Б.Батмөнх: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй
2022/08/16
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ салбарт үйлчилгээ үзүүлэгчид өнгөрсөн зургаадугаар сарын 26-наас ирэх сарын 26-ны өдрийг дуустал гурван сарын хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй юм байна.
Харин дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болох аж. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхөөс тодрууллаа.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хугацаанд ямар, ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хорооноос энэхүү хуулийг хэрэгжүүлэх чиглэлд бүртгэлийн болон үйл ажиллагааны, хяналт шалгалтын гэх мэт холбогдох 10 гаруй харилцааг зохицуулсан журмуудыг боловсруулж баталлаа. Одоогоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан “Шилжилтийн үеийн зохицуулалт” энэ оны зургаадугаар сарын 26-наас есдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хууль хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө үйл ажиллагаа явуулж байсан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /ВХҮҮ/-ийг бүртгэлжүүлэх зорилготой юм. Өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэгдсэн ВХҮҮ байхгүй боловч нийт таван байгууллагаас бүртгүүлэх хүсэлт ирснийг хууль, журамд заасан шаардлагын дагуу хянаж байна.
Нөгөөтэйгүүр шинээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж буй ВХҮҮ-чид дээрх шилжилтийн үеийн зохицуулалтад хамаарахгүй бөгөөд баримт бичгийг зургаан сарын дотор шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
-Хэрэв хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан компаниуд дээрх шилжилтийн үеийн зохицуулалтад багтаж бүртгүүлж чадахгүй бол яах вэ?
-Монгол Улсад албан бус тоогоор 20 гаруй ВХҮҮ-чид ямар нэгэн байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаа явуулж байгаагаа зарласан байсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох уулзалтуудыг хийсэн боловч өдрийн арилжааны хэмжээ, үйлчлүүлэгчдийн бүртгэл зэргээс харвал нийт 8-10 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зарим ВХҮҮ үйл ажиллагаагаа зогсоосон байхыг үгүйсгэхгүй. Иймд шилжилтийн үеийн зохицуулалт хуулиараа гурван сар л үргэлжилнэ гэж тусгасан тул ирэх есдүгээр сарын 26-н хүртэл хууль хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө үйл ажиллагаа явуулж байсан ВХҮҮ-чид амжиж бүртгэлээ заавал хийлгэсэн байх шаардлагатай. Хэрэв бүртгэл хийлгэж амжаагүй бол үйл ажиллагаагаа бүрэн зогсоох нөхцөл байдал үүснэ. Заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй, үйл ажиллагаагаа зогсоогоогүй бол Зөрчлийн тухай хуулиар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураахын зэрэгцээ мөнгөн торгууль ногдуулах нөхцөл байдал үүснэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм.
Магадгүй бүртгэл хийлгээгүй, зөвхөн тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээр бүртгэлтэй койн/токен цаашид арилжаалагдахгүй болох эсвэл арилжаа тодорхойгүй хугацаагаар зогсох эрсдэл үүсч болзошгүй. Энэ тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоох гэж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч дээрх асуудлыг хэрэглэгч нарт урьдчилан мэдэгдэж, зохих арга хэмжээ авах ёстой.
-Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг холбогдох бүртгэлийг хийлгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Хууль батлагдсан өдрөөс хойш Санхүүгийн зохицуулах хороо нийт 20 гаруй удаагийн мэдээ мэдээлэл, анхааруулгыг байгууллагынхаа цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгээсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх хүсэлтээ ирүүлээгүй ВХҮҮ-дэд үүсч болох нөхцөл байдлын талаар анхааруулга хүргүүлж ажиллалаа. ВХҮҮ-чид /license.frc.mn/ цахим хаягаар дамжуулан зайнаас хурдан, шуурхай бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс /51-261674 утсаар/ -ээс ч зөвлөгөө, мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.
-Манайд нэг хэсэг олон төрлийн койн гарч иргэдээс нэлээдгүй хөрөнгө татсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр энэ асуудал хэрхэн зохицуулагдаж байгаа вэ?
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар таван үйл ажиллагааны төрлийг виртуал хөрөнгийн үйлчилгээнд хамаарах талаар тусгасан. Үүний нэг нь виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах буюу хүмүүсийн мэддэгээр олон улсын нэршил нь initial exchange offering (IEO) юм. Өөрөөр хэлбэл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахаас бусад төрлөөр койн шинээр гаргах буюу initial coin offering (ICO) хориотой. Хэрэв энэ зохицуулалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар нэлээд өндөр хэмжээний торгууль хүлээхээр байгаа. Иймээс хэрэв шинээр койн/токен гаргахаар бол дээрх үйл ажиллагааг эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн платформ дээр шинээр койн/токен гаргах боломжтой.
Нөгөөтэйгүүр койн/токен шинээр гарах тохиолдолд олон нийтэд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлт ашиглах, танилцуулга, мэдээлэлдээ худал, иргэдийг төөрөгдүүлсэн, ирээдүйд олох ашиг амлах гэх мэт байдал нь Зар сурталчилгааны тухай хуулиар хориглодог тул ийм зөрчил гаргасан тохиолдолд виртуал хөрөнгө гаргагч, ВХҮҮ хариуцлага хүлээхээр хуульчилсан гэдгийг анхаарах нь зүйтэй юм.
-Сүүлийн саруудад криптовалютын зах зээл нэлээдгүй унасан талаар олон эх сурвалж мэдээлж байна. Манай орны хувьд энэ хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Тиймээ, олон улсад зөвхөн криптовалютын зах зээл уналтад ороод зогсохгүй хөрөнгийн зах зээл мөн адил уналттай байна. Тухайлбал, криптовалютын голлох үзүүлэлт болох биткойны ханш сүүлийн 3 сар 75 хувийн уналт үзүүлсэн байна. Үүнийг дагаад alt coin буюу бусад койн/токены ханш ихээхэн уналт үзүүлээд байгаа. Зах зээлийн энэ уналтаас шалтгаалж олон улсад цөөнгүй ВХҮҮ-чид үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрийг гаргаад байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодын криптовалютын ханш ч анх гарсан үнээсээ нэлээдгүй унасан үзүүлэлттэй байна. Үүнд олон улсын криптовалютын зах зээлийн нөхцөл байдал мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Нөгөө талаас дотоодын криптовалютын ханш унахад эрэлт багасах, зах зээлд олон тооны криптовалют гарах, нэр хүнд унах, блокчейн технологид нэвтрээгүй гэх мэт зүйлс нөлөөлсөн гэж үзэж болно. Учир нь энэ зах зээл харьцангуй шинэ бөгөөд маш эмзэг гэдгийг хөрөнгө оруулагчид анхаарах хэрэгтэй.