Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар эхэлнэ. 

Харин хоёрдугаар сарын 28-наас сурагчдыг 100 хувь танхимд хичээллүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм. Цар тахлын эрсдэл хэвээр байгаа ч ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимд бүрэн шилжүүлэх зайлшгүй шалтгаан байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж байсныг хүргэвэл:

ШАЛТГААН №1

Цар тахлын хоригийг боловсролын салбарт дахин үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэгэн үе ирээдүйд амьдралын чанар, хүртээмж, орлогоороо бусад үеийнхнээс хоцрох эрсдэл үүссэнийг Дэлхийн банкны арванхоёрдугаар сард хэвлүүлсэн тайланд дурдсан.

ШАЛТГААН №2

Бага ангийн хүүхдүүдийн анхаарал бага төвлөрч, бие даан ажиллах чадвар төлөвшөөгүй учраас хүүхэд гэрийн орчинд тогтож хичээл хийхэд хүндрэлтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн түвшин хоорондоо ялгаатай учраас энэ бүхнийг дан ганц теле хичээлээр шийдэх гэж оролдох нь тохиромжгүй.

ШАЛТГААН №3

Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн байдал, амьдрах хэв шинжээс хамааран зайн болон цахим хичээлийн хүртээмж, чанар харилцан адилгүй байна. Эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгааны улмаас 170 гаруй мянган хүүхэд зайнаас суралцаж чадахгүй байна.

ШАЛТГААН №4

БШУЯ, НҮБ Хүүхдийн сантай хамтран 2020 онд хийсэн судалгаагаар сурагчдын 76 хувь нь сэтгэл санааны зовнилтой байгаа бол 6-13 насны хүүхдүүдийн дунд стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр байна.

Сурагчдын дийлэнх нь КОВИД-19 цар тахлын улмаас сурлагаар хоцрогдохоос айж байгаа тул энэхүү айдсыг багасгахад дэмжлэг туслалцаа шаардлагатай гэж судалгаанд дурдагдсан байна.

Сургуулийн орчинд үзүүлдэг байсан хүүхэд хамгаалал, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зогссонтой холбоотойгоор хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байна хэмээн танилцуулж байв.