“Нийслэлийг тойрсон оршуулгын газруудыг цэгцэлье” хэмээн төр, хувийн хэвшил, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, иргэд, хэвлэл, мэдээллийнхний зүгээс байнга асуудал дэвшүүлж ирсэн. Олон жил яригдаж, хотын үе үеийн дарга нар ч сэдэв хөндөж байсан ч хэрэгжиж байсангүй.

Өнгөрсөн онд Нийслэлийн захирагчийн алба, Засгийн газрын төсөл, төлөвлөгөөнд нийслэлийн салхин дээр,  хотын хойморт, гэр хороололтой залгаа оршдог Самбалхүндэвийн  оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлж, 10 га газарт нь цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан. Тэгвэл энэ нь зөвхөн ганц асуудал бус олон талтай  цогц  сэдвийн хүрээнд ярьж шийдэх учиртай том ажил учраас оршуулгын зан үйлийн үйлчилгээ эрхэлдэг бүх талын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нэгтгэж байна. Энэ үеэр  Монгол Улс цахим улс болж байгаатай холбогдуулан нас барагсдыг хүн амын бүртгэлээс хасдаг байдлыг өөрчилж, аль  оршуулгын  газарт, ямар хэлбэрээр оршуулсан мэдээллийг байршуулдаг болох, халдварт өвчин, хорт хавдраар нас барсан хүмүүсийг газарт оршоох бус чандарладаг байх хуулийн зохицуулалттай болох, оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэг чиглэлтэй болгон  бүртгэл, хяналт, хариуцлагыг чанаржуулж, тусгай зөвшөөрөлтэй болгох зэрэг чухал саналуудыг дэвшүүллээ.

 

Нийслэлийн захирагчийн алба санаачлан Монголын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийд, сүм хийдийн тэргүүн нар, Буяны зан үйлийн холбоо ТББ хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.

 

Д.ЧОЙЖАМЦ: САМБАЛХҮНДЭВТ БАЙГАА НОМЫН БАГШ НАРЫНХАА  ШАРИЛЫГ НҮҮЛГЭНЭ

/Гандантэгчэнлин хийдийн  тэргүүн, хамба лам/

 

-Буяны болоод оршуулгын зан үйлийн үйлчилгээг ард иргэддээ хүндэтгэлтэй хүргэх, оршуулгын газруудыг эмх цэгцтэй болгох талаас бүх талын төлөөллийг оролцуулж  хэлэлцүүллээ. Улаанбаатар хот маань эхнээсээ ямар ч  төлөвлөлтгүй шахам оршуулгын газруудыг бий болгосон. Үүнийг цэгцлэх цаг болсон. Хүн ам олширч, нягтшил ихтэй болсон том хотод нас баралтын тоо сая гараад явчихсан, газрын асуудал хөндөгдөх болсон. Ялангуяа нийслэлийн хойморт байгаа хамгийн үзэсгэлэнтэй газрууд, жишээ нь Самбалхүндэв гэх мэт олон газарт хүн тавьж ирсэн. Хотынхоо салхины дээд талд, ялангуяа гэр хорооллын эхэнд оршуулгын газар байгуулсан нь зохимжгүй. Анхны энэ сонголтуудыг эргэж шаардлагатай. Цаг үе өөр болсон, дэвшил бий болж байгаа энэ  цаг үед ярих ёстой асуудал. Самбалхүндэвийн оршуулгын газарт хэдийгээр социализмын үе байсан ч гэсэн олон салбарын, эрдэм номтой  хүмүүсийг маш хүндэтгэлтэйгээр оршуулсан байгаа. Миний мэдэхийн 1970 оноос манай номын багш,  бясалгалын ёсоор  таалал төгссөн эрхэм хүмүүсийг оршуулсан. Иймд өнөөдөр хотыг тойрсон оршуулгын газруудыг цэгцлэх, Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх асуудалд Гандантэгчилэн хийд оролцож, тэдгээр хүмүүсийнхээ  шарилыг чандарлаж, гаргаж өгсөн шинэ газарт нь хүндэтгэлтэйгээр залж, хотын захиргаа, оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтарч ажиллая гэсэн санал, санаачилга гаргаж байгаа. Ингэхдээ үлдсэн үр хүүхдүүд, гэр бүлтэй нь ярилцана. Энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж ажиллахаар ганц Гандантэгчилэн хийд бус нийслэлд байгаа  сүм, хийдүүд бүгд  оролцож, асуудлыг олон талаас ярьж байна.

