Эм тойрсон тоо баримтууд
2022/02/16
Н.БАТ
2020 оны Монгол Улс 363 тэрбум төгрөгний эм импортоор авчээ. Таван жилийн өмнөх дүнтэй харьцуулбал хоёр дахин өссөн тоо. Мэдээж цар тахал үүнд нөлөөлсөн нь биз. Гэсэн ч эмийн хэрэглээ, импорт жилээс жилд нэмэгдсээр байна.
Харамсалтай нь, импорт ийн нэмэгдэхийн хэрээр эмийн үнэ дэлхийн жишиг үнэтэй харьцуулахад хоёр дахин өндөр байгаа нь Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй 2018 онд хийсэн судалгаагаар гарсан байдаг. Зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй үнээр олгодог даралтны эм гэхэд олон улсын жишиг үнээр 5-15 дахин өндөр байна гэж судалгаанд дурдсан байгаа юм.
Гэвч энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй байна. Наад зах нь бид биологийн нэмэлт бэлдмэлийг эмийн сангаас худалдаж авснаас хэн нэгнээр дамжуулан АНУ, Солонгос руу захисан нь хямд тусдгаар жишиж болно.Статистик тоонууд
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны сүүлээр Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг 80 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус агентлаг үйл ажиллагаа явуулснаар иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлнэ гэж үзсэн.
Ингээд 2021 онд шинэ агентлаг үйл ажиллагаагаа эхэлсэн ч 2022 оны эхээр ердөө жилийн дараа тус агентлагийн даргыг цар тахлын үеийн ажлын хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Тус агентлаг хүлээсэн үүргээ биелүүлж чадах уу гэсэн асуулт ч үүнээс үүдэж гарсан.Монгол Улс төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг 2014 онд баталж хэрэгжүүлдэг гэдэг ч үр дүн тооцох ажил хангалтгүй гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. 2020 оны байдлаар эм зүйн салбарт нийт 30 гаруй хууль, олон улсын гэрээ, 10 гаруй стандарт мөрдөж ажилласан байдаг.
Тэгвэл тус агентлагаас саяхан "Монгол Улсын эм зүйн салбарын үзүүлэлт-2020" эмхэтгэлийг олон нийтэд танилцуулсан юм. Энэхүү эмхэтгэлд 2020 онд Монгол Улсад 4600 гаруй эм бүртгэлтэй байгаагаас 3700 орчим нь импортынх байна. Эм хангамжийн 2765 байгууллага үйл ажиллагаа явуулснаас 84.7 хувь нь эмийн сан, 13.9 хувь нь ханган нийлүүлэх байгууллага, 1.4 хувь нь үйлдвэр.
Үйлдвэрлэлийн чиглэлээр 38 байгууллага, ханган нийлүүлэх чиглэлээр 384 байгууллага үйл ажиллагаа явуулжээ гэсэн статистик гарчээ. Үүнээс зөвхөн эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй 258 байгууллага бүртгэлтэй байдаг ч 101 нь үйл ажиллагаа явуулж, тэдний 10 нь нийт импортын 80 хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл 10 байгууллага л голлох импортыг хийдэг байна.Эрүүл мэндийн салбарын эмийн төсөв 2020 онд 146,76 тэрбум төгрөг болж, 2019 онтой харьцуулахад 15 орчим хувиар өсчээ. Нийслэлд 867, орон нутагт 760 эмийн сан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажиллаж, хөнгөлөлттэй үнээр эм олгодог. Эрүүл мэндийн даатгалын сангаас насанд хүрэгчдийн 638 эмийг 20-80 хувь, хүүхдийн 174 эмийг 50-80 хүртэлийн хувийн хөнгөлттэй үнээр олгодог.
2020 онд эмийн 393,5 тэрбум төгрөгийн импорт, бөөний үнээр 368,9 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн нь эмийн импорт өмнөх онтой харьцуулахад 21,9 хувиар өссөн дүн болжээ. Харин хандив тусламжаар 1.08 тэрбум төгрөгний эм авсан байна.
