Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна
2 цагийн өмнө
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж буй.
Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж байна. Энэхүү төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй HRB500E маркийн арматурыг ашиглаж байна. Мөн тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи юм. Түүнчлэн өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон. Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул L360M-PSL2 маркийн ган, С30 маркийн суурь бетон, өндөр чанартай HRB500E арматур, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E маркийн арматур нь гангийн өндөр хатуулагтай бөгөөд газар хөдлөлтийн 8 баллын ачаалалд тэсвэртэй гэдгээрээ онцлогтой юм. Дүүжин замын тээвэр нь тог тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах нөөц генератораар тоноглогдсон. Энэхүү систем нь зорчигчдыг аюулгүй буулгах горимтой бөгөөд аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Төслийн барилга угсралтын ажил дууссаны дараа гурван сарын турш туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Энэ үеэр ачааллын туршилт хийхдээ зорчигч тээвэрлэхгүй бөгөөд оронд нь тухайн кабины багтаамжтай дүйцэх жин бүхий ус, шуудайтай элс ашиглана.
“Улаанбаатар кабель кар” төслийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд туршилтын үеэр 850 кг жинтэй элс, усаар орлуулж шат дараалалтайгаар турших юм. Дүүжин замын тээврийн системийг дэлхийн 100 гаруй орон нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай. Улаанбаатар хотод энэхүү орчин үеийн, аюулгүй, байгальд ээлтэй тээврийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Зочин · 1 цагийн өмнө
ANUSDI80955877