 

Г.ИДЭРМАА:ОРШУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАЙХ ЁСТОЙ

/Буяны зан үйлийн холбооны тэргүүн/

 

-Оршуулгын зан үйлийн  үйлчилгээ нь нэг талаас ёс зан заншил, жаягын тухай асуудал, нөгөө талаас үйлчилгээ байна. Энэ хоёрын балансыг тэнцвэртэй барьж байж үүргээ гүйцэтгэдэг онцлогтой. Өнөөдөр нэг талаас төр, захиргааны байгууллага, нөгөө талаас Гандантэгчилэн хийд, шашны байгууллагуудын тэргүүн нар, мөн оршуулгын зан үйлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хамтран шийдэл гарцын тухай хэлэлцэж байгаа  нь түүхэн үйл явдал, дэвшил юм. Өмнө нь нэг ширээний ард сууж байсан  удаа үгүй. Нэг бол төр, захиргааны байгууллага, эсвэл шашны байгууллага нь шийдвэр гаргадаг, тэр нь бодит амьдралд буудаггүй байсан. Өнөөдөр асуудлыг цогцоор  авч үзэж, шийдвэрлэх боломж үүсч байна. Хэлэлцүүлгээр хэд хэдэн асуудлыг ярилаа. Бид нийтээрээ нэг газар оршин суух суурин иргэншилд дасан зохицож ирснээр өнөөдрийг хүртэл бий болсон оршуулгын газруудыг хэрхэн эмхлэн зохион байгуулах вэ. Зах хязгааргүй тэлэлтийг яаж зогсоох вэ. Үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Нөгөө талаас дэвшилтэт хэлбэрийг ашиглаж байгаа, шинээр үүссэн оршуулгын газруудыг яавал цааш  зөв зохистой хөгжүүлэх вэ.  Өнөөдөр тулгамдаж байгаа асуудал, нийслэлийн Засаг дарга, ИТХ-аас шийдвэр нь гарсан Самбалхүндэв /Далан давхар/-ийн оршуулын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг ярилаа. Өнөөдрийг хүртэл нийслэлээс гаргасан журмын хэмжээнд оршуулгын үйлчилгээ зохицуулагдаж байсан. Гэтэл хязгааргүй тэлэлт, иргэдийн боловсролтой холбоотой шийдвэрлэх маш олон асуудал байна. Иймд оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг салбарт хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тэр бүү хэл тусгай зөвшөөрөлтэй байх тухай асуудал ч яригдах ёстой гэсэн саналууд гарлаа.

 

М.ЧИНСАНАА: ШАТ ДАРААТАЙ ЦЭГЦЭЛЖ, НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА

/Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/

 

-Нийслэлийн захирагчийн ажлын албаны төлөвлөгөөнд жин дарж байгаа томоохон төсөл бол Самбалхүндэвийн оршуулгын газрыг өөд болоочдын ар гэрээс зөвшөөрөл авч  нүүлгэх, түүнээс  10 га газрыг нь тохижуулж цэцэрлэгт хүрээлэн болгох ажил юм. Энэ тухай олон жил, үе үеийн удирдлагуудын үед  яригдаж ирсэн ч шийдэгдэж байгаагүй. 2013 оноос хүчтэй яригдсан ч бодитой алхам хийгдээгүй. Энэ удаа Засгийн газар, Нийслэлийн захирагчийн албанаас төсөл, төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа. Цаг үе өөрчлөгдсөн, нийгэм ч хүлээж авах цаг нь болсон. Цаашид энэ ажлыг бодлогын хэмжээнд хэрхэн чиглүлж авч явах вэ гэдэгт оршуулгын зан үйлийн үйлчилгээг гардан гүйцэтгэдэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцлоо. Өнөөдөр нийслэлд үүссэн нөхцөл байдал, хот тэлэлт, 1910-1920 оноос эхлэн үргэлжилж ирсэн болон нөөцгүйн улмаас хаагдсан оршуулгын газруудыг цэгцлэх шаардлагатай. Мөн хүний нүдэнд үзэгдэхгүй, зөвшөөрөлгүй газарт хүн тавьсан явдал ч байдаг.

 

 

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин