Улс төр дэх “гд”

Үйл үгэнд бусдаар эрхэнд үйлдэх хэвийн “гд”-ийг залгахад редакторууд их дургүйсэн. “Зохион байгуулагдаж, хийгдэж, явагдаж” гэж бичихээр “гд”-ийг нь хасчихна. Хүн ухамсар, зорилготойгоор хийж байхад байгалийн давагдашгүй хүч нөлөөлсөн биш дээ, наад “гд”-ээ боль гэж сургана. Эндээс ургуулаад бодоход улс төр дэх “гд”-үүд их байх юм. Өрнөх үйл явдлыг мэдчихээд тэр үйл явдлыг төр, засгаас шаардаж оноо цуглуулдаг нөхөд.

6274af298c8cf.jpg

Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулж өгөөч, УИХ-ын гишүүдийн тоог, давхар дээлтэй сайд нарын тоог нэмж өгөөч гэж Төрийн ордонг мөлхөж тойрсон Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар хэд хоногийн өмнө ээлжит бус чуулган зарлахыг шаардаж суулт хийхээ мэдэгдсэн. Нөхрийг шаардсан, шаардаагүй УИХ-ын Тамгын газар 2022 оны наймдугаар сарын 22-нд ээлжит бус чуулган зарлахаар бэлтгэж, гишүүдэд зар тараачихсан байсан үе. Үнэн ба зөв, ХҮН, С.Эрдэнийн АН ба Дээд шүүхэд бүртгэлтэй бусад хориод нам аль хавар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж МАН-тай тунхаг бичигт гарын үсэг зурцгаасан. Сонгуулийн пропорциональ тогтолцоо ба 120-150 гишүүнтэй болох өөрчлөлт гадаа байгаа намуудын аазгайг хүргэх нь, 2024 онд сонгогдох магадлалаа бодож дэмжих нь тодорхой. Улс төр дэх “гд”-үүд ажил олгогч намын захиалгаар хэрхэн жүжиглэхийг бид энэ хэд хоногт харна.

Үндсэн хуулийн шанаа ба эрх мэдлийн манаа

image_660.jpeg

Цэцийн есөн гишүүнийг Үндсэн хуулийн манаач гэдэг. Үндсэн хуулиа манаад байна уу, Үндсэн хуульдаа шанаа өгөөд байна уу гэсний хариуг судлаачид энэ хэд хоног хангалттай өгөх байх. Ардын намтай арсалдаж байхаар аргыг нь олоод ажил авсан дээр гээд “араа” бодож үгээ залгиж ч магадгүй. Наймдугаар сарын 15-нд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болж, 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг Үндсэн хууль болон түүний үзэл баримтлал, оршил хэсгийг зөрчсөн хэмээн хүчингүй болгов. Давхар дээлэн дээр хязгаарлалт тавих нь зөв, буруугийн тухайд биш Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хянах эрхтэй юу, цаашид хянаж хүчингүй болгож, түдгэлзүүлэх нь зөв юм уу гэсэн маргаан хуульчдын дунд өрнөлөө.

Юуны өмнө Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолоороо өөрийгөө ҮХНӨ-ийг хянах эрхтэй гэсэн жишиг үлдээлээ. Ингэснээр УИХ-ын 2019 оны ҮХНӨ-өөс гадна ирээдүйд УИХ-аас хийх ҮХНӨ-ийг хянана, түдгэлзүүлнэ, хүчингүй болгоно гэж өөрийнхөө эрх хэмжээг тодорхойлсон байна. Иймээс энэ удаагийн намрын чуулганаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийг нарийвчлах шаардлага үүсч байна. ҮХНӨ-ийг хянах эрхтэй, эрхгүйн тухай маргаан үүсгэж байхаар эрхтэй, эрхгүй гэдгийг нь органик болон ердийн хуулиар нэг мөр болгох шаардлага тулгарчээ. Магадгүй тэгж нарийвчлах нь эргээд ҮХЦ-ийн эрх хэмжээг хязгаарлалаа хэмээх Үндсэн хуульд “нийцүүлэн” хүчингүй болгож магадгүй. Тэгэхээр ҮХНӨ-ийг хийх гэж байгаа л бол тэнд цэцийн эрх зүйн байдлын зааг ялгааг нь хийх шаардлага үүсч мэдэх юм.