Үүнээс таатай мэдээ нь Үндэсний үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвх бүтээгдэхүүн, уламжлалт эм, ариутгал халдваргүйтгэлийн бодисын үйлдвэрлэл сүүлийн 3 жилд эрчимтэй өсч, 2020 оны 2019 онтой харьцуулахад эмийн үйлдвэрлэл 52,2 хувиар өссөн аж. Дотоодын 38 эмийн үйлдвэрт 63.23 тэрбум төгрөгийн эм эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, 61.4 тэрбум төгрөгний борлуулалт хийжээ.Тэд 120 нэрийн европ эм, 100 нэрийн уламжлалт эм үйлдвэрлэсэн гэнэ.
Монгол Улсад бүртгэлтэй нийт эмийн 19,8 хувь нь дотоодынх, 11,7 хувь нь БНЭУ-ынх, 9,7 хувь нь Солонгост үйлдвэрлэсэн эм байдаг.
Нийт бүртгэлтэй 4511 эмийн 27,8 хувийг жоргүй, 70,4 хувийг жороор, 1,8 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг юм. Тэгвэл 2020 оны эмийн хяналт шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 178, хүчинтэй хугацаа нь дууссан 328, хаяг, шошгын зөрчилтэй 65, хадгалалтын дэглэм алдагдсан 14, лабораторид шинжлүүлсэн дээж нь шаардлага хангаагүй 17 нэр төрлийн эм илэрсэн байна.
Энэ бол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас статистик тоо баримт.
Эм үнэтэй байна, хяналт хэн тавих вэ
Тэгвэл тус газрын зарим тоо баримт бусад төрийн байгууллагын тоо баримттай зөрүүтэй байгаа баримт бий. Дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, уламжлалт эм ариутгалын бодисын борлуулалт 2020 онд 60 гаруй тэрбум төгрөг гэсэн статистик мэдээ тус газраас гаргасан байдаг ч үйлдвэрүүдийн тайлан, татварын байгууллагын дүнгээс харвал энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Импортын эмийн дүн мэдээ ч зөрсөн аж. Хамгийн гол нь иргэдийн гар дээр ирж байгаа импортын эмийн үнэд хяналт тавих зохицуулах тогтолцоо өнөө хэр нь учир дутагдалтай хэвээр байгаа юм. Азийн хөгжлийн банкны 2018 онд гаргасан судалгаанаас хойш хийсэн судалгаануудад ч нэг улсаас импортолсон ижил тунтай, нэг нэршлийн эмүүдийн үнэ харилцан адилгүй байна.
Ялангуяа элэгний В,С вирусийн эмүүд дээр энэ байдал ажиглагдах нь элбэг аж. ДЭМБ-ын тайланд С вирусийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулах талаар Монгол улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг онцлоод бүсийн орнуудтай харьцуулахад эмийн эмчилгээний үнэ өндөр гэдгийг тэмдэглэсэн байдаг.
“The Clinton Health Access initiative” олон улсын байгууллагын 2021 оны тайланд С вирусийн шууд үйлчилгээт софосбувир/ледипасвир эмийн 3 сарын хэрэгцээг Глобал сан, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр зэргээр дамжуулан 79-95 ам.доллараар худалдан авах боломжтой байгааг ч дурдсан аж.
Мөн манайд В вирусийн эмчилгээний тенофовир дизопроксил фумарат эмийн нэг сарын хэрэглээний зардал 6.03 ам.доллар буюу жилийнх 72.36 ам.доллар олдог. Глобал сангийн хийсэн хэлцлээр уг эмийн жилийн эмийн эмчилгээний үнэ 28.8 ам.доллар байгаа юм.
Өөрөөр хэлбэл манайд 2.5 дахин өндөр үнээр худалдан авдаг. Гэвч одоогоор үүнд хэрхэн хяналт тавьж ямар зохицуулалт хийж байгаа талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас лавлахаар очсон боловч хариуцсан дарга нар хуралтай учраас бичгээр асуултаа илгээнэ үү. Бичгээр хариулт өгье гэв. Бичгээр асуултаа илгээж, хариулт аваад эргээд уншигчдадаа хүргэх болно.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН