээ хажуугаар иргэдийг тайвшруулах, тайлбарлах сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх гэж давхар ажилтай болсон гэв. Өрхийн эмч нэг хүн үзэхэд 15 минут зарцуулах ёстой. Энэ нь өдрийн нормоороо дээд тал нь 30 хүн үзэх ёстой гэсэн үг. Ковидоос өмнө нэг эмч 50-60 хүн үздэг байсан бол одоо зарим үед 100-гаас давдаг болсон гэнэ. Бас дээрээс нь эмчид “уурлах эрх” байхгүй. Тус өрх нэмэлтээр хоёр их эмч ажиллуулж байгаа ч ачаалал буурах төлөв алга хэмээн эмнэлгийн дарга онцоллоо.

 “Энхт” ӨЭМТ нь одоо 125 метр.квадрат байрны гурван өрөөнд, 7 эмч үзлэг оношилгоогоо хийж байна. Өрөө хүрэлцэхгүйн улмаас зарим нь амбулторийн үзлэг хийж бусад нь гадуур эргэлтээр үзлэг хийхээр ажлаа хувиарлажээ. Уг эмнэлэг стандартаараа бол  680 метр.квадр байранд, 15 өрөөтэй, 10 гаруй эмчтэйгээр ажиллах ёстой.  Эмнэлгийн дарга С.Алтанцэцэг “Манай эмнэлэгт  лабортори, сэргээн засах, физик эмчилгээ, тарианы өрөө, ариутгал, халдваргүйжүүлэлт, архивын өрөө хүртэл байх ёстой. Эдгээр өрөөнүүд хэрвээ байсан бол сэргээн засах эмч, лаборант нь манайд ажиллахад бэлэн байна” хэмээсэн юм. Архивын өрөө байхгүй тул ковидын эмийн багцаа дарга өрөөндөө хураасан байв. Түүний өрөө гэхэд уулзалт, хурал, архив, сургалт, нийгмийн ажилтны зөвлөгөө мэдээллийн утсаар ярих зориулттайгаар ашиглагдаж байв.

Төсвөөс олгогддог 160000 төгрөгт хэрхэн зохицуулж эмийн багц олгож буй талаар сонирхлоо. Манай өрх иргэддээ чанартай, сайн эм өгдөг гэдгээрээ талархал хүлээсээр байгаа. Эмийн бөөний төвүүдэд өөрийн шаардлагаа тавьж ажилладаг. Тухайлбал, 50000-60000 төгрөгт хэрэгцээтэй бүх эмийг багтаах, хүүхдийн багцад түлхүү витаминууд оруулах гээд ярив. Үнэхээр ч менежер хүний ухаан зарцуулсан зохицуулалт хийдэг нь харагдаж байлаа.Уг нь эко байх үүднээс бор цаасан ууттай өгч байтал хил хаагдаад тасарчихлаа гэж тэр нэмсэн юм. Ковидын эмийн багцаас үлдсэн мөнгөөр нь 16 хүнийхээ илүү цагийн мөнгө, хамгаалах хувцас хэрэгсэл, яаралтай эм тариа, утасны мөнгө, түргэвчилсэн тест зэргээ хангадаг. Жирэмсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-10 насныхны түргэвчилсэн тестийг өрхийн эмнэлгээс гаргадаг. Харин өрхийн эмнэлгийн бүх юм үнэгүй байх ёстой гэсэн ойлголттой үйлчлүүлэгч олон байдгаас загнуулах, хэл ам хийх  зэрэг асуудал олонтаа гардаг гэдгийг эмнэлгийнхэн хэлж байв.