Засаг, УИХ-ын ажил руу орсон Ерөнхийлөгчийн санаачилга

2019 оны ҮХНӨ-д нийцүүлж 30 гаруй хуулийг шинэчлэх, өөрчлөх шаардлагатай гэсэн жагсаалтад багтсаны нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль. Төслийг нь боловсруулчихсан мөртлөө хэлэлцдэггүй, баталдаггүй. Ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхойлсон энэ төсөл нийтийн хэлэлцүүлэгт ороогүй байтал араас нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох тухай ярьж байна. 2019 оны ҮХНӨ-өөр Ерөнхийлөгчийн томилгооны эрх мэдлийг үлэмж хассан. Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч бол хууль санаачлагч, хориг тавигч, эх орноо гадаад улсад бүрэн төлөөлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, шагнал урамшууллын ATM, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч хэвээр байгаа. Нэгэнт ард түмэнд амлалт өгч, сонгууль хийж гарч ирсэн юм болохоор өмнөхийн адилаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ч санаачилгатай ажиллаж байна.

712-1643183388271382087_606287233768124_347222303058046928_n.jpg

Санаачилга нь ихдээд сайд нарын ажлыг булааж авч хийгээд эхэлсэн. Дахин сонгогдох эрхгүй ч сонгогдох боломж ҮХНӨ-өөр гарахыг үгүйсгэх аргагүй тул санаачилгаа хэр ихдүүлэхийг бас таашгүй. Тэр эхлээд Сангийн сайдын өмнүүр орж тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэл Засгийн газар, УИХ-д өгч нэмүүлсэн. Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өмнүүр орж “Тэрбум мод” хөдөлгөөн зарлаж, бүр Ойн газар хэмээн Засгийн газрын агентлаг байгуулах шийдвэрт шахсан. Удалгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өмнүүр орж Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодоо 100 хувь хангая хэмээх санаачилга гарган УИХ-ын тогтоол гаргуулж, татвар, төсвийн шийдвэр гаргуулсан. Архичдыг архинаас гаргахад зарцуулах ёстой сангийн төсвийг Хууль зүй, дотоод хэргийн яамны урдуур “Архигүй монгол” аянаараа дайрч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсөв руу салаалчихаж байгаа юм. Ажил хийлээ, санаачилга нь ихэдлээ гээд байгаа юм биш УИХ, Засгийн газрын хийх ёстой ажил руу үүрэг, чиглэл нэрээр оролцож, төрийн албан хаагч, төсөв хоёрыг хөлдөө чирэх нь ихдэх гээд байх шиг. Сануулахад УИХ, Засгийн газрын ажил руу хөндлөнгөөс оролцож, эрх мэдэл булаацалдаж өөрийн улстөрийг хийдэг явдлыг болиулах гэж 2019 онд ҮХНӨ-ийг хийсэн.

Ажил нь урагшилдаггүй сайд нараасаа салах сайхан шалтаг

УИХ-ын 1 гишүүн хууль тогтоогчийн хувиар чуулганы хурлаасаа гадна 3 байнгын хороо, нэмээд дэд хороо, түр хороо, ажлын хэсэгт хуваарилагдаж улс даяар үйлчлэх хууль баталдаг. Хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй хэдийг эс тооцвол хуулийн төсөл дээр нухацтай суудаг хэсгийнх нь ажил амждаггүй юм билээ. Эндээс чанаргүй хууль гарах, аль нэг улс төр, бизнесийн бүлгийн шахааны хууль төрөх магадлал ихэсдэг. Анх 2 сая иргэнтэй байхад 76 гишүүн хангалттай гэж тогтоосныг 3.3 сая иргэнтэй болсон өнөөгийн нөхцөлд судлаачдын санал болгож байгаагаар 120-150 болгож нэмэхэд УИХ-ын гишүүдийн ачаалал багасч, хууль тогтоомжийн төсөл дээр төвлөрч суух боломж нь нэмэгдэнэ гэж яриад байна. Бас 120-150 хүнтэй нэг бүрчлэн тулж, хайрцаглаж бодлогын шийдвэр, хууль захиалах магадлал багасах сайн талтай гэж байгаа юм.

08.jpg

Харин 120-150 гишүүнтэй парламенттай болсон нөхцөлд УИХ-ын гадна үлддэг улс төрийн лидерүүдийн сонгогдох боломж ихэснэ. Тэдгээрээс салбар удирдуулъя гэхэд Ерөнхий сайдад 4-хөнийг нь Засгийн газартаа ажиллуулах квотын хязгаар ҮХНӨ-өөр байсан. Сая Цэцийн 02 дугаар тогтоолоор давхар дээлний хязгаарыг хүчингүй болгосон нь УИХ-ын гишүүдийн дараа нэмэх үед шаардлагатай л байсан зохицуулалт. Харин Засгийн газраа 100 хувь УИХ-аас бүрдүүлэх үү, үндсэн чиглэлийн яамдууд болон Шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлэх түшиц яамдаа хүчтэйхэн УИХ-ын гишүүдээр толгойлуулах уу гэдэг нь Ерөнхий сайдын мэдэх хэрэг болж байна. Олон нийт болон судлаачид хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын харилцан хяналт, тэнцвэрийн баланс холдож болохгүйг сануулсаар буй.

Г.Улсболд

www.Time.mn