Шатахууны үнийг боломжит хэмжээнд тогтоон барих багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарчээ
2022/04/15
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, саяхан болсон жагсаалтай холбоотойгоор 15 багц шаардлага болон бичгээр ирүүлсэн 270 гаруй шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлыг өнөөдөр хэлэлцсэн. Ирүүлсэн шаардлагыг ангилан үзвэл:
- 74 хувь нь үнийн өсөлт
- 15 хувь нь төсвийн үргүй зардлыг хэмнэх
- 12 хувь нь авлига, шударга бусаар байдлыг эсэргүүцэх
- 12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой асуудал байв.
Иргэдийн ирүүлсэн дээрх шаардлагын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой буюу үнийн өсөлттэй холбоотой асуудал байна.
Өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний хуулийг батлан гаргалаа. Ингэснээр хэд хэдэн үр дүн гарна.
Тухайлбал, шатахууны үнийг боломжит хэмжээнд барих эрх зүйн орчин бүрдлээ. Шатахуун нь инфляцад хамгийн их нөлөөлдөг. Энэ багц арга хэмжээнд 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
“Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломж үүснэ гэж үзэж байна.
Тодруулбал, төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна.
Ингэснээр дэлхий дахинд үүссэн улаанбуудайн хомсдолоос урьдчилан сэргийлэх, хаврын тариалалтад анхаарах томоохон дэмжлэгийг төр засгаас ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлэх давуу талтай.
Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар боллоо. Энэ бол түр хугацаанд буюу 2022 он дуустал хэрэгжинэ. Цаашлаад нөхцөл байдлаа харж явах шаардлагатай.
Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих байдлаар Засгийн газар багц арга хэмжээг авна. Харин импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн буюу цагаан будаа элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг тэглэснээр тодорхой хэмжээнд үнийг тогтоон барих боломж үүснэ. Гэхдээ хилийн чанадад энэ бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлээс Засгийн газар урьдчилан сэргийлэх нь хүндрэлтэй.
Мөн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийн НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Украин улс бол ургамлын тосны гол улсуудын нэг. Тиймээс цаашид ургамлын тос хомсдох нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ийнхүү дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төр дэмжих арга хэмжээ авч байна" гэв.
"Төсвийн хэмнэлтийн тухай асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Үүнд төсвөөс цалинждаг бүх байгууллагууд хамрагдана" гэлээ.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байхыг хуулиар зохицуулна.Цагдаа, онцгой, цэрэг зэрэг төрийн тусгай албан хаагчид дүрэмт хувцас өмсөнө. Харин нийгмийн даатгал, гааль зэрэг төрийн албан хаагчид дүрэмт хувцас өмсөхгүй.
Зарим нь төсвөөс гардаг, зарим нь өөрсдийн мөнгөөр авдаг зэрэг асуудал бий. Иймээс хуулийн дагуу цэгцэлнэ" гэлээ.
цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдэлд хүрч, төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргажээ.
"Мөн төсвийн бодлогод тулгуурлан цаашдаа нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжтэй холбоотойгоор төрөөс бодлогоор хөрөнгө оруулалтад онцгой анхаарна. 270 орчим объектын асуудал гарч байгаа. Тиймээс үүнийг хүлээхгүйгээр хувьсах зардлаа хоёр дахин нэмээд явах шийдвэр гаргаж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэрийг Улаанбаатар хот дээр гаргахаар шийдэл ярилаа" хэмээн тэрбээр танилцууллаа.
"Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит компаниудын асуудлыг Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзлээ.
Төсвөөс цалинждаг бол нэгдсэн байдлаар зохицуулалт хийх улс төрийн шийдвэр гаргаж байна. Улмаар дараах асуудлуудыг зохицуулна
Төрийн өмчит компаниудын удирдлагын бүтэц дэх дэд захирал болон шаардлагагүй албан тушаалыг хуулиар хязгаарлаж байна. Төрийн өмчит 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулахаар 34 хувийн IPO гаргах асуудлыг УИХ-д оруулахаар тогтлоо. 10 орчим төрийн өмчит компанийг нэгтгэн, мөн 10 орчмыг нь татан буулгана.
Ингээд төрийн өмчит компанитай холбоотой үйл ажиллагааны нийтлэг журам, орон тоо, ашигтай ажиллаж байна уу гэдгийг Төсвийн хяналтын тухай хуулиар зохицуулна гэсэн үг. Тэгэхээр цаашид хуулийн дагуу аудитын дүгнэлт гаргах боломж бүрдэнэ. Аль нэг институтийн харьяанд байгаагаас үл хамааран нэгдсэн байдлаар зохицуулагдана.
Хот суурин газар тов оврын автомашин хэрэглэхийг хуулиар хязгаарлан. Засгийн газрын авто баазыг төрийн байгууллагынх болгох нэгдсэн зохицуулалт хийгээд орон нутагт явж байгаа машиныг зөвхөн дуудлагаар авна. Цаашлаад төрийн байгууллага таксины үйлчилгээ авах, аль нэг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах замаар төр машинаас татгалзах ажлыг хуулиар зохицуулна.
Шинэ төлөөлөгч хүлээж авахад зардал гаргахгүй байх асуудлыг хуулиар зохицуулна
Чиг үүргийн давхардлыг арилгах чиглэлээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, хэмнэлттэй холбоотой багц асуудлыг уг хуульд тусгана.
10-15 хувийн хэмнэлтийн горим дээр Засгийн газар ажиллаж эхэлнэ. Түүнчлэн гар утасны зардал, шинэ төлөөлөгч хүлээж авахад зардал гаргахгүй байх, бэлэг авах, гадаад, дотоод томилолтод төрийн байгууллагын төлөөллүүд бизнес ангиллаар зорчдог зэрэг асуудлыг хуулиар зохицуулна" гэлээ.