Ийнхүү өрхийн эмнэлгүүд “Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөн” ажиллаж байхад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний 13-р тогтоол (Ирээдүйн он сартай тогтоолоо энэ оны эхнээс биелүүлэхийг шаардсан нь хачирхалтай) гэгч биелүүлэхэд хэцүү, биелүүлэхгүй байж бас болохгүй нэгэн шийдвэр гарч. Түүнд зааснаар өрхийн эмнэлгүүдийг 90 хувиас дээш гүйцэтгэлтэй тохиолдолд санхүүжилтийн 30 хувийг олгож байхаар тусгаж. Гэтэл “Энхт” эмнэлгийн хувьд 15 өрөөтэй 10 гаруй эмчтэй байж л  90 хувь руугаа дөхөх учиртай.  Уг нь тэднийх 30 хувиараа хүмүүсийнхээ цалинг нэмчих санаатай байсан ч энэ мөрөөдөл хэвээрээ үлдэх нь гэв. ТҮЭМ-ийн цалингийн аргачлалаараа өрхийн эмнэлгийн эмч 823000, сувилагч 799000 төгрөгийн цалинтай. Илүү цаг энээ тэрээгээ нэмж байж л амьдралаа залгуулж байгаа нь үнэн. Ковидын хүнд нөхцөлд ажилласан тул эмч нарт урамшуулал олголоо гэж улс даяараа зарласан. Энэ дагуу 2021 оны наймдугаар сард сая төгрөг, дараах сард нь 400000 төгрөг авсан байна. Энэхүү 13-р тогтоолоор гүйцэтгэлийн 90 хувь гэгч айхтар босгыг тавьсан учраас цалингаа нэмүүлэх байтугай анхан шатандаа ахицтай ажиллах ирээдүй тун бүрхэг болсон гэдэг нь ойлгогдоно. Өрхийн эмнэлгүүдийн өчнөөн асуудал дээр 13-р тогтоол нэрмээс болж байгаа бололтой. Эндээс зөвхөн энэ эмнэлгийн хувьд гэхэд л санхүүжилтийнхээ 30 хувийг хэзээ ч авч чадахгүй. Үндсэн 70 хувийн санхүүжилтээр 100 хувиа яаж нөхөх, бас 4000 илүү хүндээ хэрхэн хүргэх вэ гэдэг хариултгүй асуулттай үлдэх нь.

 

А.Туяа: Олон хүн үзэхийн тулд уух зүйлээ хорьж ажиллаж ч үзсэн

“Энхт” ӨЭМТ-ийн хүний их эмч Х.Туяатай цөөн хором ярилцлаа.

-Хүний их эмчээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Би 2017 онд анагаах ухааны “Этүгэн” их сургуулийг төгссөн. Өрхийн эмнэлэгт дөрөв дэх жилдээ, “Энхт” эмнэлэгт 2020 оноос хойш ажиллаж байгаа. Анх төгсөхдөө л өрхийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж, амьдралын яг дунд нь орж, анхан шатны тусламж үйлчилгээг сурч мэдье,  илүү сайн туршлагатай эмч болъё гэж шийдсэн.

-Шинэхэн эмч ковидын хэцүү үетэй нүүр тулж дээ. Шантрах үе байна уу?

-Хоёр жил нэг л мэдэхэд өнгөрчихсөн байна. Ачаалал ихтэй, асар завгүй байсан болохоор хоёр жил өнгөрснийг ч бараг анзаараагүй. Эхний ээлжид шинжилгээнд явдаг байснаа вакцин тарьсан, улаан бүсэд орж ажилласан.Тусгаарлалтад нэлээд ажилласан. Заримдаа ч шантармаар байсан ч тэгсгээд завгүй мартчихсан л байдаг. Ажлын ачааллаас илүү хүмүүсийн хэл ам хийх, загнах зандрах хандлага л шантраах гээд байсан. Одоо бараг сураад хүмүүсийг яаж тайвшруулж, тайтгаруулах аргаа олсон.

-Тийм үедээ юу бодож байв?

-Үнэндээ өрхийн эмнэлгийнхэн хамгийн хүнд ачааг үүрдэг ч дээд шатлалын эмнэлгүүд л энэ бүх ажлыг хийгээд байгаа мэт нэргүй үлддэг санагдаж байсан. Анхан шатанд л зөв оношилж, өөрөөр хэлбэл зохион байгуулалтаа цэгцтэй хийж байж дараагийн шатлалдаа хүрч байгаа. Гэхдээ би өрхийн эмнэлгийн ажилдаа дуртай.

-Нэг ажлын өдөрт нь тань ямар ямар ажил багтдаг вэ?

-Ажлын өглөө 08:30 аас эхлээд үйлчлүүлэгчид бас нярайгаа үзнэ, вакцин тарина, ахмадаа эргэнэ. 

