“Унадаг дугуй” -н даатгалтай боллоо
2014/05/21
Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн долоо хоногт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд даатгалын компаниудад унадаг дугуйг даатгалтай болгох талаар санал хүргүүлсэн юм. Тэгвэл энэхүү саналын хариу ирсэн байна. “Монгол даатгал” ХХК” “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжиж ажиллах саналыг хүлээн авсандаа таатай байгаагаа илэрхийлээд “Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ниймийн биеийн тамирыг хөгжүүлэх болон байгаль орчин, экологи хамгаалах сайн дурын арга хэмжээ тогтмол зохион байгуулан дэмжиж ирсэн. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл нь хотын агаарын бохирдол, замын түгжрэл, иргэдийн хөдөлгөөний дутагдал, байгаль орчин зэрэгт ээлтэй олон талын ач холбогдолтой төсөл хэмээн үзэж” хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлсэн байна. Ямартай ч даатгалын болоод төрийн байгууллагууд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөлтэй хамтарч ажиллахаар болж байгаа сайхан мэдээ эхнээсээ ирсээр байна. Цаашид “Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл бүрэн хэрэгжинэ гэдэгт найдаж байгаагаа залуучууд сошиал ертөнцөөр болон өдөр бүр унадаг дугуй унаж өөрийн биеэр илэрхийлж байгаа нь харагдаж байна.