Ажлын цагаараа эдгээр ажлаа хийгээд уртасгасан цаг руугаа ордог. Уртасгасан цагаараа ковидын дуудлаганд явна, эмнэлэг дээр ирсэн хүмүүсээ ч үзнэ, лист авах эсэх гээд ангилна, листээ бичнэ, магадлагаа, жор бичнэ гээд бичиг цаасны ажлуудаа амжуулдаг. Олон программ дээр ажиллах болдог.-Ер нь, өрхийн эмнэлгийнхний ажлын хуваарьт ямар ажил багтдаг юм бэ? Жишээ нь танай эмнэлгийн эмч, сувилагч нарын хувьд...?

-Би хүн үзэхээс гадна даатгал хариуцсан эмч хийдэг. Бид бүх л ажлаа хуваарийн дагуу хийдэг дээ. Жишээ нь, миний өмнө хэлсэн  амбулаторийн үзлэгээс гадна нэмээд эргэлтээр явах, гэрийн эмчилгээ, дуудлаганд явах, утсаар зөвлөгөө өгөх, жижүүрт гарах, тайлан гүйцэтгэлээ гаргах, группт орж байгаа хүмүүс болон хүүхдийн асаргаандаа явах гээд ер нь л завгүй байдаг. Ковидын үед албан ёсоор 20 цаг хүртэл ажиллах хуваарьтай байгаа.

-Гадуур эргэлт, дуудлагаар явах дуудлагын унаатай юу?

-Явган л явна шүү дээ. (инээв) Айлуудаар явдаг учраас түгжрэлийн үед  бараг явган нь дээр санагддаг.

-Гэр бүлдээ гаргах зав гарч байна уу?

-Амралтын өдрүүдэд ээлжийн жижүүртээ гардаг. Ар гэрийнхэн гэртээ үзэгдэхгүй, авсан цалин чинь хаана байгаа юм гэх тохиолдол байдаг. Миний хувьд залуу хүн өөрөө сонголтоо хийсэн болохоор гайгүй л дээ. Харин бага насны хүүхэдтэй хүн өрхийн эмнэлэгт ажиллахад хэцүү.  Тэгсэн хэрнээ өрхийн эмнэлгүүдэд ихэнхдээ эмэгтэйчүүд ажилладаг.

-Авч буй цалин нь амьдралд нь хүрэлцэж байна уу?

-Ар гэрийнхний тусламжгүй бол дан миний цалингаар барахгүй шүү дээ. (инээв)

-Эмч гэдэг сайхан мэргэжлээр ажиллахад гол хүндрэл бэрхшээл нь хаанаа байдаг юм шиг харагдаж байна...?

-Бид хэчнээн хичээж зүтгэж ажилласан ч дээрээс ирдэг тушаал шийдвэр л хамгийн төвөгтэй юм билээ. Сайдаасаа эхлээд дээд дарга нар нь хурдан солигддог. Нэг тушаалаараа ерөөсөө явдаггүй.  Тушаал шийдвэрийн юу нь өөрчлөгдөж вэ гэхээр ганц хоёр үг өөрчилсөн хэрнээ тэр нь их төвөг чирэгдэл дагуулдаг. 

Шинэ тушаал, тогтоол гарах бүрд бидний бичиг цаасны ажил нэмэгддэг. Жишээ нь өрхийн эмнэлэгт нарийн тоног төхөөрөмж байхгүй шүү дээ. Дээд шатлалын эмнэлэг рүү явуулчихаар та нар яахаараа өвчтөн буцаадаг юм гэх жишээний. Эрүүл мэндийн салбарыг сайжруулъя гэвэл анхан шатлалын эмнэлгүүдээ эхэлж хөгжүүлээсэй. Өрхийн эмнэлэгт ажиллах нөхцөл сайн байвал бид эндээ дуртайяа ажиллана

-Өдөрт хэчнээн хүн үздэг вэ?

-Ачаалалтай үед 100 давах ч үе байсан, 60-70 бол хэвийндээ тооцогдож байна. Цайны цагаар ч юмуу амралтаар таараад хүн үзэхгүй буцаавал шууд УОК-руу мэдээлчихдэг. (инээв) Тиймээс бид ачаалалтай үед олон босохгүй гээд уух зүйлээ  хорьж ажиллаж үзсэн.

-Тэр үед гомдолтой санагдаж байсан уу?

-Хүний сэтгэл ханамжийн асуудал учраас хурдтай ажиллах, хүний арга эвийг олоход л туршлага болсон гэж бодсон.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН